2016 оноос Ч.Сайханбилэгийн ЗГ дэд сайдгүй ажиллана!!!

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Их Хурлын дарга энэ намрын чуулганд хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг гишүүдэд сануулж нэн түрүүнд төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Б.Болор энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа юм байна. Тэрбээр, маргааш ирэх оны төсвөө өргөн барихаар зэхжээ.

Харин ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Болор хэлэхдээ “Төрийн данхар бүтцийг багасгах төсөв өргөн барина. Ингэхдээ том таналтыг хийж, төрийн зарим нэг агентлагуудыг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ. Мөн 9 яамтай байхаар ярьж байна. 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байна” гэх тайлбарыг өглөө.

Ингэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орохоор болж байна. Хамтарсан засаг байгуулахдаа Шударга ёс эвсэл болон ИЗНН-тай хамтарч сайд болон дэд сайд, яам тамгын газруудынхаа квотыг хуваарилсан. Одоо ч гэсэн эзэнгүй болсон зургаан яамны дэд сайдын томилгоог хийхээр бэлтгэж байгаа.

Уг нь Б.Болор сайдын төсвийн тухай хуульд тусгасан төрийн данхар бүтцийг цэгцлэх санал зөв ч гэсэн Их Хуралд суудалтай бусад намууд буюу засагт хамтарч байгаа намууд нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг анхаарал татаж байна.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих