Анхны хайр яагаад хүчтэй байдаг вэ?


Бүхий л цаг үеийн туршид хүн төрөлхтөн анхны хайрыг магтан дуулж, анхны хайр гэдэг үг араасаа үргэлж гэгээн дурсамж, гэнэн залуу насыг санагдуулдаг нь юуных вэ? Анхны хайраас хожим учирсан хайр амьдрал болох нь элбэг байдаг. Тиймдээ ч анхны хайр бүтдэггүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл.

Анхны хайр бүхэн бүтэхгүй байх албагүй ч гэсэн ихэнх тохиолдолд дурсамж болон үлддэг учраас л тэр байх. Тэгвэл анхны хайр яагаад тийм их хүчтэй байдаг юм бол? Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

Туршлагагүй мэдрэмжүүд

Хэн нэгэн чамд таалагдах, хэн нэгнийг жинхэнээсээ хайрлах хоёрын хоорондох ялгааг чи энэ үед л ойлгож эхэлнэ. Бүх зүйлээ зориулчихмаар юм шиг санагдаж, өөрийгөө удирдаж чадахааргүй болсон үедээ л чи жинхэнээсээ хайрлаж эхэлсэн байдаг. Урьд нь хэзээ ч авч байгаагүй энэ туршлагагүй мэдрэмжүүд л анхны хайрыг хүчтэй болгодог юм даа.

Үүрдийн дурсамжууд

Ганцхан анхны хайр ч биш анхны бүх зүйл дурсамж болон үлддэг нь хууль. Анхны хичээл, анхны ажил, анхны хүүхэд, анхны хайр гээд л. Анхны хайраас чинь хэд дахин гайхамшигтай залуу гарч ирсэн тэр байсаар л байх болно. Энэ чиний зүрхэнд яг л цоожтой авдар мэт хадгалагдаж, төрсөн охиноо болзоонд явах гээд догдлохыг нь харах бүртээ чи анхны болзоогоо санаж байх болно.

Анхны хайртай ижилхэн юу ч байдаггүй

Цор ганц гэсэн харъяалалд өөрөө орчихдог учраас л анхны хайр хамгийн онцгой нь байдаг юм. Мэдээж үүнийг дагаад цор ганц үнсэлт, цор ганц хаялт, цор ганц зүрхний шарх гээд л. Дараа дараагийн халуухан дурлалууд нэг л хэвийн юм шиг санагдаж магадгүй. Учир нь хоёр дахь гэж байдаггүй. Хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх бол бүгд л ижилхэн гэсэн үг.

Хэмжүүрийг бий болгодог

Анхны харилцаа дараа дараагийн харилцааны хэмжүүрийг бий болгодог. Урьд нь үерхэж байсан залуугаасаа ямар нэг шинжээрээ заавал илүү байлгахыг хүсэж эхэлдэг нь нууц биш. Эхнийхээсээ давуу талтай хүнийг л сонгохгүй бол анхны хайраа алдсаны үр дүн нь гарч ирэхгүй. Нөгөө талаар анхны хайр маш их сэтгэл хөдлөлийг бий болгож, дурсамж ихээр үлдээсэн байдаг учраас түүнийг давах галзуу хайр дурлал л эрчийг нь бууруулдаг.

Тэр үргэлж “сонин” 

Хэдийгээр салсан ч гэсэн анхны хайрын чинь амьдрал чамд хамгийн сонирхолтой зүйл. Түүний фейсбүүкийг үзэж, одоо үерхэж байгаа охиныг харахад сэтгэлд чинь нэг л хөндүүр, гэгээлэг мэдрэмж төрнө. Мэдээж анхны бүхэн зүрхэнд үнэ цэнэтэй оршдог учраас л тэр.

Анхны салалт

“Зөвхөн хайрлуулж явсан намайг
Зөвхөн хаяж явсан намайг
Ингээд л орхичихож болно гэж үү” гэж яруу найрагч Л.Өлзийтөгс найрагч уулга алдсан байдаг. Анхны хайртай хамт анхны салалт ч ирдэг учраас хэзээ ч мартагддаггүй. Мэдээж бүхий л зүйлийг сайхнаар төсөөлж байсан учраас энэ салалт чамд хүндээр туссан байгаа. Дараа дараагийн үерхэлүүд бол харьцангуй болгоомжлол, сэтгэлийн бэлтгэлээр хангагдсан байдаг учраас анхных шиг хүнд тусдаггүй.


URL:

Сэтгэгдэл бичих