Д.Ганбат: Хятадын хөгжлийн банкнаас зээл авна
Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр урт төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” (МТЗ) компани эзэмшихээр болсон. Уг төмөр замыг Хятадын төрийн өмчит “Shenhua” компанитай хамтран барихаар болсон байна. Энэ талаар “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай ярилцлаа.
-“Монголын төмөр зам” ТӨХК Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр урт төмөр замын 51 хувийг эзэмшинэ гэсэн мэдээлэл гарч байна. Өмнө нь “Mongolian mining corporation” (MMC)-ий түншлэл хэлэлцээрт орж байхдаа 30 жилийн дараа 51 хувийг нь төрд өгнө гэж ярьсан шүү дээ?
-Төмөр замыг MMC-ий түншлэл барихдаа хөрөнгөө 100 хувь гаргаж бариад, 30 жилийн дараа төрд 51 хувийг эзэмшүүлэх санал тавьсан юм. Тухайн үед УИХ-аас дэмжлэг авч чадаагүй. Улмаар энэ асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг томилсон. Тэд түншлэлтэй байгуулсан гэрээ манай талд хохиролтой байна гэж үзсэн юм.
Тиймээс гэрээний нөхцөлийг сайжруулах үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Үүний дагуу Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Таван толгойн төслийн Ажлын хэсгийг өөрчилсөн. Өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэг гэрээний нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна.
Тээвэрлэлтийн орлогоосоо эргүүлээд зээлээ төлнө
Өмнө нь түншлэлтэй байгуулсан гэрээний дагуу манай “Energy resources”, Хятадын “Shenhua”, Японы “Sumitomo” гэсэн гурван компани хамтарч төмөр зам тавих байлаа. Өдгөө “Монголын төмөр зам” компани зөвхөн БНХАУ-ын “Shenhua”-тай хамтарч төмөр зам тавихаар болсон. Хамгийн гол нь, манай дотоодын, хувийн хэвшлийн “Energy resources” компани санхүүгийн хувьд таагүй нөхцөлд байгаа. Харин “Shenhua” бол БНХАУ-ын төрийн өмчит компани шүү дээ.
“Shenhua” компанийн зүгээс анхны байр сууриа хадгалах сонирхолтой байж магадгүй. Гэхдээ бид хэлэлцээрийн ширээний ард суухдаа “Монголын төмөр зам” компани анхнаасаа төмөр замын 51 хувийг эзэмшинэ гэж ярина. 30 жилийн дараа 51 хувиа авна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Замаа бариад дуусах үед тээвэрлэлт хийж эхэлнэ. Энэ үеэс л “Монголын төмөр зам” компани ашгаа шууд авч эхэлнэ шүү дээ.
-Зөвхөн “Shenhua”-тай хамтрах нь тодорхой болсон гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Тэд 49 хувиа эзэмшинэ.
-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Санхүүжилтийг ярихаас өмнө бэлэн болсон ажлуудаа дурдах хэрэгтэй байх. Манай компани төмөр замын суурь бүтэц буюу далангаа босгосон. Ажлын явц нь 86.6 хувьтай байна. Нийт замын хувьд аваад үзвэл 51 хувьтай буюу тал ажлаа хийчихсэн гэсэн үг. Нийт зам гэдэгт цахилгаан хангамж, өртөө зөрлөг, ажиллагсдын орон сууц зэрэг багтдаг.
Мөн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж буй компанийн удирдлагын зардал гэж бий. Ухаахудагаас-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын трассын газрыг 60 жилийн хугацаатай манайд олгосон. Үүнийгээ үнэлүүлнэ.
-Трассын газар гэдэг нь юу билээ?
-Төмөр замын хоёр талаар орших газрыг хэлдэг. Нэлээд олон мянган ам километр газар бий. Үүнийгээ бид үнэлүүлнэ. Үүнийг эзэмшлийн 51 хувьдаа оруулах учиртай. Мөн төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг манай “Монголын төмөр зам” компани эзэмшдэг. Үүнийг ч үнэлүүлнэ. Энэ мэтээр үнэлүүлж болох бүх юмаа үнэлээд нийт өртгөөсөө хасах юм. Үндсэндээ энэхүү төсөл 1.2 тэрбум ам.доллараар босох урьдчилсан тооцоо гараад байна.
-1.2 тэрбум ам.доллар гэдэг нь эцэслэн шийдсэн тооцоо мөн үү?
-Үгүй. Хөдлөх тоо гэдгийг сануулъя. Учир нь манай талаас хийсэн л тооцоолол шүү дээ. Шуудхан энэ дүнгээр “Shenhua” компани хөрөнгө оруулалт хийхгүй. Хөндлөнгийн аудит оруулаад, аудитын дүгнэлтээр хөрөнгө оруулах юм.
Тухайлбал, дээрх 1.2 тэрбум ам.доллараас энэхүү 267 километр үргэлжлэх төмөр замтай холбоогүй бусад зардлыг хасах учиртай. Зүүн тийшээ тавих төмөр замын ТЭЗҮ-ийн зардлыг хасна. Зөвхөн Ухаахудагаас-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд л “Shenhua” компани хөрөнгө оруулна.
Тэд дээрх 267 километр зам тавихад манай талаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг аудитын тусламжтайгаар яг таг мэдэж авна. Энэ дүнтэй дүйцүүлэх 49 хувийнхаа хөрөнгийг “Shenhua” бэлэн мөнгөөр аваад ирэх ёстой. Манай талаас гаргачихсан байгаа хөрөнгө оруулалт болоод “Shenhua”-гаас өгөх дээр дурдсан бэлэн мөнгийг нийлүүлж тооцно. Ингээд энэ нийлбэр дүнг нийт 1.2 тэрбум ам.доллараас хасахад үлдэгдэл хөрөнгө оруулалтын дүн гарч ирнэ шүү дээ. Энэхүү мөнгийг зээлнэ гэж ойлгох хэрэгтэй. “Монголын төмөр зам” болон “Shenhua”-гийн хамтарч байгуулах компанийн нэр дээр зээл авна.
Нүүрс байнга үнэтэй байхгүй учраас бид төмөр замыг 100 хувь эзэмших нь эрсдэлтэй
-Бид дахиад л зээл төлж эхлэх нь ээ?
-Тэгнэ шүү дээ. Тээвэрлэлтийн орлогоосоо эргүүлээд бага багаар төлөх учиртай.
-Зээлээ хаанаас авахаар ярьж байгаа вэ?
-“Shenhua” компани Хятадын хөгжлийн банкнаас зээл авна. Бид өөрийнхөө 51 хувьд ногдох хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хийнэ.
-Ер нь хэдий хугацааны дараа энэхүү хөрөнгө оруулалт манай зах зээлд орж ирэх вэ?
-Бид аль болох хурдлуулах талаас нь арга хэмжээ авна. Хугацааг нь нарийн заасан гэрээний заалтууд ч орох учиртай.
-Одоогийн байдлаар манай талаас уг төмөр замд хэдэн төгрөгийн санхүүжилт хийгээд байна вэ?
-Ойролцоогоор 220 сая ам.долларын санхүүжилтийг “Чингис” бондоос авсан. Гэхдээ 220 сая ам.доллараар зөвхөн далан бариагүй шүү дээ. Эрэл хайгуул, зураг төсөл, орчны үнэлгээ гээд маш их ажил бий. Бүгдийг нь хийсэн. Мөн Таван толгойгоос зүүн зүгт Сайншанд-Чойбалсан-Эрээнцав, урагшаа Хөөт-Бичигтийн чиглэлийн замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Нэг хэсэг хөрөнгөөр даланг босгосон. Зөвхөн Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн замын хөрөнгө оруулалтын дүн арай өөр дүнтэй гарах байх.
-“Samsung C&T” компани далангийн ажлыг хийж гүйцэтгэсэн шүү дээ. Сүүлийн үед далангийн ажлыг хийсэн компанийг & тэмдэгтгүй буюу “Samsung”-ийн охин компани биш гэх яриа гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, туршлагагүй компани гэсэн мэдээлэл тархаж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юү?
-Энэ төслийг хариуцаж хийхээр Монголд байгуулсан “Samsung”-ийн охин компани гэдэг нь баталгаатай.
-Эргээд төмөр замынхаа ярианд оръё. УИХ-ын дарга З.Энхболд энэхүү чиглэлийн төмөр замыг “Монголын төмөр зам” 100 хувь эзэмших хэрэгтэй гэж үзсэн. Яагаад 51 хувь болтлоо буурсан юм бол?
-Бид эрсдэлээ тооцох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Гурваас дөрвөн жилийн өмнөх шиг нүүрс байнга үнэтэй байхгүй шүү дээ. Үнэ буурах эрсдэл заавал үүснэ. Тиймээс 100 хувь бид эзэмшихээр эрсдэл ихтэй байгаа юм.
-Хувийн төмөр замаар нүүрс тээвэрлэхэд тариф өндөр тогтоно гэж эмээж байсан. Одоо яах юм бол. Төр эзэмшиж байгаа учраас ийм хүндрэл гарахгүй гэсэн үг үү. Бид зээл тавьж төмөр замаа барих учраас зээлийн өртгийг нөхөхүйц тариф тогтооно биз дээ?
-Төмөр зам барьсны дараа тээврийн тариф тогтооно. Гэхдээ дээр ярьсан өндөр тарифаас гадна монополь болох эрсдэл байгааг мартаж болохгүй. “Energy resources” зөвхөн Ухаахудагийн ордыг эзэмшдэг. Тэгтэл “Shenhua” Зүүн Цанхийг эзэмшиж байна. Баруун Цанхи гэж бий. Мөн орон нутгийн Таван толгой ч байгаа. Энэ бүх ордоос нүүрс зөөнө гэсэн үг.
Хэрэв нэг компани төмөр замыг дангаараа эзэмшвэл эхний ээлжид өөрийнхөө нүүрсийг л тээвэрлэнэ. Дараагийн ээлжид бусад компанид ашиглуулна. Тэгэхээр монополь болох гээд байгаа юм. Энэ төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг ч зөөх боломж бий.
Э.ХУЛАН
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
URL: