Гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтөд хамрагджээ
НИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төслийн ажлын явц болон тулгараад буй асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү уулзалтад гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа 13 аж ахуйн нэгж оролцож өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг 37 хорооны 1506.1га талбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагджээ. Энэхүү дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1351 нэгж салбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлсөн. Төслийн хүрээнд 40 хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулж, 12 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Эна онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд энэ онд шинээр 14 байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл, 9 байршилд автозамын зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн дахин төлөвлөлтийн хоёр байршилд 300 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууц барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээс өнгрсөн онд 588 орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Харин энэ онд шинээр 1800 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. Үүнээс өнгөрсөн зургадугаар сард БЗД-ийн наймдугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 120 айл өрх орон сууцанд орсон байна.
Н.Алтаа
URL: