Э.Бат-үүл дарга 12 жилийн төсвийг гуравхан жилд зарцуулжээ
Нийслэлд амьдардаг иргэн та өнөөдрөөс эхлэн архи, тамхи болон зочид буудал, ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд нэг хувийн татвар нэмж төлөхөөр болж байна.
Товчоор хэлбэл, та нэг тамхийг 5000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол өнөөдрөөс хотын татварын дагуу 5050 төгрөг төлнө гэсэн үг. Учир нь УИХ-аар хот татвартай байх хуулийн өнгөрсөн хаврын чуулганаар баталсан.
Үүний дагуу НИТХ-аар энэ сарын 29-нд Хотын татварыг нэг хувиар тогтоон баталсан. Гэхдээ УИХ хууль батлахдаа 0-1 хувь байж болно гэж баталсан ч Нийслэл дэх АН- ынхан олонхиороо хүч түрснээр хуулийн дээд хязгаарт тулган нэг хувь байхаар тогтоосон юм. Харин үүнтэй холбогдуулан нийслэлийн МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийлээ.
Учир нь нийслэлийн МАН-ын бүлгээс эдийн засаг хүндрэлтэй иргэдийн амьдрал хэцүү байгаа учраас эхний удаад хуулийн доод хязгаарыг барьж тэг хувь байх саналыг гаргасан ч олонхийн бүлэг тэдний саналыг хүлээж аваагүй юм. Үндсэндээ тэд хотын татвар авч эхлэх цаг нь биш гэж үзсэн.
Гэсэн ч хотын дарга МАН-ын бүлгийнхнийг улс төржлөө хэмээн халгаахгүй байсаар хотын татварыг баталсан. Ингээд ч зогсохгүй иргэдэд очих дарамтыг нэгээр нэмж, тэднээс татвар авахаар болсондоо хөөрцгөөн, нэгэндээ баяр үргэн алга ташиж байсан нь иргэдээ тавлаж байгаа мэт харагдаж байсныг нуух юун.
Энэ талаар нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллийн эхэнд хэлэхдээ хотын удирдлагууд өөрсдөө хүч түрэн баталсан уг хуулиа хэт нэг талаас нь, эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж байгаа туйлын зөв мэтээр нэг талыг барьсан мэдээлэл түгээж байгаа учраас бодит байдлыг иргэдэд ойлгуулах үүднээс мэдээлэл хийж байгаагаа тодотгосон.
Түүнчлэн УИХ- аар хотын татварыг батлахдаа хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс татвар авахаар тусгасан бөгөөд бараа гэдэгт архи, тамхи, үйлчилгээнд баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэдэг байдлаар томьёолсон байна. Харин дээрх үйлчилгээг авсан нийслэлийн иргэн та нийслэлд нэг хувийн татвар төлөхөөр болж буйг тэрбээр тайлбарласан.
Харин эдгээр үйлчилгээг авдаггүй нийслэлийн иргэн бараг байхгүй учраас эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс татвар нэмэх цаг нь биш гэж үзээд тэг хувь буюу энэ удаад татвар авахгүй байх санал гаргасан ч хотын дарга төдийгүй АН-ын бүлгийнхэн энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулаагүй бөгөөд хүч түрэн баталсан байна.
Мөн хотын татварыг авдаг болсноор нийслэлийн төсөвт жилдээ 13-14 тэрбум төгрөгийг төвлөрүүлж дээрх мөнгийг манай улсад ирж байгаа жуулчид бүрдүүлнэ гэж ойлгуулахыг хотын дарга нар хичээж байгаа учраас нийслэлийн МАН-ын бүлгийнхэн үүнд залруулга хийсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад ердөө зуны гурван сард 400-500 мянган жуулчин ирдэг. Гэтэл тэд бүгдээрээ нийслэлд байрладаг уу, зочид буудалд амьдраад, баар, ресторанаар үйлчлүүлдэггүй.
Тэд нийслэлд байх биш зөвхөн манай улсын онгон байгальтай танилцаж, хөдөө аялахаар ирдэг учраас жуулчдын үлдээх татвар 13 тэрбумын нэг хувьд ч хүрэхгүй байгаа аж. Тиймээс татвараас олох 13-14 тэрбумыг Монголын ард түмэн бүрдүүлэх юм гэдгийг Д.Амарбаясгалан дарга тайлбарласан.
Түүнчлэн өнөөдөр нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж буй газруудын дийлэнх нь өөрсдийгөө рестораны ангилалд багтаадаг болсон. Учир нь дан ганц хоол хийгээд явахаар орлого бага олдог учраас архи, тамхи, пиво гэх мэт өнөөх татвартай бараа бүтээгдэхүүнийг борлуулахаас аргагүй болдог.
Тиймээс та бидний өдөр тутамдаа хооллож, ундалж байгаа газрууд татвар суутгагч болж, үйлчлүүлсэн иргэд татвар төлөгч болж хувирч байгааг МАН-ын бүлгийн тайлбарласан. Ингээд хүн бүр татвар төлөгч болох гэж байхад зөвхөн архи, тамхи буюу зохисгүй хэрэглээг хязгаарлах татвар гэж мушгин гуйвуулсан байдлаар тайлбарлаж байгаа нь ташаа гэдгийг ч хэлсэн.
Харин мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр хотын даргын өнгөрсөн хугацаанд ажилласан байдал, гаргасан зардлыг харахаар дэндүү үрэлгэн байдал гаргаж ирснийг дуулгасан.
Жишээлбэл, 2000-2012 он буюу бүхэл бүтэн 12 жилийн хугацаанд зарцуулсан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд Э.Бат-Үүл тэргүүтний зарцуулсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа ажээ. Ингээд хэвлэлийн хуралд ирсэн нийслэлийн МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.
Т.Гантөмөр: Буяны ажлаа гүйцэлдүүлэхдээ хүртэл татвар төлдөг болно
-НИТХ-аар баталсан хотын татвар Монгол улсын хууль, түүн- тэй холбоотой бу- сад эрх зүйн акттай зөрчилдсөн. Жишээлбэл, энэ хуульд амралтын газар татвар суутгагч байна, амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэд татвар төлөгч байна гэж заасан.
Харин ахмадууд аливаа сувиллын газарт очихдоо татвар төлөгч болж байгаа. Гэтэл төрөөс ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын тухай хуульд ахмадуудад амралтын газарт амарч сувилуулбал хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ гэдэг заалтыг зөрчихөөр болоод байна. Мөн Монголд өнөөдрөөс эхлээд ёс зүйн хувьд ойлгомжгүй байдал бий болж байна.
Та бидний ойрын хэн нэг нь бурхны оронд одоход буяны ажлыг нь бид томоохон ресторанд үйлддэг болсон. Гэтэл ингэж буяны ажил гүйцэлдүүлэхэд хүртэл татвар төлөхөөр болж байна. Мөн иргэд амралтын өдрөөрөө хотын агаарын бохирдлоос холдож, гэр бүлээрээ амралтын газарт очдог. Гэтэл бид ийм үйлчилгээ авахдаа ч хүртэл татвар төлөхөөр болж байх жишээтэй.
Р.Дагва: Татвар цуглуулагч 7000 аж ахуйн нэгжид 10 орчим тэрбумын кассын машин “шахах” гэж байна
Нийслэлийн татварыг баталсан АН-ынхны ярьж байгаагаар цаашдаа татварын төр- лийг өргөжүүлэх, ялангуяа нийслэлийн татварыг бааз суурийг нэмэгдүүлнэ гэж байгаа. МАН-ын бүлгийн тавьсан гол зорилго бол эдийн засаг суларч, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед хуульд байгаа боломжийг ашиглаж, тэглэх боломж байгааг хэлсэн ч хүлээж авсангүй.
Энэ татварыг хурааж авахад зориулж татвар суутгагчид маань сая 500 мянган төгрөгийг өртөг бүхий кассын машинтай болох ёстой. Ийм шаардлагыг дээрх дөрвөн төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Гэтэл өнөөдрийн нөхцөлд сая 500 мянган төгрөгийн үнэтэй кассын машиныг худалдан авах чадалтай ч бий, чадалгүй нь ч бас бий шүү дээ.
Жишээ нь, зургаан нэрийн барааны дэлгүүр гэхэд зарим нь сая төгрөгт л хөрөнгө нь эргэлдэж байдаг. Гэтэл ганц машиынг сая 500 мянган төгрөгөөг авна гэдэг хүнд шүү дээ. Ийм асуудал яриад эхлэхээр ийм хүмүүс тэр машиныг нь лизингээр авах боломж байна уу гэж асуулгаж байна шүү дээ.
Өнөөдрийн байдлаар 7000 гаруй татвар суутгагчид бүртгэлтэй байна. Гэтэл эдгээрт тус бүр бүрт нь сая 500 мянгын өртөгтэй кассын машин “шахах”-аар 10 орчим тэрбум төгрөг гарч байгаа юм. Үүний цаана хэний бизнес явж байна вэ, хэн нэг нь чоно борооноор гэдэг шиг бизнес хийх гэж байгаа юм биш биз дээ. Бид хардах эрхтэй шүү дээ.
Г.Төмөрбаатар: Хотын дарга иргэдийг доромжилдог болсон
-Гэр хороололд байдаг зургаа, болон найман нэрийн дэлгүүрийн өдрийн орлого 100-300 мянгөн төгрөг байдаг. Харин хотын төвийн жижиг аж ахуйн нэгжийн өдрийн орлого сая төгрөгт хүрэхгүй байна. Тиймээс хотын татвартай холбоотойгоор сая 500 мянгын кассын машин худалдаж авахад хүндрэл үүсэх нь ойлгомжтой.
Тэгээд энэ машиныг худалдан авах боломжгүй гэдгийг эдгээр аж ахуйн нэгж хэлж байсныг энд сануулъя. Түүнээс гадна хотын даргын дураараа авирладаг зан хэрээс хэтэрсэн.
Чуулган дээр асуудлаа мэдэхгүй орж ирж байна. Хотын аж ахуйн нэгжүүдээс татвар хураана гэж оруулж ирснээ сүүлдээ аж ахуйн нэгжүүдэд хамаагүй гэх мэтээр тайлбарлаж байх жишээтэй. Энэ бол иргэдийг доромжилж байгаа нэг хэлбэр.
С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийн төрөлжсөн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байна
-Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг хэлэлцэх үеэр бид тодорхой тооцоолол бүхий дүгнэлт танилцуулахад “Та нар архи, тамхины бизнестэй учраас хамгаалж байна” гэдэг тайлбар хийж байсан. Үүд бид албан ёсоор хариулахад МАН-ын ИТХ дахь төлөөлөгчдийн хэн нь ч архи, тамхины битгий хэл, чихэр боовны ч бизнес хийдэггүй.
Мөн хотын татварын хууль бол анхнаасаа иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээний тав, арван төгрөг рүү өнгийсөн хэт явцуу хууль болсон. Энэ хуулийг буруугаар мушгиж хэрэгжүүлэхийн тулд улайрч байгаа явдал. Нийслэлийн иргэд орчин үеийн, төрөлжсөн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байна гэж бид үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, иргэд ресторан, баар гэх мэт үйлчилгээний газраар үйлчлүүлснийхээ төлөө татвар төлж байгааг нь байж боломгүй хэрэг шүү дээ. Энэ бол ерөөсөө цаг үеэ олоогүй. Нийгэм нийтээрээ тансаг амьдарч байгаа зүйл ерөөсөө байхгүй. Гэтэл энэ татварыг авах гол зорилгоо тансаг хэрэглээг танах гэж оруулж ирж байгаа. Гэтэл манай нийгэмд өнөөдөр тансаг амьдарч байгаа айл цөөхөн байна шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Новш гэж. Идэж уухаа хүртэл ийм новшуудаар хязгаарлуулах болж байна уу? Өөрсдийнхөө идэж уусан мөнгөө ард түмнээр нөхүүлэх гэж байна ш дээ. Ичиж амьдраасай. Бурхан минь, ард түмнээ доромжижл байгаа Үүл баатар зэрэг хүмүүсийг хатуу цээрлүүлээсэй.
etsiin etrst bid edniig songoj alban tushaald hurgesen.iimees songoltoo zov xiij baimaar bna
Бас ч ор тас идчихээгүй нүдэнд харагдахаар хийсэн юм Улаанбаатарт бишгүй байгаа Ху намын үед үзэгдэх зүйл байсан билүү санаа ч