Монголын нүүрсийг цөлмөсөн АЖНАЙ хөрөнгийн зах зээлийг самарч эхэллээ

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй хувьцааг дур зоргоороо зарж, бирж огт хэрэггүй болсныг Чингэлтэй Дүүргийн Шүүгч Даваасүрэнгийн Чингэлтэй Дүүргийн Шүүхийн Шийдвэр нотоллоо!!!

УИХ-ын гишүүн асан “Ажнай“-н Д.Бат-Эрдэнэ гэх дуулиантай эрхэм байх. УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх гэх албан тушаалыг өөртөө бий болгосон. Аймгийн Засаг даргын тамгын газарт өөрийн ноёрхлыг тогтоохын тулд гар хөл болж далдганаж гүйсэн нөхдүүдийг төрийн албанд хууль бусаар шургуулсан. Тэр ч бүү хэл дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Тавантолгойн орд газраас их хэмжээний нүүрс олборлон урд хөрш рүү хямд үнээр зөөж их хэмжээний ашиг олсон хийгээд түүнээсээ Монголынтөрд ганц ч төгрөгийн татвар төлөөгүй гээд үнэндээ энэ эрхмийн талаар таагүй хэл ам тасардаггүй. Гэтэл сүүлийн үед түүнтэй холбоотой бас нэг таагүй мэдээлэл гарах болов. Энэ нь эрхэм гишүүн асан Өмнөговийн ард түмний мэдэлд байдаг Тавантолгойн хувьцааг луйвардан өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх дуулиан юм. Үүнээс болж Монгол Улсын хөрөнгийн зах зээл олон улсад тийм ч сайн нэр дуулахгүйд хүрээд байгаа бөгөөд энэ тухай баримтыг дэлгэж байна.

Баримт-1 буюу “Ажнай”-н шуналыг хөдөлгөсөн 10231 ширхэг багц хувьцааны луйвар

Д.Бат-Эрдэнэ гэх эрхмийн 100 хувийн мэдэлд байдаг “Тавантолгой транс“ ХХК-ийнхан ОХУ-ын иргэн. “Говь Урал“ ХХК-ийн захирал Романовскийн эзэмшилд байх 10231 ширхэг багд хувьцааг ямар заль хэрэглэн авсан талаарх баримтыг дэлгэе.

Тэрбээр 2010 оны хоёрдугаар сарын 6-нд Романовский гэх орос эрхэмтэй “Хувьцаа худалдах-Худалдан авах“ гэрээ гэгчийг байгуулжээ. Ингэхдээ тэрбээр өөрийн баруун гар гэгддэг “Тавантолгой транс“ компанийн захирал Д.Дагвадоржоор энэ гэрээг хийлгүүлсэн бөгөөд Романовскийн нэр дээр байдаг “Говь Урал“ ХХК-д хөрөнгө оруулалт хийнэ гэсэн сайхан ам өгснөөр компанийнх нь 50 хувийг өөрийн мэдлийнх болгосон байгаа юм. Гэвч тун удалгүй түүний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн сайхан нэрийн дор нуугдсан далд санаа нь тодорхой болж, уг гэрээг байгуулснаас хэдхэн хоногийн дараа Романовскийн нэр дээр байсан 10231 ширхэг хувьцааг барьцаанд тавин компанийх нь нэр дээр банкнаас 2.5 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Үнэндээ жилдээ хэдэн арван тэрбумын ашигтай ажилладаг, Солонгост 100 сая доллараар усан онгоц худалдаж авдаг, Амралтын газарт долоон тэрбумыг бэлнээр нь шидчихдэг “өгөөмөр“ Д.Бат-Эрдэнийн хувьд ийм хэмжээний мөнгийг банкнаас зээлэх шаардлага өчүүхэн ч байгаагүй нь ойлгомжтой.

Үнэн гэвэл тэрбээр дээрх хувьцааг худалдан авахын тулд монгол хэл мэдэхгүй орос эрхмийг дээрх гэрээгээр шахаанд оруулж хувьцааг нь өөрийн болгох гэсэнд байсныг хохирогч сүүлд мэдсэн байдаг. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ “Говь Урал“ компанийн нэр дээр зээл авснаас ердөө хоёр сарын дараа өөрсдийн авсан 50 хувиасаа сайн дураараа татгалзсан. Үүнээс болж тус компанийн үйл ажиллагаа доголдон дампуурахад хүрчээ. Гэтэл “Ажнай“ энэ байдлыг нь ашиглан “Говь-Урал“ компанийн эздэд шахалт үзүүлж, зах зээлийн үнээс 10 дахин хямд үнээр буюу 800 мянган ам.доллароор 10231 ширхэг багц хувьцааг 800 мянган долларыг “Говь-Урал“-ын дансанд шилжүүлжээ. Ингэснээр 2.5 тэрбумын зээлийн барьцаанд тавьсан багц хувьцааг 800 мянган доллар өгч суллуулан өөрсдөө аваад банкийг 1.7 тэрбумын барьцаагүй зээлтэй үлдээж давхар унагаах бодлого хэрэгжүүлж байсан аж. Харин тухайн үед банкныхан энэхүү луйврыг цаг аддалгүй мэдсэнээр таслан зогсоожээ. Түүгээр ч зогсохгүй банкныхан Тавантолгой транс“ ХХК-иас хувьцааны үнэ хэмээн шилжүүлсэн 800 мянган ам.долларыг нь ч буцаан шилжүүлсэн баримт ч байгаа юм.

Баримт-2 буюу мөнгөтэй эрхмүүдэд худалдагдсан Монголын шүүх

Уг нь тухайн үед “Ажнай“ гэх эрхмээс болж зээлээ төлж чадахгүй болсон Романовский Д.Бат-Эрдэнэд 800 мянган доллар зүгээр өгч байснаас банкны өрөндөө өгөөд ялгүй салъя гэж шийдэн хүсэлтээ гаргаж байсан юм билээ. Гэтэл Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх Д.Дагвадорж, Романовский нарын хооронд байгуулсан гэрээг банк, Романовский нарын хооронд байгуулсан гэрээ болгон сольж бичин шийдвэр гаргажээ. Хамгийн хачирхалтай нь тэд үүнийгээ техникийн алдаа гэж тайлбарсанд байгаа юм. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрийн дагуу банкны барьцаанд тавигдсан хувьцаа Д.Бат-Эрдэнийн мэдэлд очсон гэж болох бөгөөд тодруулбап, тэрбээр хувьцааг битүүмжлүүлэх шийдвэрийг хууль бусаар гаргуулж чаджээ. Эндээс Монголын шүүх байгууллага анхнаасаа хууль зөрчиж байгуулсан «Хувьцаа худалдах-худалдан авах» гэрээг хүчин төгөлдөр хэмээн хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь яах аргагүй анхаарал татаж буй юм.

Гадныхны хөрөнгийн биржээс 100 доллароор худалдаж авдаг хувьцааг Д.Бат-Эрдэнэ нэг доллараар л авдаг

Хөрөнгийн биржид албан ёсны бүртгэлтэй хувьцааг арилжина гэдэг нь зүгээр нэг будаа гурил худалдаж авахтай адил зүйл биш л дээ.

Алинд ч хамааруулалгүйгээр шилжүүлэх боломж бүрдэх гэсэн хуулийн цоорхойг ашиглан иргэдийн хувьцааг олон жил хямд үнээр худалдан авч байсан байх юм. Ингэснээр   тэрбээр   татвар өгнө гэсэн асуудлаас бүрэн зугтаж чадсан ба энэ асуудал сөхөгдлөө ч худалдан авагч талд биш, харин хувьцаагаа зарсан иргэд өөрсдөө ялд унах юм байна. Үүнийг тодруулбал, тэрбээр иргэдийн хувьцааг “Итгэмжлэл”-ийн үндсэн дээр эзэмшдэг ажээ.Монголын хуулиар итгэмжлэл нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг ба энэ хооронд ноогдол ашгийг нь авч, саналын эрхийг нь төлөөлөхийн зэрэгцээ шүүхийн шийдвэр гаргуулаад хувьцааг өөртөө шилжүүлээд авчих боломжтой гэсэн үг. Иймээс ч тэрбээр иргэдийн хувьцааг дээрх аргаар луйвардан авч, иргэд ч шүүхэд хандаад юу ч олж авч чадахгүй хоосон хоцордог байна. Үүний жишээ нь дээрх ОХУ-ын иргэний хохирсон баримт бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чөдөрлөх хамгийн том луйврын гэрээг шүүх хүртэл хүлээн зөвшөөрчихөөд байна.

Гэтэл Засгийн газар Лондоны хөрөнгийн биржид 14.2 тэрбум төгрөг тушааж, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд гаргана хэмээн ярьж л байдаг. Харин Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй нь энэ мэт луйврын аргаар иргэдийн гар дээрээс хувьцаа худалдан авч татвараас зугтаан төрийг хохироож байна. Магадгүй түүний энэ луйврыг гаднын томоохон хөрөнгийн биржийнхэн мэдэх юм бол Монголын компаниудын хувьцааг дэлхийд хэн ч худалдаж авахгүй байж мэдэх юм. Үнэндээ Канад нөхрийн Хөрөнгийн биржээс 100 доллароор худалдаж авч байгаа хувьцааг Монголын Д.Бат-Эрдэнэ нэг доллароор авдаг ийм хөрөнгийн зах зээлд хэн итгэх вэ. Тэгээд үүнийг нь шүүхийн тогтолцоо нь дэмждэг оронд шүү дээ.

Уг нь Хөрөнгийн зах зээл хамгийн нээлттэй, хамгийн шударга нөхцөлийг шаарддаг. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид хувьцаагаар тоглож, арилжаанд оролцоно. Тиймээс хувьцааны далд наймааг цэгцлэхгүйгээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тухай, дэлхийгээс том мөнгө босгох тухай мөрөөдөх ч хэрэггүй болжээ.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих