Хятад улс гоонь эрчүүдээ Ангараг руу нүүлгэх үү?
Өнөөдөр 12.00 цагаас Гонконгийн галт шувуу телевизийн “Буу халагч гурав” нэрт нэвтрүүлгээр нэлээд сонирхолтой сэдвийг хөндөж ярилцлаа. Одоогийн байдлаар Хятад улсад 30 сая гоонь эрчүүд байгаа нь ердөө дөрөв тавхан жилийн дараа буюу 2020 онд даруй дөчин саяд хүрэх ажээ. Си Зинь Пингийн тэргүүлсэн Хятадын шинэ удирдлага гарч ирэхэд гадаадын судлаачид тэдний өмнө шийдвэрлэвэл зохих гурван үндсэн асуудал байгаа нь “Хүйсийн тэнцвэр ноцтой алдагдсан, хүнсний аюулгүй байдал, экологийн хямрал” гурав юм хэмээн таамаглаж байсан нь ийнхүү бодит аюул занал болон нүүрлэж байгааг уг нэвтрүүлэгт сонирхолтой хэлбэрээр өгүүлж байлаа.
Ийнхүү хүйсийн тэнцвэр ноцтой алдагдсаны учир шалтгаан нь мэдээжийн хэрэг юуны өмнө тус улсын засгийн газраас сүүлийн гучин хэдэн жилийн турш хэрэгжүүлж байгаа “Төлөвлөгөөт төрөлтийн” бодлоготой хамаа бүхий байж таарна. Түүнчлэн хятадууд эртнээс нааш эрэгтэй хүүхдийг онцгойлон чухалчилж ирсэн уламжлал байдаг бөгөөд дээр нь хүүхдийг гэдсэнд байхад хүйсийг тодорхойлоод үр хөндөлтийг чөлөөтэй үйлддэг байсан нь ийм эмгэнэлтэй байдалд хүргэжээ.
Зарим тосгон тэр аяараа гоонь эрчүүдээс бүрдэх тохиолдол элбэг төдийгүй ерөнхийдөө хөдөө тосгонд хүйсийн тэнцвэр маш ноцтой алдагдаад байгаа тухай хөтлөгч ярьж байв.
Тэр ярианыхаа завсраар сүүлийн үед дэлхийн олон улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа нэг мэдээлэлтэй ярианы үндсэн сэдвээ эвтэйхэн холбоод авсан нь юу хэмээвээс Америкийн сансар судлаачид Ангараг гариг дээр зуны цагт мөс хайлан урсаж байдгийг олж тогтоосон тухай мэдээлэл юм.
Удахгүй дөчин саяыг давах идэр насны гоонь эрчүүдийн асуудлыг хэрхэн шийдэх нэг хувилбар нь усны нөөц бүхий Ангараг гариг руу илгээж болох бус уу хэмээн яриаг хөгжөөсөн нь мэдээжийн хэрэг хошигнол байсан байж таарна. Арай бодитой нэг хувилбар нь хөрш зэргэлдээ улс орнуудаас эхнэр авч өгч болох юм. Зарим бүс нутаг дундад азийн хоцрогдонгуй улс орнуудаас гоонь эрчүүддээ эхнэр олж өгч байгаа тохиолдол бий.
Ялангуяа Орос эрчүүд архи их уудаг болохоор нас богинотой. Дээр нь архи уучихаад эхнэрээ зодох нь элбэг тул Орос хүүхнүүд хятад хүнтэй суух дуртай болсон. Энэ нь бидний яриандаа дурьдсан үндсэн асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн найдлага төрүүлж байна хэмээн ярьж байлаа.
Миний бие хятад судлаачийн хувьд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа чухам энэ асуудлыг хөндөн ярьж байсныг манай зарим уншигчид санаж байгаа байх аа. Хятадын шинэ засгийн газрын өмнө тулгарч байгаа хүнсний аюулгүй байдал, экологийн сүйрэл зэрэг асуудлууд манай улсын хувьд Хятадтай өргөн хамтран ажиллах шинэ боломж авчирч байгаа бол хүйсийн тэнцвэр ноцтой алдагдсан байдал нь төр засгийн удирдлагуудын анхааралдаа байлгах учиртай асуудал байж таарна гэсэн санаа хэлж байсан даа.
URL: