Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр 500.000 ам долларын үнэтэй, 2800 ам метр талбайтай тансаг харшид амьдарч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүний амьдрах орон сууцыг улсын зардлаар барьж өмчлөлд нь шилжүүлж өгөх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Засгийн газраас УИХ-ын тогтоол санаачилж баталсан. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий өвлийн орон сууц барьж, өмчлөлд нь шилжүүлж өгөх, уг орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд ийм хэмжээний ашигтай талбай бүхий орон сууцаар хангаж цахилгаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байлаа. Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон өдрөөс эхлэн шадар туслах, үйлчлэгч, тогооч, орон тооны жолооч тус бүр нэгийг дөрвөн жилийн хугацаанд ажиллуулж, зардлыг улсын төсвөөс гаргахаар уг тогтоолд зааж. Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараахан эрхэм гишүүд “Манай Ерөнхийлөгч 100 ам метр талбайтай байранд амьдрахааргүй баян хүн шүү дээ. Байр нь жижигдээд байгаа юм биш үү?” хэмээн хоорондоо шивэр авир хийцгээж байлаа. Үнэндээ тэдний энэ үг ор хоосон зүйл биш бололтой. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан “Монросцветмет” компанийн байртай зэргэлдээ, бетонон хашаагаар хүрээлүүлсэн, гурван талдаа баганан хаалгатай, ягаан өнгийн тансаг харшид амьдрах болсон юм. Тэр цагаас хойш бүрэн харуул, хамгаалалттай, тун тохилог орчин нөхцөлтэй байшин хэний өмч бэ? Яагаад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ байшинд амьдрах болов” гэсэн олон асуултанд сэтгүүлчид түүнээс хариу авахыг хүсэж байлаа. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэдний асуултанд “Албан ажлаа явуулахаар оффиссийн өрөө түрээсэлсэн” хэмээн хэнэг ч үгүй ярьж байсан юм. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаяр “офиссийн өрөө” гэж нэрлээд байгаа байшингаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан оросуудаас 500.000 ам доллароор худалдаж авчжээ. Гэхдээ худалдах, худалдан авах гэрээг Н.Энхбаярын шадар туслах Тулга гэгч залуу түүний өмнөөс хийсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл битүү хашаа, хамгаалалттай, тохилог, нийтдээ 2800 ам метр талбайтай, 500.000 ам долларын өртөгтэй байшин яагаад оросуудын мэдэлд очсныг тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. Урьд нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийнхэн уг байрыг түрээсэлдэг, гадна дотны зочид байрлуулдаг байсан гэнэ. Ш.Отгонбилэг агсан тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа энэ байранд өвөлждөг байсан сурагтай. Түүнээс хойш хэний өмчлөлд байсныг мэдэх хүн олдсонгүй. “Монросцветмет” компанийг удирдаж явсан зарим хүмүүсээс уг байшингийн тухай асуусан боловч “Манайд ямар ч хамааралгүй. Оросууд л мэдэж байж магадгүй” хэмээн тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж байлаа. Тэгвэл яагаад орос эздийн гарт орсныг тодруулахаар Төрийн өмчийн хорооны дарга нартай уулзсан ч “Албан бичиг авчир” гээд мэдээлэл өгөхөөс зайлсхийж байх юм.
Ямартай ч нэг давхар тансаг харшийг оросуудаас манай экс Ерөнхийлөгч хагас сая доллараар худалдаж авсан нь тодорхой болов. Гэвч энэ мэдээлэл олон хүнийг баярлуулахгүй байна. Баянзүрх дүүрэг хүүхдийн сургууль цэцэрлэгийн хомсдолд орчихоод байгаа. Хэрвээ уг байшинг оросуудад өгч, тэд Н.Энхбаярт наймаалаагүй бол 300 ортой хүүхдийн цэцэрлэг, эсвэл 500 хүүхдийн сургууль байгуулчих бүрэн боломжтой байсан гэж тус дүүргийн оршин суугчид харамсангуй ярьцгааж байна.
URL: