АН үзэл бодол биш ашиг сонирхлын нэгдэл болж гүйцлээ
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал байнгын хороодын хэлэлцэх асуудлын эхэнд байгаа. Намрын чуулганы хуралдаан ийнхүү улс төрийн нүүдлээр эхлэх нь. Үүний араас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хуулийн төслийг өргөн барихаар Г.Уянга гишүүн гарын үсэг цуглуулж байгаа.
Уг тогтоолын төсөлд АН-ын гишүүд эхнээсээ гарын үсэг зуржээ. Засагт нь хамтарч байгаа нам, эвслийн гишүүд санаачлан Ерөнхий сайдыг унагах санал гаргаж байгаагаас харахад Ч.Сайханбилэгийн танхим тийм ч тогтвортой биш нь харагдана. Мөн намынх нь гишүүд, улс төрд олон жил хамт явсан журмын нөхөд нь түүнийг огцруулахыг дэмжиж байгаа нь АН-ын дотоод хямрал тэмцэл өргөс авсан юм шиг зүгээр болчихоогүйн илрэл юм.
УИХ-ыг 76 өрөгтэй шатрын хөлөг гэвэл энэ хөлөг дээр одоохондоо АН давамгай олон бодтой. Гэхдээ тэд олонх биш. Зүгээр л “арай олуулаа”. “Арай олуулаа” АН өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд арай гэж л төр барилаа. Дангаараа олонх болоогүй тул бусад улс төрийн намуудтай хамтран “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газраа байгуулсан. Жилийн өмнө парламентад суудалтай бүх нам руу хадаг барин байж “Шийдлийн” гэх Засгийн газрыг байгуулав.
“Шийдлийн” Засгийн газрыг байгуулаад ч АН-ын зовлон нимгэрсэнгүй. Сахил аваад шал дордов гэгч л болсон. Энэ нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, намын даргын суудлаас нь мулталсан тэр агшнаас л эхэлсэн юм. Парламентад олонх буюу хамгийн олон суудалтай намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгийг тэд энэ удаа эвдэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бус УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргын суудалд суусан билээ.
Ингээд АН үндсэндээ хоёр толгойтой болж орхив. Намын дарга том уу, Ерөнхий сайд илүү юү гэсэн хоёр үзүүртэй асуултын дунд АН- ын фракцууд бүтэн жил тэлчлэв. Хоёр “толгой” нь ч бие бие рүүгээ байнга хялайгаастай. Олон фракц нь хоорондтоо эв түнжингүй. Хөл хөл дээрээ үргэлж гишгэлээстэй. Намаа хэдэн тийш чангааж, Засгийн газрыг нь ч ийш тийш ганхуулах нь жирийн хэрэг явдал болов.
Эцэстээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сард болсон ээлжит бус чуулганы өмнө З.Энхболдыг АН-ын даргаас огцруулах саналыг ҮЗХ- ндоо оруулна гэж мэдэгдэх хүртлээ зөрчил хурцадсан. З.Энхболд, Ч.Сайханбилэг нар ойлголцсон гэсэн мэдээлэл тарснаар дээрх асуудал намжсан ч энэ бол түр зуурын нам гүм байж мэднэ.
Учир нь мөнхийн эрх ашиг гэж байдгаас мөнхийн нөхөр гэж байдаггүй гэдэг үгийг дээрх хоёр эрхэмд хаяглаж болох юм. Эрх ашгийг нь хөндөх юм бол тэд хэн хэнийхээ эсрэг “түгжилдэж” мэднэ. Ийнхүү дээдэс нь суудлаа олоогүй АН доогуураа гүйдлээ ололгүй гурав дөрвөн жил өнгөрөв.
Өөрөөр хэлбэл, намынхаа дунд шатанд АН-ынхан байнгын хэрүүл, зодоонтой. Нийслэлд Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн АН, орон нутагт Дорнод, Дундговь, Дархан-Уул аймгийн АН гээд ийм талцал, толхилцлын сонгодог жишээ болсон дунд шатны нэгжүүд бий. АН-ын дунд шатны намын байгууллагын гишүүд нь хэний хүн, аль фракцынх вэ гэдгээрээ талцаж аваад, манайхан, дайсныхан болж байгаад байлдаантай кинонд гардаг шиг жинхэнээсээ үзэлцдэг гэж байгаа. Энэ бүхний цаад шалтгаан нь өнөө л эрх мэдэл, албан тушаал, мөнгө. Ийм талцлын хөлд чирэгдэж хохирч үлддэг нь орон нутгийн иргэд.
Ер нь АН эрх мэдэлд хүрэхээрээ ингэж дотроо дажинтай болдог нь гэм биш зан. Үүнийгээ өнгөн дээрээ ардчиллын илрэл гэж тайлбарладаг ч хэрэгтээ бол албан тушаал, эрх мэдлийн төлөөх фракц хэмээх нэгдлүүдийн тэмцэл байдаг. Сайд нар хийгээд агентлагуудын дарга нарын томилгооноос эхлээд дунд, доод шатны албан тушаалын томилгооноос үүнийг бэлээхэн харж болно. Хамгийн сүүлийн бэлэн жишээ бол МАН-ын зургаан сайдын оронд хийсэн томилгоо. Фракцуудынхаа эрх ашгийг тэнцүүлэх, Засагт хамтарсан эвслийнхээ шахалт шаардлагыг биелүүлэх гэж Ерөнхий сайд нэлээд тэвдсэн.
Уг нь аль хавар намынхаа 25 жилийн ойн баярын хурлын индэр дээрээс УИХ-ын дарга З.Энхболд АН-д фракц гэж байхгүй болсон гэдгийг зарласан. Гэхдээ энэ нь зүгээр тунхаг төдий байсныг түүнээс хойшхи олон үйл явдал бэлхнээ харуулсан билээ. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг ингэж хэлж байхад л түүнийг эсэргүүцсэн АН-ын залуус уриа лоозон барьж зогссоноосоо болж Соёлын төв өргөөнөөс хөөгдөж, туугдан гарч байсан юм.
АН-ын дарга фракцгүй болсноо тунхагласан нь үнэн хэрэгтээугнамардчилалгүйболсныг л зарласан хэрэг байв. Уг нь АН-ын удирдлагууд “Манай намынхан ил фракцалж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүр зодолдож ч байдаг. Энэ нь ардчиллын нэг хэмжүүр. Харин МАН-ынхан өнгөн дээрээ эв нэгдэлтэй ч далд бугшдаг” хэмээн ярьцгаадаг.
Гэтэл тэд энэ үгнээсээ гэнэт буцаж өөрсдөө далд бугшихаар шийдсэн гэлтэй. Ардчиллыг өмчлөх дуртай АН төр барихаараа ардчиллаас зугтдаг ийм жишиг тогтож байх шиг. АН-ыг засгийн эрх барьж байгаа энэ жилүүдэд ардчиллын олон хэмжүүр алдагдсан. Ийм явдал ужгирч байсан 1996-2000 оны үеийг ч иргэд мартаагүй.
Хориод жилийн өмнөхөө давтаж байгаа нь АН төлөвшөөгүйнх. Нам гэдэг бол үзэл бодлын цул нэгдэл байдаг. Харин АН-ын хувьд энэ нь эрх ашгийн нэгдэл болж хувирснаас ийм байдал үүсдэг. Үүнийг олон нийт аль хэдийнэ мэдэж, мэдрээд эхэлжээ. Төр, засаг яагаад тогтворгүй байна вэ.
Улс орны эдийн засгийн үзүүлэлт яагаад байнга уруудах болов. Гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд яагаад унав. Энэ бүхнийг ард түмэн эрх баригчдаас асуух эрхтэй. Хэт шунасан хүмүүст эрх мэдэл бүү өг гэдэг үг өнөөгийн эрх баригчдад хамаатай.
О.Сүрэн
URL: