Төсвийн хатуу, мөнгөний зөөлөн бодлого


Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн орлого нэг их наядаар дутаж байгаа нь бодит үнэн. Үүнийг Сангийн яамнаас гаргасан тооцоо батална.

Төсвийн алдагдлыг нөхөх өөр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтыг хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгосон. Мөн тэрээр төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналыг Сангийн сайдад дуулгасан. Ингэснээр 2930 улс төрийн албан тушаалтны цалингийн хэмнэлт 1.8 тэрбум төгрөг болох аж. Энэ тасарсан төсвийн хоёр орчим хувь болно гэсэн үг.

ТАНСАГЛАЛ БА СУРГАМЖ

Өнгөрсөн баларсныг яриад байвал дуусахгүй. Тэглээ гээд цаг хугацаа ухрахгүй гэдгийг хүмүүс мэднэ. Харин алдаан дээрээ суралцан, засч, залруулах нь оюун ухаант хүмүүний хийх үйлдэл.

Хоосон ярьж, цэцэрхэж суухаар ажил үйлсээрээ харуулах цаг нэгэнт болсон. Учир нь дампуурал хаяанд ирээд хаалга тогшиж байхад ширээ сандал, албан тушаал яриад суух нь утгагүй. Бидэнд бүгдийг шинээр эхлэх боломж бий. Учир нь хэт өсөлттэй жилүүдийн тансаглал сургамж болсон байх учиртай.

Тэгэхээр ирэх жилийн төсвийг хэрхэн батлах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулмаар байгаа юм. Өнөөдөр 2016 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барьж байгаа. Тэрхүү төсөв нь  танаж, хассан гэхээсээ илүүтэй бодит байдлыг мэдэрсэн тоо байгаасай гэж залбирах нь холгүй хүлээж суугаа хүмүүс олон.

Учир нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврах гарц нь ирэх жилийн төсөв. Магадгүй сонгуулийн жил гээд танасан гэж ярьчихаад цаасан дээр өсгөсөн дүн тавьчих вий гэх болгоомжлол байгааг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс л улсын төсвийг алдагдалгүй батлахыг хатуу анхааруулсаар байгаа.

Ер нь төсвийг алдагдалтай батална гэдэг нь хувийн хэвшлийг боомилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хангалттай хэмжээнд хэмнэсэн аж ахуйн нэгжүүд дахиад бүсээ чангалах төсвийг Сангийн яам өргөн барих сурагтай.

ТӨРИЙНХНИЙГ ЦОМХОТГОЖ ХУВИЙН ХЭВШИЛД ШИНГЭЭХ БОЛОМЖ

Эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай. Төрийн данхар бүтэц хумигдах нь танах нэг боломж гэдгийг судлаач, эдийн засагчид хэлдэг. Энэ нь зүгээр ч нэг хэлсэн зүйл биш гэнэ.

Сүүлийн үед одоо байгаа 15 яамыг ес болгох “бор шувуу нисч” байна. Гэхдээ ирэх жилийн наймдугаар сараас эхлэх юм байх. Нэг үгээр хэлбэл, төрийн нүсэр аппаратад байгаа шаардлагагүй албан тушаалтныг халж, хувийн хэвшилд шингээх боломжтой аж. Тиймээс ажилгүйдэлд хувийнхан өртөх үү, төрийнхөн өртөх үү гэдэг салаа замын уулзварт ирсэн хэрэг.

Гэхдээ сонголт хийх эрх нь нээлттэй юм. Хэрэв хувийн хэвшлийг шахах шийдвэрт хүрвэл мөхлийн ирмэгт байгаа манай улс ангал руу сум шиг хурдална хэмээн эдийн засагчид хэлж байна.

АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАЙСАН

Өнгөрсөн жилүүдэд төсөв батлагдахдаа орлогоосоо давсан зардлыг төлөвлөдөг байсан. Өөрөөр хэлбэл, зургаан их наядын орлого олж, долоон их наядыг зарцуулахаар төсөвлөдөг байв. Энэ нь бидний санааг зовоож буй ирэх жилүүдээс төлж эхлэх өртэй шууд холбоотой. Өдрөөс өдөрт өсөх өрийн шалтгаан нь төсвийн алдагдал.

Тэгэхээр төсөв алдагдалтай байгаа нь төсөөллөөр орлого, зарлагаа төлөвлөснөөс үүдэлтэй. Энэ нь хөрөнгө оруулалтад таагүй нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Бидний өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж байгаа хөрөнгө оруулалтын чөдөр бол алдагдалтай төсөв гэдгийг мартах учиргүй юм. Магадгүй, төсвийн зарцуулалтын өсөлт саарч байгаа гэх биз. Гэхдээ үүнийг төсвийн хатуу бодлого гэж харж болохгүй.

Үнэн хэрэгтээ төсвийн бодлого хатуу байх учиртайг макро эдийн засаг шаардаж бас дохио өгсөөр байгааг анзаарах нь зүйтэй хэмээн судлаачид сануулж байна. Бид өнгөрсөн жилүүдэд импортод суурилсан төсөв баталдаг байсан. Энэ нь хэврэг бөгөөд бидний явах зам биш гэдгийг харлаа. Тиймээс төсвийн төсөөлөл өөр төвшинд очих учиртай юм.БОДЛОГЫН ХҮҮ ХЭРХЭХ НЬ ТӨСВӨӨС ШАЛТГААЛНА

Мөнгөний бодлогын хүү хатуу байх нь зээлийн хүүд шууд нөлөө үзүүлдэг. Энэ нь бизнесийнхэнд халтай. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийг боомилж буй хэрэг.

Арилжааны банкны зээл эрс хумигдсан тухай статистикчид хэлж байв. Энэ нь ажилгүйдэл нэмэгдэж, чанаргүй зээл өсч байгаагаас харагдана. Харин Төвбанк бодлогын хүүгээ сулруулж чадахгүй байгаагаа учирласаар.

Хэрэв төсөв хатуу бодлого баримталвал мөнгөний бодлогын хүү зөөлрөх боломж бий гэдэг. Ингэснээр аж ахуйн нэгжүүдээ дэмжин, ажлын байрыг хадгалж үлдэх боломжтой юм. Мөнгөний бодлогын хүү ямар төвшинд байх эсэх нь төсвөөс шууд хамааралтай болж буй.

ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСӨХ УЧИРТАЙ

Ирэх оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төсөлд 2015-2018 онд нам, тогтвортой инфляцтай, эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан ханшийн бодлого баримтлан, банкны салбарын эрсдлээс сэргийлсэн бодлого баримтлах нь зүйтэй гэж тусгажээ. Энэ нь макро эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хад­га­лахад нөлөөлөх юм. Түүнчлэн банк санхүү­гийн байгууллагын тогт­вор­той байдал ч чухал.

Хамгийн гол нь макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлэх учиртайг уг төсөлд тусгасан байна. Энэ нь дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй юм.

Мөн улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллахыг ч тусгасан байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дор хаяж гурван жил шаардах бөгөөд валюын орох урсгал ч чухал нөлөөтэй ажээ.

Ийнхүү 2016 оны нэгдсэн төсвийг алдагдалгүй батлахыг эрдэмтэн судлаач, шин­жээ­чид сануулж байгааг уламжиллаа. Тэнхээгээрээ бүсээ чангалсан ч алдагдалтай төсөвт нэрвэгдэх вий гэх болгоомжлол байгааг эрхэм гишүүдэд сонордуулъя.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Монгол Огноо: 2 October 2015

ТӨСӨВ ИЙМ БАЙХАД АСЕМ-ИЙН УУЛЗАЛТ ХИЙНЭ ГЭЭД ӨЧНӨӨН ТЭР БУМААР ЗАРЦУУЛЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТАНД ЯМАР ХАРИУЦЛАГА БАЙНА ВЭ???

Сэтгэгдэл бичих