ОУХМ Д.Отгондалай: Доха дахь миний гол өрсөлдөгч хэн бэ гэж үү


Монголын шилдэг ширэн бээлийтнүүд бэлтгэлээ дуусган Катарын нийслэл Доха хотноо 10 дугаар сарын 5-15-нд болох Дэлхийн аваргын дэвжээ рүү зорихын өмнөхөн Азийн Боксын Холбооны албан ёсны хуудсанд тавигдсан Д.Отгондалайн тухай мэдээлэл, ярилцлагыг нэгэн боксын хорхойтон эх хэл рүүгээ хөрвүүлжээ. Итгэл, урам зориг ханхалсан энэ сайхан ярилцлага дасгалжуулагч, тамирчдад маань амжилтын цацал болог!

Амжилтын төлөө хамтдаа, эрч хүч, эв нэгдлээ дээдлэн яваа найзууд, дүү нартаа амжилт хүсье!

“Доха-2015” Дэлхийн аваргад алтын төлөө

Д.Отгондалай 2014 оны Инчёоны Азийн наадмаас алтан медаль хүртэж, улмаар Бангкокт болсон Азийн Боксын холбооны аварга шалгаруулах тэмцээнд энэхүү хүчтэй тоглолтоо дахин үзүүлэн хөнгөн жингийн ангилал 60 кг-д бүх өрсөлдөгчөө ялсан билээ. Тэрбээр маш өрсөлдөөнтэй энэхүү жингийн ангиллын шилдгүүд оролцох AIBA-гийн Дэлхийн Боксын аварга шалгаруулах “Доха-2015″ тэмцээнд эрчимтэй бэлтгэж байна.

ДАШТ БУЛХАЙГҮЙ ЦЭВЭР ШҮҮТ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНҮҮДЭЭР ДҮҮРЭН БОЛООСОЙ

“Би Бангкокийн тэмцээнээс залгуулаад “Доха-2015”–ын бэлтгэлдээ орсон бөгөөд миний хувьд мэдээж Катараас алтан медаль авах итгэл найдвар өвөрлөж байгаа. Мөн миний Рио дэ Жанэйрогийн Олимпийн эрх авахыг зорьж буй “Доха-2015” ДАШТ-ийг булхайгүй цэвэр шүүлт, шударга өрсөлдөөнүүдээр дүүрэн болоосой хэмээн хүсч байна.

Бокс гэдэг өрсөлдөгчийнхөө эсрэг тулаанд маш олон төрлийн ур чадвар гарган байж ялалт байгуулдаг эр зоригийн спорт гэж би боддог, тийм ч учраас би тулааны спортод дуртай.

ДОЛОО ХОНОГТ 17 ЦАГИЙН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

Азийн боксын холбооны аварга шалгаруулах тэмцээнээс хойш долоо хоногт 17 цагийн бэлтгэл хийж, тактик, техникийн ур чадвараа хөгжүүлж байна, гэхдээ бэлтгэлийн үед чухам юун дээр төвлөрч байгаа вэ гэдэг маань нууц хэвээр үлдэг дээ. Миний хувьд Азийн аваргын хүрэл медальт Б.Жавхлан, өндөр зэрэглэлийн боксчин О.Батхүү нарын зэрэг сорилт бэлтгэлийн хүчтэй тамирчидтай бэлтгэлээ хангаж байна.

Нөр их бэлтгэлийн эцэст ДАШТ-д тавьж буй өөрийн үндсэн зорилгоо биелүүлэх боломж гарна гэж бодож байна. Энэхүү шаргуу бэлтгэл сургуулилт маань айсуй тэмцээнд намайг улам илүү эрч хүчтэй байлгана гэдэгт ч итгэж байна.

БҮГДЭЭРЭЭ МИНИЙ ХҮЧТЭЙ ӨРСЛӨДӨГЧ

Доха дахь миний гол өрсөлдөгч хэн бэ гэж үү? Бүгдээрээ л миний хүчтэй өрсөлдөгчид байх нь ойлгомжтой, яагаад гэвэл тэдгээр боксчид энэхүү дэлхийн аваргад тив тивийн холбоодын аваргаас шилэгдэн ирж буй ялагчид, аваргууд шүү дээ” хэмээн Монголын хамгийн өндөр хүлээлт, итгэл найдвар болж буй Д.Отгондалай өгүүллээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Deme.Demchigsuren


URL:

Сэтгэгдэл бичих