АТГ нь хүний хувийн мэдээлэлд шууд халдах боломжтой программ зардаг компанитай 220 мянган еврогийн гэрээ байгуулжээ
Манай улсын Авлигатай тэмцэх газар нь Италийн Милан хотод байрлалтай “Hacking Team” компанитай гэрээ байгуулсан талаарх баримт олон нийтийн сүлжээнд ил болоод байна. “Hacking Team” байгууллага нь хүний хувийн мэдээлэлд шууд халдах боломжтой комьпютерийн программуудыг зарж борлуулдагаараа дэлхийд алдартай.
Авлигатай тэмцэх газрын хувьд дээрх гэрээг өнгөрсөн зургадугаар сарын 4-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар байгуулж, 220 мянган евро төлөхөөр болжээ.
“Hacking Team” ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
“Hacking Team” нь Италийн Милан хотод төв оффисоо ажиллуулдаг мэдээллийн технологийн компани юм. Засгийн газар, Хууль хэрэгжүүлэгч агентлаг, корпорациудад чагнан тагнах, хувийн мэдээлэлд шууд халдах боломжтой программуудыг зарж борлуулдаг. Тус компанийг хүний эрхэнд халдсан программуудыг Засгийн газруудад борлуулдаг гэх хурц шүүмжлэл олон улсад байдаг байна.
АТГ тус компаниас ямар программ авсан бэ?
Авлигатай тэмцэх газар нь тус компаниас Remote Control Systems нэртэй программ авахаар гэрээ хийжээ. Тус программ нь интернет хэрэглэгчдийн харилцааг хянах, нууцалсан файл, имэйлүүдийг тайлах, skype болон бусад voice over IP-тай харилцаа холбооны хэрэгслүүдийг бичих, компьютерүүдийн камер, микрофонуудыг алсаас удирдан ажиллуулах боломжийг олгодог байна. Харин “Hacking Team”-ээс авсан бүтээгдэхүүнээ ёс бусаар ашигласан бол гэрээг цуцлан, програм хангамжийг идэвхигүй болгодог аж.
АТГ нь үйл ажиллагаандаа хэрэглэх гэж тус программыг авсан нь мэдээж байх. Өөрсдөөс нь асуухад ч ингэж л хариулах биз. Гэхдээ Монгол улсын үндсэн хуулинд иргэний хувийн нууцыг хуулиар хамгаална гэж заасан байдаг юм. Хэрэв энэ программыг АТГ хувь хүн дээр ашиглаж байвал үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байна гэсэн үг.
24tsag.mn
URL: