Н.Энхбаярын хэрэг ба намын аюул
Сонгууль ойртох тусам Төрийн ордонд үүрлэсэн нам гэх гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл хоорондын болоод дотоод дахь зөрчил сөргөлдөөнүүд улам даамжирч, зарим нь бүр бие биенээ хөнөөхдөө тулж байгаа бололтой. Өмнөх 7 хоногуудад гэхэд л “Дэд сайд Б.Тулга О.Баасанхүү гишүүнийг боож унагажээ” гэсэн мэдээлэл олны дунд шуугиан тарьж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгаалалт хүссэн тухай ч яригдаж, тэр ч байтугай тус гишүүний өөрийнх нь ярьсан “Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал” гэсэн гарчигтай, чухам юуны төлөө яагаад үхэх болсон нь ойлгомжгүй ярилцлага хүртэл цацагдлаа.
Харин түүнийг ийм байдалд оруулаад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр их л гэмгүй царайлан энд тэнд очиж өөрийгөө өрөвдүүлэх элдэв сурталчилгаа хийсээр…
Энэ мэт хэсэг бусаг мэдээллүүд нь “ирэх сонгуульд хэнийг сонгох вэ?” гэсэн эрэл, эргэлзээн дунд байгаа ард иргэдийн эргэлзээг тайлахад нэмэр биш харин ч нэрмээс болж мэдэх нь байна. Талцсан хэрүүл маргаан л өрнөж, улам ч будангуйрч гүйцлээ.
Жигнүүрийн нэг таваг нь доош дарахад нөгөө нь дээш өргөгддөг шиг нам гэдэг хулгайч нарын бүлэглэлүүд 25 жилийн турш Монголын улс төрийн дэнсэн дээр “дүүжин даажин” хийж тоглосоор байгаа энэ даажигналыг цааш үргэлжлүүлэх гэж оролдож байгаа өрнөл нь энэ.
Шулуухан хэлэхэд өнөөдөр улс орныг сүйрүүлсэн гутамшигт хэргүүдийнхээ хамтаар нэр нүүр нь шавартай хутгалдан эргэлтгүй уруудаж яваа АН, МАН-ын хажуугаар зөрж, гэм бурууг нь хамт үүрэлцэх ёстой МАХН гэгч эрээвэр хураавар этгээдүүдийн бүлэглэл олны эргэлзээн дундуур шургалан дээш гарч ирэхийг оролдож байна.
Тиймээс бүдэг бүрхэг хэрүүлийг биш, хэн нь хэн бэ гэдгийг бүрэн тодорхой таниулах мэдээлэл хэрэгтэй байгааг энд сануулан дурьдах нь илүүц биз ээ!
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг алах, алуулахад хүрсэн тухай дээрх мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэхээс өмнө “урт чихтэй” зарим нэгний ам дамжин яригдаж байснаар бол гадаадын эрхэмийг албаны журмаар өрөөндөө хүлээж аваад ярилцаж байх үед нь Б.Тулга гэх намынх нь нөхөр омогтой орж ирж Хууль зүйн байнгын хорооны хурал эхлэх болчихоод байхад чи юу гэж суугаад байгаа юм бэ, дарга чамайг бушуу хуралдаа ор гэж байна гэж тушаагаад гарсан ажээ.
Гадны хүмүүсийн дэргэд УИХ-ын гишүүнийг хэн ч биш нэг нөхөр орж ирээд загнахад жаахан эвгүйцэж, эмзэглэсэн ч биз, О.Баасанхүү уулзалтаа үргэлжлүүлж байтал удалгүй намын дарга Н.Энхбаяр нь ёстой л зарц нартаа уурсан хилэгнэсэн хамжлагын эзний дүртэй хаалга саван орж ирээд Чи юу гэж хуралдаа орохгүй суугаад байгаа юм бэ! Чиний ажил гэж юу байдаг юм бэ! гэх зэргээр дайрч доромжлон ажил хэргийн яриаг нь таслаж хөөн тараажээ. “Эзэндээ” хөөгдсөн О.Баасанхүү байнгын хорооны хуралд орохоор очсон ч хурал ирцгүй гэдгээр хийгдээгүй юм байна лээ. Уг нь Хууль зүйн байнгын хорооны тэр хурлаар Өршөөлийн хуулийн талаар хэлэлцэх байсан юмсанж.
Өөрөөр хэлбэл Байнгын хорооны хуралдаа орохоос хойргошлоо гэсэн хорсол зэвүүцлээр л гарч явах үед нь Дэд сайд Б.Тулга гэгч тэр этгээд биед нь халдаж алах талахдаа хүрч заналхийлснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хамгаалалт гаргаж өгөхөд хүрсэн юм билээ.
Судлаач Д.Ганхуягийн бичсэнчлэн ““Нэг хүнийг тахин шүтэх донтой МАН-ын эсийн хуваагдал болсон МАХН-ын дарга”, “хажуудаа байгаа хэнд ч нар өөд үзүүлдэггүй, … ямар ч систем бий болгосон тэр нь өөрт нь үйлчилж байхыг л шаарддаг” “дугаар хорооны иргэн” Н.Энхбаяр ийнхүү Төрийн ордон дотор УИХ-ын гишүүнийг дарамтлан айлгаж өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг өршөөлийн хууль гэгчээр баллуурдан арилгахыг шахаж шаарджээ.
Мэдээлэл тэр бүр авч чадаагүй олонхи иргэд Н.Энхбаярын өмнө өршөөгдсөн хэргийг дахин босгож ирээд энэ хүнийг оролдоод байна гэж ойлгоод байх шиг байгаа юм.
Гэтэл одоо өршөөлд хамруулах гэж улайраад байгаа гэмт хэрэг нь ганц хэрэг ч биш, бас олон нийтэд сэрэмжлүүлэг болгон мэдүүлүүштэй луйварчны арга мэхийн сонгодог жишээ төдийгүй эрх мэдэл албан тушаалыг бохир бизнес болгосон нам гэгч бүлэглэлүүдийн “нүцгэн” үнэн дүр төрх юм. Хамгийн гол нь Н.Энхбаяр гэгч энэ этгээд луйврын аргад мэргэшсэн, луйварчны авир араншин, шунал нь хэзээ ч арилахгүй нэгэн гэдэг нь энэхүү давтан үйлдлүүд, одоогийн гаргаж буй зан төрхөөс нь тодорхой харагдаж байгаа билээ.
Илэрсэн хэрэг болгоныг нь тэгээд өршөөгөөд байх уу?!
Хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг одоо сонирхоё!
“МАХН-ын дарга Н.Энхбаяр 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцжээ. Авсан байраа өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусгажээ.”
1,5 саяаар тохиролцоод гэрээндээ 500,000 ам.доллар гэж тусгасныг харж байгаа биз. “Татварын хүндрэл байгаа учраас гэрээндээ 500,000 гээд биччихье” гэж…” молигодсон байгаа юм.
Тэгээд сүүлд нь “гэрээн дээр 500,000 гэж байгаа биз дээ. Гэрээнийхээ дагуу би төлсөн” гэж мэлзэж.
Хэрэв энэ гэрээний “хохирогч” нь гадаадын хүн, тэр тусмаа Хиллари Клинтоны хүргэн байгаагүй бол, Америкийн ямар нэг гомдол сануулгыг дуулгавартай биелүүлдэг Ерөнхийлөгч манайд байгаагүй бол, уг наймааг зуучилсан олон гэрч байгаагүй бол Н.Энхбаярын энэхүү залилангийн хэргийг хэн ч илчлэхгүй, “төгс хэрэгжих” байлаа.
Иргэд минь санаж ав. Хэрэв ямар нэг гэрээ хийх бол зөвхөн үнэн бодит тоо, тохиролцоогоо л бичиж бай. Эс тэгвэл сүүлд нь ингэж залилуулах нь байна шүү дээ!
Гэвч уг хэрэг зөвхөн энэ төдий биш ээ! Хэргийн талаархи мэдээлэлд дурьдсанаар бол “Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайд болгоод барилгын бизнестэй түүгээр 500 ам.мянган доллар төлүүлжээ.” Харж байгаа биз уг наймааны төлбөрийг Ц.Цолмон хийж, харин үл хөдлөх хөрөнгийг Н.Энхбаяр дүүгийнхээ нэр дээр өөрийн болгоод авчихсан ажээ.
Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын сайдын албыг Н.Энхбаяр 500.000 ам.доллараар Ц.Цолмонд “худалдсан” гэж үзэж болох нь. Мэдээж Ц.Цолмон тэр зардлаа сайдын эрх мэдэл албан тушаалаа ашиглан олж авах болно. Тэр нь ч батлагдаж, сая Франц улсад айлчлахдаа улсын төсвийн мөнгөөр эхнэрээ зугаацуулсан гэх мэт хэл ам дагуулж л явна.
Энэ бол манай төрд явагддаг, намуудын хийдэг, ашиг орлоготой том “бизнес”. Зөвхөн үүний л төлөө нам нэртэй бүлэглэлүүд бий болж, төрд гарах гэж улайрцгааж, “намын жагсаалт” гэх намын даргын “бизнесийн орон зайг” сонгуулийн хуулиар хуульчлан батлаад түүнийгээ хадгалан үлдэх гэж чармайцгааж байна. Монгол улсад, Монголын төрд гай тарьж буй Намын аюулын нэг нь энэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Н.Энхбаяр шахаж дарамталж байгаа нь намын жагсаалтад оруулсныхаа төлбөрийг нэхэж байгаа нэг хэлбэр нь юм.
Ер нь олон нийтдийн өмнө л хууль сахидаг ёс журамтай, мөс жудагтай хүмүүс болж жүжиглэдгээс биш намууд дотроо болоод бүлэг фракцууд дундаа бол хэн юу авахаа булаалдан, албан тушаалын наймаа, үнэ төлбөр, айлган сүрдүүлэх арга хэрэгсэл, улсын төсвөөс хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө яаж зувчуулж, хэрхэн хуваахаа хүртэл шулуухан ярилцаж тохиролцдог, хэн нь хэр хэмжээний авилга авсан, хэн яаж албан тушаал эрх мэдэл олж авсныг бүгдээрээ л мэдэж байдаг юм билээ л дээ. Ямар сайндаа л Өршөөлийн хуульд хориг тавьсан асуудлаас болж уурлаж бухимдсандаа
З.Баянсэлэнгэ гишүүн байнгын хорооны хурал дээр “Яривал ч ярина шүү!…” гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ гишүүний төлөө өгч магадгүй сонгогчдын саналын тоог хуваалгахын тулд Н.Энхбаярыг сүрдүүлж дарамтлан Н.Удвалын нэрийг дэвшүүлүүлсэн талаар ам алдаж байх вэ дээ. Зөвхөн энэ мэдээлэл гэхэд л сонгуулийн луйвар булхай хэрхэн хийгддэгийг, ард иргэдийн сонголт гэгч нь улс төрч гэх луйварчдын дэглэсэн жүжгийн өрнөлд ямар өрөвдөлтэй хууртаж байдгийг илэрхийлж байгаа төдийгүй Н.Энхбаяр хар аминыхаа эрх ашгийн төлөө хэнтэй ч хуйвалдаж юу ч хийж, улс эх орон, ард түмний хувь заяагаар яаж ч тоглож мэдэх хүн гэдгийг илчилж байгаа билээ.
Өнөөдөр ийм л этгээдүүд Монголын төрийг самууруулан дураараа туйлж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглон хууль, шударга ёс, өгөөмөр, ууч зөөлөн сэтгэл гэх мэтийг хольж хутган номлож, ард иргэдийг талцуулан хэрэлдүүлэх үйлдлээ идэвхижүүлэх боллоо. Бас тэднийг даган баясаж далдганагсад агуу улс төрч, жинхэнэ лидер, улс оронд ийм л удирдагч хэрэгтэй хэмээн муу ёр дуудах мэт улин исгэрцгээх ажээ.
Энэ бол нам дагаж амьдрах сэтгэлгээ нийгэмд газар авсны илэрхийлэл юм.
Увайгүй галзуурлыг улс төр гэж, засаршгүй гэмт хэрэгтнийг улс төрч гэж ойлгодог болтлоо эрүүл саруул ухаанаа алдчихлаа гэж үү, Монголчууд минь ээ ?!
О.Лхагвадорж
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхбаяр үнэхээр одоо зайлчих аа.
Чамаас хүн бүр уйдаж байна.
Энхбаяраас уйдсан гэж хэн хэлээд байгаан? Anonymous та л уйдсан юм байгаа биз. Харин ч Энхбаярын үед Оросын их өрийг тэглэж, ард түмэн бид өргүй болоо биз дээ. АН-ын үед одоо яаж байна??? Нялх балчир үрс нь хүртэл өртэй болсон гээ биз дээ. Байгалийн их баялаг минь яав? Бидэнд хүртсэн үү? Эргэцүүлж бодоорой хүмүүс минь.
Дээхни үед Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын албан контор байсан энэ хуучин байшин яагаад Амерки эрийн мэдэлд оччихсон юм бол
Энхбаяр гэдэг бирдийг Сүхийн талбай дээр шатаавал таарна.
ЭНХБАЯР ГЭЖ ЭНЭ ХҮН УЛС НАМ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ХУВИЙН ӨШӨӨ ХОНЗОН БОДООД ЭЦЭСТ НЬ ӨӨРИЙГӨӨ ДУУСГААД Л ТААРАХ НЭЭ ДЭЭ
Энхбаярын тухай сайн муу янз бүрийн л юм ярих юм. Тэр дундаас нэг муухай үнэр ханхлах юм даа. Энэ юу вэ гэхээр Монголчуудын нэг хэсэг нь ямар увайгүй муу чанартай болчихсон юм бэ. Нэгнийгээ яаж тэгж хэлж чадаж байнаа гэж бодогдохоор бичих юм. Гэхдээ энэ бүхэн тодорхой нэг хүний захиалга юм шиг санагдаж байна даа. Захиалагч нь ч гэсэн одоо болимоор юм. Өөрийн төлөө бус ард түмний, энэ орны сайн сайхны төлөө хамтраад ажилла л даа хэрэв чаддаг юм бол. Бид тэр үр дүнг л хармаар байна.