Алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Дэмжлэг үзүүлэх тушаалыг ойрын өдрүүдэд гаргахаар болсон гэж Уул уурхайн сайд мэдээллээ. Засгийн газар нэг жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй 256 тэрбум төгрөг хүртэлх зээлийг арилжааны банкуудаар дамжуулан алт олборлогчдод олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Харин “Уул уурхайн ассоциаци”-ийн зүгээс алт олборлолтын идэвхтэй улирал дуусч байгааг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн дэмжлэг энэ ондоо зорилтод нөлөөгөө үзүүлэх боломж хумигдаж байгаа юм.

Энэ онд нийт 10 тонн алт олборлохоор төлөвлөөд байгаа бол оны эхний найман сарын дүнгээр нийт 7.3 тонн алт дотоодод үйлдвэрлэсэн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд Монголбанкинд алт тушаасан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарснаар алт тушаалт нэмэгдэж тодорхой хэмжээгээр валютын нөөцийг нэмэгдүүлж чадсан болохыг салбарын яамнаас онцолсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих