Страус Канн: Би нэр төрөө сэргээнэ гэж бодож байгаа
ОУВС-ийн тэргүүн асан Доминик Страус Каннд тулгасан хүчингийн хэргийг үгүйсгэсэн хэвээр байсаар шүүх хурал, шүүгчид буруутайг нь нотолж чадалгүй хэргийг хаасан.
Харин түүнд гомдол гаргасан зочид буудлын үйлчлэгч бүсгүй давж заалдах болно гэдгээ мэдэгдсэн ч холбогдох албаныхан “Хэрэг хаагдсан учраас таны давж заалдах хамаагүй” гэсэн хариу хэлжээ. Хэвлэлийнхэн түүнийг “Франц завхай эр цэвэр нэртэй хэргийн ард гарлаа” гэх нийтлэлүүдийг тухайн үед бичиж байсан.
Үүнтэй холбогдуулан Доминик Страус Канн “New York Times” сонинд сонирхолтой ярилцлага өгсөнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Сайн байна уу, сүүлийн үед таныг хэвлэлүүдээр “Завхай эр цэвэр нэртэй үлдэж, хөөрхий эм өөрөө гэмт хэрэгт хутгалдах шахсан” талаар нийтлэлүүд гарсаар байгаа билээ?
-Энэ асуудал бол өнгөрсөн хэрэг. Хэрэг хаагдсан. Тухайн үед тэр миний хэн болохыг таниад, ямар зорилготой ийм үйлдэл хийж, олны өмнө өөрийгөө болон намайг эвгүй байдалд оруулсныг би сайн ойлгодоггүй. Мөнгө хэрэгтэй байсан юм бол түүнийгээ хэлнэ л биз. Худал зүйл ярьж намайг дэлхий дахинаа ийм нэр зүүлгэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Үнэн юм үнэнээрээ хожим илэрдэг. Тодорхой болдог шиг. Хэрэв би үнэхээр түүнийг хүчиндэх гэж оролдсон бол өнөөгийн нийгэмд болсон процессыг илрүүлдэг техник, тоног төхөөрөмж бий болсон. Хамгийн гол нь нотлох баримтанд шүүх итгэнэ. Түүнээс биш өөрийнхөө хувцасыг ураад намайг хүчирхийллээ гээд суух нь ичгэвтэр хэрэг.
-Таныг буруугүйг нотолсны дараа та эргэн ОУВС-ийн тэргүүнээр ажиллах боломжгүй болсон. Энэ бүхэн анхнаасаа зохион байгуулалттай хэрэг мэт санагдахгүй байна уу?
-Тийм ээ. Бага зэрэг сэжиг төрүүлж л байна. Нэг талаасаа цаг хожиж, намайг аль болох удаан шоронгийн хаалга татуулах гэж байсан ч юм шиг. Нөгөө талаасаа би ОУВС-ийн удирдлагууддаа бүгдэнд нь итгэдэг. Тэд нар ийм зүйл хийх хүмүүс биш гэдгийг би сайн мэдэж байна. Гэхдээ хэн мэдэх вэ. Бурхан гэрчлээд харуулах биш. Цаагуураа юу ч болсон юм билээ. Хамгийн гол нь миний нэр төрийг унагаж, дэлхий дахинаа шившиг тарьсан хэрэг болсон. Би өөрийн нэр төрийг сэргээлгэнэ гэж бодож байгаа. Үгүй бол хүмүүс буруу ойлголттой, цаг хугацаа урсан өнгөрөх болно. Би үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
-ОУВС-ийн шинэ тэргүүн К.Лагард болсон. Харин та өчигдөр өөрийн хуучны ажилчидтай уулзсан гэж дууллаа?
-Миний итгэлт, хамтран зүтгэгч нар намайг тийм зүйл хийхгүй гэдгийг мэднэ. Уг хэрэг цэвэр нэр төрд халдсан хэрэг гэж дүгнэж болно. Хүнийг гүтгэнэ гэдэг бас тийм ч сайн зүйл биш шүү. Тэр тусмаа миний эхнэр хүүхэд намайг юу гэж бодох юм. Наана асуудал ийм байгаа ч цаанаа асуудал дүүрэн, гэр бүлийн маргаан, ажил төрлөө алдлаа гээд олон зүйл нуруун дээр тохогдсон. Энэ бүгд тэр зочид буудлын үйлчлэгч эмэгтэйн л буруу.
-Хэрэв та түүнийг хүчирхийлэх гэж оролдсон, харин нотлох баримт олдоогүй байвал бас л түүний буруу юу?
-Сэтгүүлч нар битгий нэг талыг баримтлаж, хэн нэгний цуу яриан дээр дөрөөлж бай л даа. Энэ чинь ухамсарт нийгэм. Хэн хүссэн зүйлээ хийж болох тийм л ертөнц. Чи хүнд хэдий чинээ итгэж тусална, төдий чинээ хүмүүс чамайг хайрлаж, хүндэтгэж байх болно. Би харин ч түүнд өрөө цэвэрлэсэнд нь багагүй /тип/ хармааны мөнгө өгсөн. Тэр өрөөнд камер байсан ч болоосой. Одоо энэ яриаг дахиж ярьмааргүй байна. Хэрэг хаагдсан.
-Уучлаарай. Та цаашид юу хийнэ гэж бодож байна. Улс төрд хүч үзэх үү?
-Би “Francedeagence” агентлагт энэ талаар товч тодорхой ярьсан байгаа. Би ирэх жилд Франц улсын улс төрд хүчин зүтгэх хүмүүсийн нэг гэдгийг албан ёсоор хоёр дахь удаагаа хэлье. Франц улсын төлөө биш юм аа гэхэд ОУВС-ийн төлөө үүрэг хүлээж ажиллах болно. Үгүй бол би өөр зүйл хийж чадахгүй. Сонирхох ч үгүй. Энэ бол цэвэр ажил хэрэгч хүний хийх ёстой алхам гэж дүгнэж байна.
-Санхүүгийн хямралын талаар санаа оноо байна уу?
-Эдийн засгийн хувьд би төдийлөн сайн, шинэ арга сэдээд байдаггүй ч төсвийн болон бусад мөнгийг хяналт сайтай, сайн захиран зарцуулагч. Харин санхүүгийн хямралын хувьд эдийн засгийн бие даасан тогтвортой нөхцөлийг иргэдэд болон бусад санхүүгийн байгууллагуудад бүр-дүүлснээр тэнцвэртэй байдлыг хадгалж өсөн дэвжих нь арай илүү дөхөм болов уу.
-Манай сонинд ярилцлага өгсөнд тань уншигчидынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Б.Баатар
URL: