Цөмийн хаягдлын ашиг сонирхлыг “Викиликс” дэлгэлээ

Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хэвлэлээр цацагдсаар байгаа. Үүнийг албаны хүмүүс эрс няцаасаар ирсэн ч олны дунд aм дамжин яригдаж байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар холбогдох байгууллагуудын тэдээлэлд үндэслэн Японы элчин сайдын яамаар дамжуулж дээрх яриа, хэлэлцээр огт үндэслэлгүй зүйл гэдэгт албан ёсоор мэдэгдэв.

Гэхдээ асуудал мөн л намжсангүй. Уг гэрээ хэлэлцээрийг АНУ, Японы Засгийн эрх баригчид манай төрийн томчуудтай нууцаар сүлбэлдэн байж үзэглэсэн гэхчлэн яригдсаар байгаа. Харин энэ удаа Монголын тал нутагт томоохон корпорациудын үйлдвэрийн хаягдал булшлах тухай асуудлыг дэлхий нийтэд зартай “Викиликс” сайт дэлгэн тавъжээ.

Дашрамд дуулгахад, тус сайт нь АНУ-ын дэлхий нийтэд үйлдсэн хэд хэдэн дайн тулааны тухай хэдэн арван баримт дэлгэснээрээ алдартай билээ. Ингээд Монголд ураны хольц, цөмийн хаягдал булшлах асуудлыг дэс дараагаар нъ сайтдаа байршуулсныг хүргэе.

Уулзалт
Монголын Засгийн эрх баригчид аж, ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар цөмийн ямар нэгэн боловсруулалт, зөөвөрлөлт, хадгалалтын уйл ажиллагаа хийж байгаагүй. Үүнийг тус улсын эрх баригчид гадны түншлэгчдэд урьдаас мэдэгдсээр ирсэн. Гэхдээ цөмийн хаягдлаас илүүтэй Монголын ураны орд, түүнийг ашиглах талаар хэд хэдэн улс орон байр сууриа нааштайгаар тавьж байлаа.

Үүнд, Канад, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улс багтдаг төдийгүй хойд хөршийн хувьд ураны хамтын ажиллагааг социализмын үеэс л Монголтой хамтран эзэмшиж байв. Гэвч ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хоёр орны хооронд стратегийн холбоотой бүхий л асуудлууд дуусгавар болсон. Харин энэ харилцааг сэргээхийг ОХУ хамгийн ихээр хүсч буй.

Гэхдээ социализмын үеэс ялгаатай нь ашигласан ураны хаягдлыг Монголд буцааж нийлүүлэх сонирхол давхар агуулагдаж байна. Дурьдсан орнуудын баримталж буй цорын ганц зарчим бол ямар ч тохиолдолд ашиглагдсан ураны хаягдлыг эргээд Монголд зөөвөрлөн авчирч, булшлах явдал юм.

Мөн дээрх орнуудаас гадна АНУ, Япон, БНСУ, Финлянд, Герман, Их Британи зэрэг улсын хувьд энэ сонирхлоо улс төрийн агуулгын хүрээнд буюу төрийн айлчлал, хамтын ажиллагааны сүүдэрт нуун дарагдуулах сонирхолтой. Учир нь аж үйлдвэрлэл дээд цэгтээ хүртлээ хөгжсөн гүрнүүдийн хувьд Монголыг ямар ч шатанд бизнес, эдийн засгийн харилцаандаа бат суурилуулахыг хүсч буй.

Энэ нь дан ганц ураны ашиглалтыг улсдаа боловсруулж, түүний хорт хаягдлыг Монголд эргэн нийлүүлэхээс гадна томоохон стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн салбарт шингэх явдал аж. Уулзалтад эхний дөрвөн улс буюу Канад, ОХУ, БНХАУ, Казахстан багтаж байгаа нь Монголыг эртнээс сонирхоод эхэлснийг гэрчилнэ. Уулзалтын хүрээнд дээрх дөрвөн улсыг эхний сагсанд багтааж байгаа бол хоёрдугаар сагсанд АНУ тэргүүтэй орнууд орж байгаа.

Ураны ордуудад хамтран ажиллах сонирхолоо эхний сагсан дахь улсууд 20 гаруй жилийн өмнөөс Монголын Засгийн газартай хэлэлцээрийн санал тавьсаар ирсэн байдаг. Харин дараагийн сагсан дахь улсууд нь ардчиллын замаар Монголтой нягт харилцах сонирхолтой. Өөрөөр хэлбэл бүс нутгийн хамтын ажиллагаа, газар нутгийн зааг, хязгаараас хамаарч хоёр сагсанд багтжээ.

Уулзалтын төгсгөл
Энд манай улсын нэр бүхий хэд хэдэн албан тушаалтнууд багтжээ. Тухайлбал, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ашигт малтмалын түшмэл С.Отгонбат, Монголын ашигт малтмалын Кадастрын албаны дарга Ц.Бат-Оргил зэрэг хүмүүсийн нэр байх. Тус сайтын онцолсноор эхний сагсанд багтсан улсуудтай эдгээр нөхөд гэрээлжээ.

Уг гэрээнд хууль эрх зуй, бизнесийн олон талыг баримтлахыг талууд санамжилсан бөгөөд зөвхөн ураны олборлолт, хайгуулд түшиглэсэн гэдгийг онцолсон байна. Гэхдээ ямар ч нөхдөлд хуулийн дагуу хамтын ажиллагааг явуулна гэжээ.

Монгол улс ураны олборлолтыг дайн, байлдаанд ашиглахгүй
Талуудын үзэглэсэн гэрээ нь дан ганц цөмийн хаягдалд тулгуурлаагүй бололтой. Учир нь Монголд цөмийн программ нэвтрүүлэх буюу үйлдвэрлэлийн шинж чанарт багтаах сонирхол давхар агуулагдсан байна. Японыг илчилж орхисон “Майничи”сонинд өгүүлснээр цөмийн хаягдал байршуулна гэсэн байсан.

Гэтэл япончуудын огтын мэдэж амжаагүй гэрээ энд хийгдсэнийг “Викиликс” онцолжээ.

ОХУ, БНХАУ-ын оролцсон гэх энэ гэрээнд үйлдвэрлэлийн цөмийн лаборатори буюу цэрэг, зэвсгээс ангид байгууламж баригдах талаар дурьдагдсан байна. Үүнд Монголын талаас С.Энхбатад тавьсан саналыг харвал Канадын компаниуд илүүтэй хөрөнгө оруулахаа мэдэгдсэн аж. Гэхдээ Франц болон Их Британи, ОХУ-ын тавьсан санал нь цөмийн байгууламжийг манай улсад харьцангуй бага зардлаар барьж өгөхөд чиглэгдсэн юм.

Харин ямар ч улсын тавьж буй саналд цөмийн байгууламжийг дайн, байлдаан, цэрэг зэвсгийн чиглэлээр ашиглахгүй болохыг дурьджээ.

Казакстан болон ОХУ-ын байх суурь
Оросууд энэ талбарт Казахстанаас арай нэр хүндтэй төдийгүй Монголтой эртний танилууд. ОХУ манайд олон жилийн турш дэд бүтцийн гэлтгүй улс орны эдийн засгийн бодитой дэмжлэг үзүүлдэг байснаараа нэлээд бардам байгаа. Харин Казахстаны баримталж буй бодлого нь манайд эргэлзээгүй цөмийн лабаортори барьж өгөхөд оршиж буй гэнэ.

Үүнтэй холбоотойгоор Казахстаны тал байгалийн хий олборлолтоо нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ Монголын талтай энэ салбарт хамтран ажиллахад бэлэн гэжээ. Гэхдээ талуудын аль аль нь бодитой ажил хэргийн түвшинд хүрээгүй. Дан ганц санамж бичигт гарын үсгээ зурцгаажээ.

Өөрөөр хэлбэл цөмийн салбарт манай улс дэлхийн олон орны саналыг ээлж, дараалан хүлээн аваад буй бөгөөд чухам аль улстай найдвартай, удаан хугацааны гэрээ үзэглэхээ сонгоогүй байгаа хэмээн “викиликс” онцолсон байна.

Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих