ОХУ найтаахад Монгол ханиадагийг БОЛИУЛАХ БОЛОМЖ БИЙ

Монгол улсын хувьд 100 хувь гаднаас хамааралтай байдаг салбар бол газрын тос. ОХУ найтаахад Монгол ханиана гэдэг үг энэ салбарын хувьд илүү ойрхон сонсогддог. Уг нь ОХУ найтаахад Монгол ханиадагийг болих боломж, гарц бидэнд байгаа. Өнгөрсөн хавар дизель, цаашлаад АИ-92 хомсдоход газрын тосны үйлдвэр барих асуудал нэлээд эрчимтэй яригдаж байсан. Харин одоо аюул ард хоцорсон гэсэн шиг таг чиг. Уг нь тайвширч суух цаг биш гэдгийг хаана хаанаа ойлгох учиртай. Хаана ямар үйлдвэр барих вэ, аль төслийг дэмжих вэ гэдгээ эхлээд тогтмоор санагдаж байна. Гэтэл одоогоор шийдвэр гаргах төвшинд тодорхой зүйл яригдаагүй байгаа. Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Л.Сүхбуян саяхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хаана ямар үйлдвэр яаж байгуулах вэ гэсэн тооцоо судалгаагаа үндэслэлтэй гаргах ёстой. Газрын тосны нөөц манай улсыг 100 хувь хангах нь тогтоогдоог үй байгаа. Тогтоогдоогүй гээд боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярихгүй гэсэн юм биш. Түүхий тосны хангамжаас шалтгаалж боловсруулах үйлдвэрийн технологийн сонголт, хүчин чадлын хэмжээг тогтоодог л доо. Өнөөгийн түүхий тосны хангамж дээр үндэслэж компаниуд боловсруулах үйлдвэр байгуулах саналаа илэрхийлж бай-на. Ер нь нийт зах зээлийнхээ хангамжийн найдвартай байдлыг хангасан төрийн бодлогыг гаргаж тавих ёстой. Түүнд нь нийцсэн үйлдвэр барих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Түүнийхээр жилдээ нэг сая тонн түүхий тос боловсруулах чадвартай үйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм билээ.

Газрын тосны үйлдвэр байгуулах ажил намрын чуулганы үеэр мэдрэгдэхүйц хөндөгдөх байх. Сонгуулийн хууль, Ашигт малтмалын хууль, Тавантолгойн гэрээ зэрэг нийгмийн сонирхлын төвд байгаа асуудлуудын тоосонд дарахгүйгээр хэлэлцэх ёстой асуудал бол яах аргагүй Газрын тосны үйлдвэр байгуулах шийдэл. Газрын тосны үнэ дагасан хөөрөгдөл нийгэмд хэрхэн нөлөөлдөгийг өнгөрсөн хавраас хойш багагүй мэдэрсэн. Саяхан л гэхэд шатахуун импортлогчид ямар ч шалтгаанг үйгээр үнээ 100 төгрөгөөр өсгөхөд таксины үнэ 700-д хүрч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байх жишээтэй. Инфляцийн хөөрөгдөлд нөлөө үзүүлдэг томоохон хүчин зүйлийн нэг бол нефтийн үнийн тогтворгүй байдал. Ерөнхийлөгч нь хүртэл ОХУд айлчлахдаа газрын тосны талаар зөөлөн дуугарч байсан тэр өдрүүдийг марталгүйгээр үйлдвэр барих асуудлаа шийдмээр байна, шийдвэр гаргагчид аа.


URL:

Сэтгэгдэл бичих