З:Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлт намуудын зөвшилцлөөс шууд хамаарна
УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Энэ нь 2012-2016 оны парламентын сүүлчийн намрын чуулган юм. Өмнөх чуулганы нээлтийн үеэр төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн болон УИХ-д суудалгүй улс төрийн хүчнүүд эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Төрийн ордонд чуулганыг нээх бүрт гадна нь жагсаал болдог байсан ч энэ удаад тайван боллоо.
Энэ намрын чуулган хэд хэдэн онлогтой. 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газрын бүтцийг дахин байгуулсан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүд, сайд нар болон бүлэг, байнгын хорооны дарга нарын албан тушаал нэлээд давхацсан байгаа. Тэгэхээр ойрын өдрүүдэд зарим намын бүлэг дарга, дэд дарга нараа өөрчилнө. МАН Засгаас гарсантай холбогдуулан зарим байнгын хорооны дарга нарыг чөлөөлж, шинээр томилно. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул шинэ томилгоо хийх зэргээр парламент дотор олон томилгоо хүлээж буй.
УИХ-ын дарга З.Энхболд энэ УИХ-ын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ хаврын чуулганы завсарлагааны хугацаанд олон чухал үйл явдал тохиосныг дурдсан юм. Тэрээр “Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна” хэмээсэн.
Мөн “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629.3 тэрбум төгрөгөөр тасарч байна.Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас бишөөрсдөөсөө хайх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод, хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхацдаг болохоор намрын ээлжит чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг санууллаа.
Хэрэв Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын өргөн баривал намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос зургаан сарын өмнө батлагдсан байх ёстой.
Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж спикер үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болно.
Энэ тухайд З.Энхболд “Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж хурдтай ажиллах хэрэгтэй.
Эрхэм гишүүд зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна” гэв.
М.Гaн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: