Охидоо хамгаалах төр засаг байна уу?

Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд  Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж санал бодлоо солилцон, хүний эрх өнөөгийн нийгэмд хэрхэн зөрчигдөж буй, гарах арга замын талаар ярилцав. Энэ үеэр охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүний наймаанд татан оролцуулах, түүний золиос бол­гож буй асуудал анхаарал татаж байв. Сүүлийн 10-аад жилийн дотор Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт ашиглах гэх ноцтой үг хэллэгүүд гарч, аажмаар чихэнд дасал болжээ.
Одоогоос арваад жилийн өмнө буюу 2001 онд хүн худалдаалах гэмт хэргийн ганцхан тохиолдол гарсан бол долоон жилийн дараа 300 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсан гэх тоо баримт бий. Дээрх тоо баримт хүний наймаа, бэлгийн мөлжлөг гэрлийн хурдаар өсөж, цэцэг цэврүү шиг охид харийн оронд, хүний нутагт хэдэн зуугаараа бусдын эрхшээлд тарчлан шаналж буйг  хэлээд өгнө. Ус уух хувьтай цөөн хэд нь нүцгэн шахам аврал эрэн эх орондоо ирж байсан гашуун сургамж бидэнд бий. Охид эмэгтэйчүүдийн эрхийг олон талаар ноцтой зөрчиж буй гэмт хэргүүд хэд хэдэн хэлбэрээр, ил далд байдлаар  үйлдэгддэг тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Бэлгийн мөлжлөгийн золиос нь охид

Энэ төрлийн гэмт хэрэгт амьд­ралын боломж тааруу, хараа хяналт сул, өрх толгойлсон, мэр­гэжил боловсролгүй охид, эмэгтэйчүүд өртдөг гэх судалгаа бий. Түүнчлэн албан ёсоор бүтгэгдсэн эрүүгийн хэргээс харахад 30 хувь нь 18-21, 20 хувь нь 21-26 насныхан бол 11 хувь нь 16 нас хүрээгүй охид. Тэднийг өндөр цалинтай ажилд зуучилна, гадаадад тэтгэлгээр суралцуулна гэх зараар хууран мэхэлж Хятад, Макао, Хонг-Конг, Европын зарим оронд худалдаалан хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдол дийлэнх.  Бэлгийн мөлжлөгт өртсөн гэх мэдээлэл Хүйсийн тэгш эрхийн төвд 2003 онд анх удаа ирж байсан бол 2009 онд бэлгийн мөлжлөгийн золиос болсон  51 охин ханджээ. Энэ нь зөвхөн Хүйсийн тэгш эрхийн төвөөс тусламж хүссэн охидын тоо. Үүний цаана хэний ч тусламжийг авч чадахгүй, хохирсоор байгаа хэдэн зуун охид буйг тааварлах аргагүй.

Хөдөлмөрийн мөлжлөгт эрэгтэйчүүд ч өртдөг

Хүний хөдөлмөрийг хууль бу­саар мөлжих зорилгоор хүн ху­далдаалах гэмт хэрэгт эрэгтэйчүүд өртөх болж. Хуурамч зар суртал­чилгаа ашиглахаас гадна гадаадад ажиллах хүч зуучлах нэрийдлээр хил давуулан  олон хүний хөдөлмөрийг зэрэг мөлжих нь  ихэсчээ. Тэднийг ихэвчлэн БНСУ, БНЧУ, Турк, Казакстан улс руу хөрш орнуудаар дамжуулан худалдаалдаг болох нь тогтоогдсон гэх. Энэ онд л гэхэд дээрх байдлаар хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 92 хүн хуулийн байгууллагад ханджээ.  Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн хэрэг шүүхээр нэг ч удаа шийдвэрлэгдээгүй байх юм. Бүр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй нэгэн үйлдвэрт монгол ажилчдыг гаднаас нь түгжин хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд хэдэн арван цагаар  маш бага цалинтай ажиллуулж, хөдөлмөрийг нь мөлжсөн тохиолдол гарч байв.

Захиалгат гэрлэлт-хүн худалдаалах гэмт хэрэг

Зуучлагчаар дамжуулан гэрлэгсэд нэг талын гэрээнд гарын үсэг зурах ганц сонголттой тулгардаг. Үүний дараа ямар нэг тохиолдлоор салах үед нөгөө талдаа доод тал нь 10 000 доллар, эх орондоо байхдаа сүй тавих ёслолоо хийсний дараа гэрлэхээс татгалзвал нөгөө талд 2000 доллар, гэрлэх өргөдлөө өгсөний дараа татгалзвал 4000 доллар төлөх хэрэгтэй болдог бол гэрлээд Солонгос улсад очсоны дараа зугатаж ирвэл эцэг эх нь  4.5 сая төгрөг төлөх болзолтой гэрээнд “нүдээ аниад” гарын үсэг зурдаг. Иймэрхүү хууль бус гэрээнд гарын үсэг зурсан эмэгтэй харийн нутагт очоод яаж ч эрх нь зөрчигдсөн хэнд  ч хамаагүй болж, хувь заяатайгаа эвлэрдэг нь эмгэнэлтэй.
Үнэхээр монголын охид, эмэг­тэйчүүдийг өмөөрч хамгаалах эх орон, төр засаггүй болчихсон юм уу. Бас  үгүй юм. Учир нь Монгол Улс хүн худалдаалахыг хориглосон хэд хэдэн конвенцид нэгдэж, иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн байх юм. Жишээ нь 2002 онд Үндэстэн дамнасан, зохион байгууллалттай гэмт хэрэг, хүн худалдаалахыг таслан зогсоох конвенцид нэгдсэн бол, 2005 онд МУ-ын Засгийн газраас Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах Үндэсний хэмжээний хөтөлбөр хүртэл баталжээ. Гэвч өдрөөс өдөрт арга хэл­бэр  нь нарийсах хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэрэгт охид бүсгүйчүүд олноороо өртөж, айдас түгшүүр дунд амьдарсан хэвээр. Охид бүсгүйчүүдэд төр засгийн хамгаалалт үгүйлэгдэж  байна.

С.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих