12 километрийн алдагдал буюу шатахууны татаас

169196-03092015-1441247968-691518779-benzinИх наяд төгрөг гэж хэдий хэмжээний мөнгө болохыг та төсөөлж үзсэн үү? Шаргал туяатай арван мянгатын дэвсгэртээр сая төгрөг багсайтал бооход, өргөн нь 1.2 см болдог гэж банкны теллер найз маань хэлэв. Тэгэхээр оны эцэст нэг их наяд төгрөгөөр тасрах прогнозтой төсвийн алдагдлын “урт” 12 километр болох нь ээ. Улсын наадмаар даага 10- 12 километр замд уралддаг гээд бодоход, бид баян ходоод болохгүйн төлөө давхиж явна.

Өдгөө төсвийн зардал орлогоосоо 769.2 тэрбум төгрөгөөр холоо тасраад явчихаж. Ингэж тасрахдаа цалин мөнгөө цагт нь буулгасан бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа танасан юм. Ухаандаа цэцэрлэг барих мөнгөө царцаагаад, тогоочид нь цалин тавих зарчмыг баримталж байна. Тэгэхдээ ирэх сараас төсвийн ажилтнуудын цалинг тавих хүч хүрэхгүй нь гэсэн яриа хаа сайгүй тархжээ. Оны эцэст их наяд төгрөгийн алдагдал хүлээх магадлалтай энэ цагт үнэний ор бий. Тиймээс ч Сангийн яамныхан оны эхэнд тодотгуулсан төсвөө дахин “гялтайлгахаар” тооцоо судалгаагаа хэдийнэ хийгээд эхэлсэн.

Хилийн үнэ өөрчлөгдөөгүй байхад татвар нэмэх төлөвтэй

Орлого олох гарцыг Ерөнхий сайд өөрөө зааварчлаад, Сангийн яамныхан тооцоолол хийсэн. Тооцооллоо энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулах товтой. Тэд бензинээс авдаг онцгой албан татварын хэмжээгээ өсгөж магадгүй бөгөөд эцэслэн шийдээгүй байгааг юуны урьд уншигч танд сануулъя.

Тэгвэл энэ шийдэл бидэнд хэр тус болох вэ? Шатахууны жижиглэнгийн үнийг өсгөчихгүй байгаа гэх асуулт урган гарна. Хэдийгээр Ерөнхий сайд шатахууны үнэ өсөхгүй гэж ам бардам хэлэх боловч хилийн үнэд өөрчлөлт ороогүй юм билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын байдлаар тонн шатахууныг ОХУ-аас 700-800 ам.доллараар худалдан авч байгаа нь өмнөх саруудынхтай л ижил дүн юм. Ер нь манайх оны эхэнд ОХУ-тай хилийн үнийн гэрээ хийчихдэг шүү дээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУЛГАХ БОЛОМЖ БАЙСАН

Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тооцоод, бараг гурван жилийн хугацаанд 1600 орчим төгрөгт хадгалсан талаар шуудхан хэлэх хүн олдохгүй л байна. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн ханш 50 хувиар буурч байхад манайд литр шатахууны үнэ 1600 орчим төгрөгт хадгалагдсан хэвээр. Харин жаахан л өсөхөд, ханшийн зөрүү энэ тэр гэсээр нэмчихдэг биз дээ.

Өмнөх онуудад шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс онцгой албан татвар авахаа больсон ч энэ онд нэлээд хэмжээний татвар авахаар оны эхэнд төлөвлөсөн. Тодорхой хэлбэл, 251.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлого олохоор тооцсон нь өмнөх онтой харьцуулахад 1819.7 хувиар өссөн дүн юм. Дээр дурдсан 251.5 тэрбум төгрөгийн татварын хэмжээг Ерөнхий сайд өсгөх сонирхолтой байгааг та ойлгосон байх. Шатахууны хилийн үнэ өөрчлөгдөөгүй энэ үед татварын хэмжээгээ өсгөөд өсгөөд, жижиглэнгийн үнэ өсөхгүй гэж баттай хэлээд байгаагийн учир юу вэ?

Тоо бодъё. Хилийн үнэ одоо болтол 700-800 ам.доллартай тэнцсэн хэвээр. Тэгвэл татварын хэмжээг өсгөхөд яагаад жижиглэнгийн шатахууны үнэ өсдөггүй, АИ-92 бензиний үнэ 1660 төгрөгтэй тэнцдэг юм бэ? Сэлэнгийнхэн ОХУ руу нэвтэрч хямдхан бензин авдгийг хотынхон шүлсээ гоожуулан ярьдаг юм бэ? Өөрөөр хэлбэл, өмнөх саруудад шатахууны үнийг буулгах өчнөөн боломж байсныг сайдын хэлсэн үг батална.

Шатахууны үнэ буурахад эрсдэл бий гэдгийг эдийн засагч нар онцлоод байгаа боловч үнэ өөдөө мацахад үүсэх эрсдэлийг тоодоггүй санагдана. “Эрсдэлийг даваад гарна, яадаг юм” гээд иргэд шүдээ зуудаг. Ухаандаа өдгөө 1660 төгрөгтэй тэнцэж буй АИ-92 бензиний үнэ 1500 болж уруудаад, эргээд 1660 болон өсөх үед инфляци гаарна гэж айжээ. Төлбөрийн чадвар муутай улсын нэг зовлон энэ. Гэлээ гээд, шатахууны үнийг өсгөхдөө гуяа алгадчихаад, буулгахдаа шалтаг тоочоод байгааг юу гэж ойлгох юм бэ?

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ ЮМ УУ

Шатахууны онцгой албан татвараас 251.5 тэрбум төгрөг авахаар тооцсон нь өмнөх оноос 1819.7 хувиар өсчээ

Энэ таамгийг биелэхгүй гэдгийг Ерөнхий сайд анхнаасаа хэлсэн. Гэхдээ өмнө нь яагаад шатахууны үнийг буулгаагүй юм бэ гэж сөргүүлэн асуугаад үзвэл юу гэх бол? Мэдээж Ч.Сайханбилэг өсгөхгүй л гэвэл бензиний үнийг өсгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр татвар өсөөгүй тохиолдолд бензиний үнэ буурах ёстой байжээ. Хэрэв Сангийн яамны энэ долоо хоногт танилцуулах тооцоололд шатахууны онцгой албан татварын хэмжээг өсгөөгүй байвал, “Үнэ буулга” гэж бичих юм шүү.

Үе үеийн Засгийн газарт бензиний үнэ дарамт болж ирснийг бид мэднэ. Тухайлбал, 2008 онд бензиний үнэ 369 төгрөгөөр өссөн нь өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар дээшилсэн байна. Үүнийг дагаад килограмм гурилын үнэ 58 хувиар өсөх жишээтэй. Нэг жилийн дотор шүү дээ. Харин ханш бага зэрэг сулрах үед гурилын үнэ буураагүй байна. Тиймээс ч энэ жил жижиглэнгийн бензиний үнийг буулгаагүй юм гэж Ерөнхий сайд хариулах вий.

Ер нь монголчуудын сэтгэлгээнд “Энэ угаасаа л ингэж чадахгүй” гэх бодол хүчтэй байдгийг харуулна. Шатахууны үнэ буулгахад угаасаа л гурилын үнэ буурахгүй гэх айдас хаа хаанаа байгааг харуулж байгаа юм. Угтаа зах зээлийн зарчмаараа буух үедээ буураад, өсөх үедээ өгсөх учиртай.

Эцэст нь, энэ жил шувтарч байна. Одоо бидэнд хоёр сар үлдлээ. Бүсээ чангалаад, “хэт тогтвортой” бензинээ хэрэглээд он давах нь давна. Харин ирэх жил яах бол? Үнэндээ энэ асуулт болон үлдэж байна. Бас л “гурилын үнэ угаасаа л буурахгүй” гээд суух юм болов уу. Эсвэл татвар хураамжаа жигтэйхэн их нэмэх юм болов уу? Ямартай ч энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэдэгсэн. Ирэх жил мөрөөдлийн тоогоор лав төсөв бичихгүй биз ээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих