Төсвийг хөөсрүүлэхгүй байх иргэний зориг гишүүдэд бий юу
Улсын төсвийг хэвийн байдалд оруулах үүднээс төсөвт таналт хийж, тэвчиж болох зардлыг тэвчиж, хасаж, нэгтгэж болох агентлагуудад өөрчлөлт оруулах зорилгоор төсвийг оруулж ирж байгаа. Сангийн яамны зүгээс ч ийм боломж байгаа хэмээн тооцоолж төсвөө Их хуралд өргөн барьсан. Ирэх оны төсвийг хэлэлцэхийн өмнө төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага бий. Орлого оны эцсийн байдлаар 900 орчим тэрбум төгрөгөөр тасалдах аюултай байгаа учир ийн тодотгоно. Засгийн газар хөөсрүүлэхгүй, сонгуулийн өмнөх төсөв гэдгийг анхааралгүйгээр энэ удаа төсвийг шинэчлэхээ оруулж ирсэн төсвөөрөө харуулж байна. Харин үүнийг нь гишүүд хүлээж авч, иргэний зориг гарган батлах болов уу. Ийм зориг тэднээс гарах уу.
Учир нь ирэх жил сонгууль болно. Сонгуулийн өмнөх төсөв гишүүдийн хувьд тойрогтоо ажил хийх нэг боломж юм. Гэтэл үүнийг нь танаад өгвөл гишүүд дуртай байх уу. Уг нь улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүнд байдлыг юун түрүүнд боддог бол төсөвт таналт хийхийг дэмжинэ. Дэд сайдгүй, есөн яамтай, зарим агентлагийг татан буулгаж, заримыг нь нэгтгэхийг дэмжих нь лавтай.
Ардчилсан намынхан бүлгээрээ төсөвт таналт хийсэн Засгийн газрын оруулж ирж буй хувилбарыг дэмжихээ мэдэгдсэн байна. Ерөнхий сайд ч танхимаа дэд сайдгүй ажиллахыг нь хүлээн зөвшөөрч. Мөн төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулж, танаж болох зардлыг танаж байж, төсвийг зөв голидролд нь оруулах ёстойг ухаарсан байна. Хэдийгээр Засгийн газар ингэж шийдвэрлэсэн ч, угтаа бодит байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнөх төсвийг оруулж ирэхдээ нэлээд таналт, хасалтыг хийсэн. Гэвч гишүүд үүнийг нь хүлээж авалгүй төсвийн нүүрийг нь угаагаад өөрчлөөд гаргаж байсан нь саяхан. Энэ удаа ч ингэхгүй гэсэн баталгаа байхгүй. 6.8-7 их наяд орчмын орлого, зарлагатай 2016 оны төсөв буюу сонгуулийн өмнөх төсөв Засгийн газрын оруулж ирснээр хэр өөрчлөгдөх вэ. Оруулж ирснээр нь батлах зориг гишүүдээс гарах уу гэдэг нь юу л бол.
М.Төр
URL: