ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү өнөөдөр хар тамхины хэргээр шүүгдэнэ
ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 08.30 цагаас шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /192.1/, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /188.2/ гэж заажээ. Б.Бадралын өмгөөлөгчөөр О.Батжаргал, Н.Орхон нар оролцоно.
Болсон хэрэг явдлыг сануулбал, Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодисыг хилээр оруулахыг завдсан аж. Түүнийг байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.
Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Б.Бадрал нь гадуур батлан даалтад гаран шалгагдаж байсан юм байна. Ийнхүү хоёр жил шалгагдсаны эцэст өнөөдөр шүүгдэхээр болоод байна.
Б.Чимэг
URL: