Нийслэлийн шилдэг төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулах болзолт уралдааныг зарласан.
Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд Эрүүл мэндийн байгууллагуудын материал болон байгууллагуудаас шалгарсан шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын материалыг хүлээн авч байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад ирсэн материалд үндэслэн 10 дугаар сарын 15-ны дотор шилдэг эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг тодруулах юм.
Шалгаруулалтын дүн, тайланг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар 2015 оны 10 сарын 20-ний өдрийн дотор багтаан хэлэлцүүлнэ. Тэргүүн байранд шалгарсан байгууллагад 120 сая хүртэлх, шилдэг эмнэлгийн ажилчдыг 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, хүндэтгэл үзүүлэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.
Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнг болзлын дагуу шалгаруулах нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлсэн тул оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд материалаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэгт ирүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: