“Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна
Энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой тохиож байна. “Нийслэлийн өдөр”-ийг нийслэлийн иргэдэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, залуучууд, хүүхэд багачуудад нийслэлийнхээ түүхээр бахархах, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн гэдгийг зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээллээ.
Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг харуулсан Шинэчлэлийн ном, өөрийн амьдарч буй орон сууц, гудамжаа цэвэр тохилог байлгах, хайрлах, хамгаалах зорилготой “Хотын гудамж-Миний нутаг” зэрэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулна. Мөн Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудад нийслэлийн тугийг мандуулах, Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий Ширээт цагаан нуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортын секц, дугуйлан, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг сурталчилсан Спортлог Улаанбаатар, дартсын тэмцээн, Эрдэм шинжилгээний бага хурал, Нийслэлийн өөрчлөлт-Миний дуранд гэрэл зургийн уралдаанаас шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Номин холдинг группээс Хотын захиргаанд “Нийслэлийн өдөр”-ийн парадыг өөрсдийн хөрөнгөөр зохион байгуулах санал тавьсан байна. Уг саналын дагуу Их хотын парадыг Номин холдинг группын дэмжлэгтэйгэр зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Нийслэлийн Засаг дарга “Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад томоохон аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг авах нь зөв. Цаашид ч нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулахад хувийн хэвшлийнхэнтэй хамтарч төсвөө хэмнэх шаардлагатай” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн 376 жилийн ойн баярыг тэмдэглэн өнөгрүүлэх хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: