Эдийн засгаа цахимаар дэмжих үү

Шинэ зуунд бүх зүйл цахим руу шилжиж байна.

Мэдээ, мэдээллийн хурд минут, секундээр хэмжигдэж байх жишээтэй. Өнөөдөр шинэ авсан компьютер маргааш хоцрогдож байна гэхэд ер нь хилсдэхгүй аж.

Амьдралыг интернэтгүйгээр, цахим технологи, компьютер, гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Хүмүүс бүх өдөр тутмын ажил, амьдралаа компьютер, гар утас, интернэтээр амжуулж байна. Үргэлж бичиг цаас барин зогсч, урт оочер дараа үүсгэдэг цаг өнгөрсөн. Ялангуяа барууны өндөр хөгжсөн орнуудад шүү дээ.

Интернэт рүү ороод нисэх онгоцны тийз, визний материал, сургуульд элсэх өргөдөл, сургалтын   төлбөр гээд бүхнийг шийдчихэж болж байна. Харамсалтай нь манай улсад яг ийм цахим технологи хараахан өдөр тутмын хэрэглээ болоогүй байна л даа.

Эдийн засгийнхаа хөгжлийг цахимаар дэмжих үү гэж энэхүү нийтлэлээ нэрлэсний учир ердөө энд байгаа юм. Ер нь бодит эдийн засгийн хөгжлийг хэн бий болгодог вэ гэдгээс эхлэн тайлбарлая.

Товчхондоо бол аж ахуйн нэгж, компаниуд. Тэд улсад татвараа өгч, басхүү хүмүүсийг ажилтай болгож байна. Ингэснээрээ эдийн засгийн хөгжлийг бий болгож байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийг цахимаар дэмжинэ гэдэг чухамдаа тэрхүү аж ахуйн нэгжүүдийг л дэмжих хэлбэр гэж ойлгож байна.

Яг өнөөгийн нөхцөлд Монгол Улс хувийн аж ахуйн нэгжүүдээ цахимаар битгий хэл цаасаар ч дэмжиж хараахан чадахгүй байх шиг. Компаниудын эзэд цуглахаараа хууль эрх зүйн орчин, дэмжлэг муу байна гэж үргэлж гомдоллодог шүү дээ.

Компаниудыг дэмжинэ гэхээр мөнгө өгнө гэсэн үг биш. Тэдэнд хууль эрх, зүй, татварын орчны дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа татвар. Хувийн байгууллагууд татвараа өгч, улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг учраас энэ төрлийн үйлчилгээ, хууль эрх зүйн орчин хамгийн ойлгомжтой энгийн байх учиртай.

Саяхныг болтол татварын байгууллага хүнд сурталтай, чирэгдэлтэй, авлигатай гэх шүүмжлэл өрнөдөг байлаа. Татварын байгууллагын гадаа тайлангаа өгөх гэсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын урт дараалал үүсдэг байсан. Тийм болохоор магадгүй аж ахуй нэгж, байгууллагууд татвараас зайлсхийж, хуурамч тайлан бүрдүүлдэг байсан биз ээ.

Ядаж л ганц компанийн нэр бүртгүүлж, тамга, тэмдгээ авах гэж хэчнээн юм болдог билээ дээ. Энэ бүх хүнд суртал, чирэгдэл эцсийн дүндээ авлигыг өөгшүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм. Харин татварын байгууллага энэхүү дутагдалтай талыг анзаарч, бүх үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэхээр зорьж байна гэх таатай мэдээлэл дуулдлаа.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн татварын тайланг цахимаар хүлээж авч байгаа гэнэ. Аж ахуйн нэгжүүд татварын байгууллагын гадаа тайлангаа өгөх гэж урт дараалал үүсгэдэг, удаан хүлээдэг цаг өнгөрч байгаа бололтой.

Санхүүжилтийн асуудал ч үндсэндээ шийдэгдсэн гэж байна. Өнгөрсөн зургадугаар сард татварын байгууллага Дэлхийн банктай хамтран цахим системийг нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн банк цахимыг үргэлж дэмжихээ илэрхийлж, татварын албатай хамтран ажиллахаар болсон юм байна.

Төлөвлөгөөний дагуу 2013 онд татварын байгууллага 100 хувь цахимд шилжихээр төлөвлөж байгааг албаны эх сурвалжууд дуулгаж байгаа. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цахим ертөнцөөр дэмжиж эхэлсэн гэсэн үг.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэдэг эдийн засгийн хөгжлөө дэмжиж байгаа хэрэг. Ямар ч байсан татварын байгууллага цахимд шилжиж эхэлжээ. Хэрэгжиж чадвал сайхан л байна. Аливаа шинэ зүйлийг хийхэд тийм ч амар биш. Татварын байгууллага цахимд шилжихэд багагүй хүндрэл учирч байгаа гэнэ. Хамгийн түрүүнд хууль, эрх зүйн зохицуулалт.

Одоохондоо аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар өгч байгаа ч баталгаажуулахын тулд заавал татварын албан дээр ирж гарын үсгээ зурж байгаа гэнэ. Хэрвээ Цахим гарын үсгийн тухай хуулийг баталчихвал энэ хүндрэл арилах юм гэсэн.

Тус хуулийн төсөл нь УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж буй билээ. Нөгөөтэйгүүр татварын байцаагчид, аймаг, дүүргийн хэлтсийн ажилтнууд цахим орчинд дасч ажиллах асуудал байна. Шинэ программ дээр ажиллахаас эхлээд асуудал бий. Энэ чиглэлээр татварын албан хаагчдад сургалт зохион байгуулж буй гэсэн.

Гэхдээ үүнээс гадна хамгийн том асуудал цахим орчны аюулгүй байдал, хамгаалалт. Хэрвээ цахим мэдээллийн сан руу хэн нэгэн нь халдвал яах вэ. Энэ тохиолдолд хамгаалалтын найдвартай систем хэрэгтэй.

Энэ мэтээр асуудал байна гээд хойш суугаад байвал ямар ч ажил урагшлахгүй л дээ. Гэхдээ Татварын байгууллага тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг үл харгалзан том зорилт тавьжээ. Цаашлаад төрийн байгууллагууд бүгд цахим руу шилжчихвэл Монгол Улсын хөгжил ч “гэрлийн хурд”-аар урагшилна даа.

Хүнд суртал, чирэгдэл, хүлээлтгүй болчихвол нийгмийн бухимдал, замын түгжрэл ч багасах нь дамжиггүй. Хүмүүс ажлаа амжуулах гэж машинаар ийш тийшээ явж, сигналдахаа болино гэсэн үг. Эдийн засгийг цахимаар дэмжихийн учир энэ шүү дээ. Татварын байгууллага хамгийн түрүүнд энэ чиглэлд ажиллаж эхэлсэнд бизнесмэнүүд ихэд талархалтай байгаагаа дуулгаж байна лээ.

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих