Хам хэрэгтэн бүсгүйчүүддээ
Арав байтугай таван хуруу тэгшхэн эр
Амьдралын цэсэн дээр алга л байна шүү дээ
Сонголт үгүй тавилангаас хэнийгээ захиална гэх вэ
Солиорсон гэдэгтээ итгээд согтотолоо ууя
Өрөөлийн амрагт дурласан хүүхэн бүхнийг дайлъя
Үхэж л дуусах орчлонд үнэнч байгаад яах юм
Өнөө биднийг уриалсан хүүхэн чамайг магтъя
Үнэн хатуудах орчлонд уух юуны буруу гэж
Хайрлан дурлахад шалтгаан үгүй хүүхнүүд минь
Хааяахан сэргээгддэг эрх чөлөөгөө сэлбэе
Хаашдаа л бид нар хам хэрэгтнүүд хүүхнүүд минь
Харчуудын нөлөөгүй ам бүлээрээ ууя
Ерөөсөө бид чинь ертөнцийг аврахаар л төрсөн
Ерөөлтэй энэхэн дарсыг оёоргүйхэн уу
Уйл дуул согтохоос л бүү ай
Учир нь бид амьдралд агсам тавих эрхтэй
Алив хүүхнүүд минь давалгааланхан уу
Алиахан загнаж тоорцоглонхон уу
Сэтгэлийн салхивчаа нээн байж уйлаад уу
Итгэлийн үүдээ хаан сууж дуулаад уу
Сугадалцаад алхъя гунхана шүү,хүүхнүүд минь
Нудралцаад инээе тольдоно шүү,хүүхнүүд минь
Хэнийг баярлуулна гэж гуниглан суух юм бэ
Хэзээнээс л бид чинь хам хэрэгтэнүүд
Үйлдсэн гэмээ хувааж үүрэх хам хэрэгтнүүд минь
Үүрсэн ачаагаа дамжлаад алхах хам хэрэгтнүүд минь
Сархад сөгнөсөн ширээнээс уйдахыг хориглоно
Салам согтсон дугараанаас өнжихийг хориглоно
Урд урдахаа тулгая
Арыг нь бурхан даана
Ууж л суугаад наргия
Тооцоог нь амьдрал хийнэ
Б.БОЛОРЦЭРЭН
URL: