Ханш буурах “халуун” үе
Шөнө дундаас хойш тасраагүй дунд оврын ачааны автомашинууд өглөөний 05.00 цагт байраа эзлэн, эгнэлээ. Үүрийн гэгээ татаж дамын наймаачид, гулууз сурагласан ганц, хоёр хүн хашаагаар орж ирэв. “Хүчит шонхор” захын шинийн 16-ны өглөөний ажил ийн эхэлж байна.
Энэ дунд Дорнод аймгийн Гурванзагал сумын малчин Г.Бат-Өлзий цагаан өнгийн “Портер” машинтайгаа жагсчээ. Хоёр хоног нойргүй явсан Г.Бат-Өлзий 50 бог, дөрвөн бодын махтай хотод ирсэн нь энэ. Тэрбээр, бага үдийн үед махаа бараг зарж дууссан ч, урамгүйхэн зогсоно. Учир нь машин дүүрэн махаа санаснаас доогуур үнээр борлуулжээ. “Махаа наймаачдын хэлсэн үнээр өгчихлөө. Маргааш үнэ нь улам хямдрах биз” хэмээн шүүрс алдав. Түүний дэргэд зогссон Өвөрхангай аймгийн малчин Д.Ганзориг долоон үхрийн махтай ирсэн бөгөөд өглөөнөөс хойш ердөө хоёрыг нь борлуулжээ.
Харин 10-аад жил мах дамлан наймаалж буй Г.Дорлиг малчдаас зээлсэн махаа зоогийн газруудад зээлээр өгдөг. Энэ удаад ч 15 сая төгрөгийн махныхаа дийлэнхийг ингэж дуусгажээ. Бас урамгүй, газар ширтэнэ.
Махны нийлүүлэлт эрэлтээ хоёр дахин давжээ
Энэ бол “Хүчит шонхор”-т махны худалдаа хийж буй гурван иргэний нэг ижил төрх. Тэд хонины махыг килограммыг нь 3300, үхрийнхийг 4500 төгрөгөөр борлуулчихаад сууж буй нь энэ. Мөн ямаа, тэмээ, адууны махаа бүр дунджаар 2000 төгрөгөөр худалдсан. Өнгөрсөн жилийн өдийд 7000 төгрөг шүргэж байсан махны үнэ ийнхүү хямдарчээ. Мэдээж монголчуудын гол хүнс махны үнэ буурч буй нь сайн мэдээ. Гэхдээ яагаад ийн хямдрав гэсэн асуулт гарна.
Үүнийг малчид, худалдаачид хоёр дахин өссөн нийлүүлэлт, төдий буурсан эрэлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, махны өдрийн борлуулалт нь 80 орчим тоннд хүрдэг “Хүчит шонхор” төвийн нийлүүлэлт зунаас хойш 150 тонн болж нэмэгдчихсэн. Ийнхүү эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ч өсөв. Харин үүнд иргэдийн худалдан авах чадвар гэх ганц шалтгаан нөлөөлснийг малчид хэлж байна. Нийслэлчүүдийн худалдан авах чадвар буурснаар эрэлт багассан. Нөгөө талд, малчид ч худалдан авах чадвараа алдаж, махны нийлүүлэлтээ нэмжээ. “Хүүхдийн сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэл хийхээр малаа борлуулж эхэлсэн. Мөн бичин жилийн зудын тухай яриа малчдын сэтгэлзүйд багагүй нөлөөлж байна” гэж Дорнод аймгийн малчин Г.Бат- Өлзий ярилаа. Ер нь өнгөрсөн зургадугаар сараас эхлэн өвөл ойртох тусам махны үнэ урууджээ.
Мөн иргэд “сургуулийн бэлтгэлийн” дараа шууд л хурим, найрын сартай золгосон байна. Энэ нийтлэлийг бэлтгэхэд ч Дашням, Балжинням давхацсан өдөр тохиож байсан. Тэрчлэн улсын махны нөөцийн бэлтгэл ч оройтжээ. Энэ мэт олон шалтгааны улмаас махны үнэ буурсан гэнэ. Өөрөөр хэлбэл, яг одоо махны үнэ буурах “цонх үе” буюу “халуун” үе тохиож байна. Харамсалтай нь, энэ ховор үеийг хүн бүр мэдэрч чадаж байна уу. “Цонх үеэр” бий болсон хямд үнэ “Хүчит шонхор” хүнсний захад цөөн хором тохиодог. Үдийн нар мандахтай зэрэгцээд махны үнэ ч “ургадаг”. Худалдаачдын гар дамжин дамлагдахдаа махны үнэ хамгийн багадаа 1500 төгрөгөөр өсдөг байна. Тухайлбал, “Хүчит шонхор” төвд үүрээр 3300 төгрөг байсан хонины мах 11 цагийн үед 5000 төгрөг болж өсчээ.
“Малын тоо толгой 40 саяыг давахад махны үнэ огцом буурах байсан. Харин олон шат дамжлагын “ачаар” хэсэгтээ 5000-ыг давж байсан” гэж махны худалдаачин хэлэв.
Дамын наймаагаар махны үнэ 1500 төгрөгөөр өсдөг
“Хүчит шонхор” худалдааны төвд малчид, махны худалдаачид, дам болон жижиглэнгийн борлуулагчид гэсэн дөрвөн өөр төлөөлөл мах борлуулж байна. Махны үнийн өөрчлөлт ч тэдэнд дөрвөн янзаар нөлөөлнө. Жишээ нь, 800 километр зам туулж ирсэн Г.Бат- Өлзий 800 мянган төгрөгийг замын зардалд зарцуулжээ. Тиймээс хямд үнэ түүнд хүнд тусаж байгааг хэлсэн. Тэгвэл махны худалдаачин Г.Дорлиг өнгөрсөн хавар 300 сая төгрөгийн махны захиалга малчдад өгсөн. Харин өдгөө ашиг бүү хэл, хавар “цацсан” мөнгөө эргүүлж олоход хэцүү болж.
Мэдээж, махны үнэ буух нь сая гаруй иргэнд таатай мэдээ. Гэхдээ үлдсэн сая иргэн буюу малчдад хонины ганц морио алдсантай адил аж. Ер нь махны үнэ буурахад хэчнээн хувь нь ашиг хүртэж байна вэ? Өдгөө ч иргэд 5000 төгрөг давсан үнээр мах худалдан авсаар. Тэгэхээр гар дамждаг хөндлөнгийн тоглогчдын “хөлийг хоривол” илүү олон хүн ашиг хүртэх нь.
“Махны үнэ цаашид хэрхэхийг хоёр хөршийн Засгийн газар л мэдэх байх” гэж Дорноговь аймгийн малчин Л.Доржготов хэлсэн. Бид махны экспортоо нэмэгдүүлбэл үнэ өсөх нь гарцаагүй. Харин мөрөөдөл хэвээр үлдвэл малчдын гол амьжиргаа махны үнэ улам уруудах нь.
МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас зарим зүйлийг тодруулав.
-Махны үнэ огцом буурч байна. Үүний шалтгаан юу вэ?
-Зуд болж магадгүй гэж үзэн малчид малаа их хэмжээгээр нядалж байна. Гол нь энэ үнийн бууралт махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг харуулж байна. Гэхдээ өнөөгийн махны үнийн бууралт түр зуурынх, арваннэгдүгээр сараас өснө. Ер нь Монголд мах харьцангуй үнэтэй байдаг. Энэ нь малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүрэхдээ олон шат дамждагтай холбоотой. Тиймээс салбарын яам махыг малчны хотноос үйлдвэрт хүргэдэг болгохоор зорьж байна.
-Та махны экспортоо нэмэх шаардлагатай гэж хэллээ. Тэгвэл экспортоо нэмэгдүүлэхээр ХХАА Я ямар арга хэмжээ авч байна вэ?
-БНХАУ-ын найман мэргэжилтэн баруун аймгуудад ажиллаж байна. Тэд Монгол Улсаас бодоос гадна бог мал худалдан авах сонирхолтой байна. Бид ч хонь, ямааны мах экспортлох хүсэлтэй байна. Монгол Улс өмнө нь зөвхөн адууны махан бүтээгдэхүүн Хятад руу нийлүүлдэг байсан. Гэтэл манай сүргийн бүтцэд адуу бага жин дардаг. Тиймээс хонь, ямаа, үхрийн махаа хоёр хөршдөө нийлүүлэхээр зорьж байна.
-Тэгвэл энэ жилийн махны хэрэгцээг тооцсон уу?
-Энэ онд дотоодын хэрэглээ болон экспортод 10 сая толгой мал шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Хүнс, хөдөө аж ахуйн яам гаргасан. Үүний 560 мянган тонныг дотоодын хэрэглээнд нийлүүлнэ. Сүүлийн гурван жил хэрэгжүүлсэн махны үнэ тогтворжуулах хөтөлбөр дууссан.
Харин улсын махны нөөцийг дотоодын үйлдвэрүүдээр бэлтгүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас дотоодын махны үйлдвэрүүдэд 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох гэж байна. Энэ мөнгөөр махны үйлдвэрүүд дотоодын болон экспортын махаа бэлтгэнэ. Мах бэлтгэл удахгүй эхэлнэ гэв.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL: