Нийтийн байранд орох уу, хажуу өрөө түрээслэх үү

Мөнгөн хонхны дуугаар “Их” номын дуу сонсох гэсэн оюутан залуус нийслэлийг зорин иржээ. Догдлол дүүрэн тэндий нэг асуудал нь орон байр юм. Сүүлийн жилүүдэд бараг л гудамж болгонд нэг нийтийн байртай айл байдаг болсон гэхэд хилсдэхгүй бизээ. Манай сонины сурвалжлах хэсэг энэ тухай сурвалжлах үед. үнэ хөлсний хувьд энэ жил түлшний үнийг дагаад ч тэрүү өнгөрсөн оны мөн үеэс 20 мянган төгрөгөөр өсчээ.

Мөн тухайн нийтийн байр хаана байрлалтай болон, тохижилтоосоо хамаараад нэг сарын хөлсний үнэ нь харьцангүй өөр өөр байна. Ингээд “Зуун айл”-ын есдүгээр дэлгүүрийн ард байрлах нэгэн нийтийн байранд орлоо. Хоёр давхар энэхүү байшингийн нэг өрөөний сарын төлбөр 120 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.

Учир нь хотын төв хэсэгт байрлалтай, худаг буудалдаа ойрхон гэж байрны эзэн Г.Даваа ярилаа. Тус байранд оршин суугчдын яриагаар өнгөрсөн жил сарын түрээс нь 100 мянга байсан гэнэ. Өвөл болохоор нүүрс түлээ гээд нэмээд 20 мянган төгрөг авдаг аж. үүний дараа очсон газар бол Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу бидний нэрлэж заншсанаар “Шар хад”-ны хоёрдугаар буудалд байрлах нийтийн байр юм.

Тус байрны сарын түрээс 80 мянга гэнэ. Зар сонин үзвэл хөлсний байрны үнэ доод тал нь 80 мянга дээд тал нь 150 мянга бөгөөд 3-аас дээш сараар нь хөлсийг авдаг байна. Харин айлын хажуу өрөө 150 мянган төгрөг, хашаа байшин 30-100 мянган төгрөг, монгол гэрийн сарын түрээс нь 20 мянга, хоосон хашаа 15-25 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна.

О.ОЮУНЧИМЭГ: ТАНИЛТАЙ НЬ Л ДОТУУР БАЙРАНД ОРНО

Ингээд байр хайж яваа ШУТИС-ийн оюутнуудтай таарсан юм. Тэдний нэг ШУТИС-ын оюутан О.Оюунчимэг:
-Хэддүгээр курс вэ?

-Дөрөвдүгээр курс

-Хэр олон байр сонирхов. үнэ ханшийн хувьд ямар байна вэ?
-Тав зургаан байраар орлоо. Өнгөрсөн жилийг бодвол нэмэгдсэн байна. Гэхдээ нийтийн байр олширсон байна.

-Танай сургууль чинь дотуур байртай биз дээ?
-Манай сургууль нэг, хоёрдугаар курсийн оюутнуудаа эхлээд дотуур байрандаа оруулдаг юм. Харин үлдсэн өрөөнд нь танил талтай нь л орох байх. Би хэдэн найзтайгаа хамтран нийтийн хөлсний өрөө түрээслэхээр болоод л түрээсийн байр хайж явна даа.

-Яагаад заавал нийтийн хөлсний өрөө гэж?
-Түрээсээ төлөөд л байвал арай тайван дураараа байх боломжтой шүү дээ. Гэхдээ чанар муутай хүйтэн тухгүй байшинд ороод зарга хийвэл мөнгөө нэгэнт өгчихсөн юм чинь “Хохь чинь” гэж магадгүй болохоор сайн судалж байгаа гэв.

НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЁСТОЙ
Тэгэхээр шинээр болоод өмнө нь ашиглагдаж байсан нийтийн байрнуудыг сайн судлахгүй л бол гэмтэй байж мэдэх нь байна. Ингээд нийтийн байрны чанар, стандартын талаар мэргэжлийн хүний байр суурийг сонссон юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд бүтцийн албаны дарга П.Мягмар “Манай байгууллагаас нийтийн байрны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авах ёстой ч амины байшин барьж байгаа гээд зөвшөөрөл авдаг хүн тун ховор байдаг.

Тиймээс чанартай чанаргүй баригдсан гэж хэлэхэд хэцүү. Тэдгээр барилгууд хотын төвлөрсөн цэвэр бохир усны шугаманд холбогдоогүй байдаг учраас дур мэдэн үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ нийтийн байртай холбоотой гомдол санал гарвал харьяа дүүргийнхээ хяналтын байцаагчид хандаж болно” гэлээ.

Н.Мөнх
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих