Эндээс л битгий байр аваарай

“Их-Өвөр” компанийн булхай эхнээсээ цухалзаж, иргэдийг залилсан нь ил болсон тухай бид өмнө мэдээлсэн.  Гэтэл тэд иргэдийг одоо ч залилсаар байгаа тухай гомдол манай сонинд ирсэн юм. Дээрх компанийн бариулсан “Сансар” хотхон нь баригдсан цагаасаа л эхлэн хэл ам дагуулсаар иржээ. Тус хотхоны 54 дүгээр байрны оршин суугч Э.Төгсөөгийнх байр худалдаж аваад хоёр cap гаруй хугацаа болж байгаа аж. Энэ хугацаанд тус байртай холбоотой мөн ч олон асуудал өрнөсөн байх юм. Өмнөх дугаарт уг байрыг бид “Хоршоолол” хотхон хэмээн мэдээлж байсан.  Гэтэл Э.Төгсөөгийн байрны ордерт “Сансар” хотхон гэсэн нэрээр гарсан байх юм. Тэгэхээр, байрны ордерийг гаргахдаа хоёр өөр нэрээр гаргасан нь ч ил болж байгаа юм. Уг байрыг борлуулж эхлэх үед гадаадад амьдардаг иргэд ар гэрийнхнээрээ дамжуулан, тус хотхоноос байр худалдаж авахаар захиалга өгчээ. Тэд урьдчилгаа мөнгөө төлсөн учир нутагтаа очоод шинэхэн байранд орно хэмээн итгэл төгс ирсэн нь мэдээж. Гэтэл тэднийг ирэх хооронд байрны захиалга авч байсан н.Амараа гэгч эмэгтэй эгчтэйгээ хамтран захиалга авсан байраа өөр хүмүүст түрээсэлж байсан байх юм. Ингээд захиалга өгсөн жинхэнэ эзэд нь ирснээр ёстой л гурвалжин, дөрвөлжин хэрүүл дэгдэх нь тэр. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур эгч, дүүсийн хийсэн ажлыг удирдлагууд нь олж мэдсэнээр их хэмжээний мөнгөний асуудал үүсч, шүүх цагдаадаа хүртэл тулжээ. Үүнээс үүдэн маргаан даамжирсаар н.Амараагийн эгч амиа хорлоход хүрсэн байх юм. Харин н.Амараа гэгч нь өнөөдөр торны цаана сууж байгаа аж.  Уг байранд 2010 оны долдугаар сарын 9-нд улсын комиссын шалгалт орж, улмаар хүн амьдрах боломжгүй хэмээн хүлээж аваагүй байна. Шалгалтын багийнхан илэрсэн зөрчил дутагдлыг арилгасны дараа тус байрыг хүлээж авахаа мэдэгдсэн ч барилгын эздэд энэ нь тийм ч том асуудал биш байсан бололтой. Дур мэдэн хуурамчаар ордер үйлдэн, дараа жилээс нь эхлэн байраа худалдаалж эхэлжээ. Бас болоогүй ээ, энэ хугацаанд хуурамч ордер гаргах хүртлээ байраа түрээслэн хөөрхөн хөлжөөд авсан “ч гэх.  Э.Төгсөөгийнх анх байр худалдан авахдаа нарийн ширийнийг төдийлөн анзаараагүй байна. Бараг л борлуулагдаад дуусчихсан, хотын төвд ойр, зах зээлийн үнээс өртөг хямд гээд уг байрыг худалдаж авах шалтгаан мундахгүй олон байсан учир итгэж найдаад л авсан бололтой. Түүний хэлж буйгаар айл болгонд байдаг асуудал нь метр квадратын зөрүү гэнэ.  Үүнээс гадна байрны мөнгө гэж үндэслэлгүйгээр cap бүр их хэмжээний мөнгийг иргэдээс татдаг байна. Тухайлбал, цахилгаан шат байхгүй атлаа cap бүр хоёр мянган төгрөг хураадаг гэнэ. Мөн гаднаа манаачгүй атлаа зуны цагт гурван мянга, харин өвөл болохоор бүр есөн мянган төгрөг татдаг байн ус байнга тасрах, гэрэлгүй байх, тагтнаас дусаал дусах нь ердийн үзэгдэл болсон гэх. Цаашлаад Э.Төгсөөгийн нэг өрөө байрны сарын төлбөр тогтмол 70-80 мянган төгрөг гардаг байна.  Гэтэл хотын төвд тооцогддог 3,4 дүгээр хороололд нэг өрөө байрны сарын төлбөр 20-30 мянган төгрөг гардаг байх жишээтэй. Нэг хачирхалтай асуудлыг иргэд ярьж байгаа нь хоёр орцтой нэг байрыг хуваагаад 53,54 гэж хоёр байр бий болгожээ. Мөн дээрээс нь тус байрны гарааш ашиглалтад ороогүй атал машингүй айлаас хүртэл тогтмол мөнгө авдаг байх юм. За тэгээд орчин тойрны бохирдлыг цэвэрлэдэггүй гээд тоочоод байвал иргэдийн гомдлыг дурдах зай талбай хүрэлцэхгүй нь бололтой. Энэ бүх асуудлыг иргэд холбогдох хүмүүст нь тавьдаг ч хүлээж авдаггүйгээр үл барам “Нэгэнт орчихоод битгий олон юм яриад бай” гэдэг байна. Нээрээ л нэгэнт өөрсдөө сонгож авчихаад буруугаа хэнд нялзаана гэх билээ.  Гэхдээ л энэ олон хүмүүсийн сэтгэлзүйгээр тоглож, хуурамч тоглоомондоо татан оролцуулсан н.Должин болоод түүний нөхөр н.Чинбат нар энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой юу гэвэл мэдээж тийм. Оршин суугчдын хэлж буйгаар дээрх байранд амьдарч буй айлуудын 80-90 вь нь түрээслэгчид байдаг. Тиймээс шинээр байр худалдаж авахаар зэхэж байгаа бол “Эндээс л битгий байр аваарай” хэмээн хаширсан хүмүүс сануулж буйг дуулгая.  М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих