Москва Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгч эхэллээ

agaariin tsohilt

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн цэргийн хүчнээ зузаатгахад тусалж байгаа ОХУ-ын гол зорилго нь “Исламын улс” байгууллагатай холбоотой гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ыг ийн мэдэгдэл хийсний дараа хоёр орны төрийн тэргүүн хаалттай уулзалт хийсэн юм.

Тэгвэл үүний дараахан ОХУ “Исламын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг онилон Сирийн нутаг дэвсгэрт анх удаа агаараас цохилт өгснөө мэдэгдэж, АНУ энэхүү ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр энэ талаар уулзаж, ярилцсан байна. Жон Керри террорист бүлэглэлийн эсрэг тэмцэлд цохилт өгөх Оросын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг даруй огцрохыг шаардах нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр “Башар Ассад эмх цэгцтэй шилжилтийн үйл явцын хүрээнд огцрох ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл АНУ Башар Ассадыг нэн даруй гэж огцруулах шаардлагаасаа ухарсан бололтой.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр “Исламын улс” бүлэглэлийн арми, харилцаа холбоо, хяналтын газар зэрэг найман зорилтот байршилд агаараас цохилт өгсөн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр одоогоор босогчдын бүлэглэлийн зүгээс ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байгаа аж.

Баатарцогт СУВД-ЭРДЭНЭ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр тус улсын агаарын хүчин нь олон улсын эрх зүйн дагуу террорист үйл ажиллагааны эсрэг цохилт өгсөн байна. ОХУ-ын Холбооны зөвлөл Сирийн нутаг дэвсгэрт хүч хэрэглэх, хилийн чинадад цэргийн ажиллагаа явуулах саналыг дэмжсэнээс хойш нэг цагийн дараа агаарын цохилтуудыг өгч эхэлжээ.

Агаарын цохилт өгсөн газрууд

Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Барак Обамагийн анх хэлж байсанчлан ОХУ-ын агаарын цохилт Исламын улс байгууллагатай холбоогүй байх талтай аж. Учир нь, Москва “стратегийн зорилт бүхий” газарт тооцогддоггүй Хомс хотын ойролцоо хоёр ч удаа цохилт өгсөн нь Москвагийн гол зорилго террорист бүлэглэлийг буулган авах биш гэх таамгийг дэвшүүлж, эргэлзүүлж эхлээд байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих