Л.Гүндалай бол бидний нийгмийн бодит “тусгал”

12088330_1612536552331222_4814414972877363539_n-600x450Өчигдөр Eagle  телевизийн шууд нэвтрүүлэгт хамтдаа  орсон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хамт оролцсон ярилцлага өнөөдөр олон нийтийн амны бай болж байна.

Үнэндээ тэд 30 минутын  зайтайгаар тус тусдаа эфирт орох байсан ч БНН-ын дарга Б.Жаргалсайхан эфирт хоцорч ирснээс болж тэднийг хамтад нь оруулахаас өөр аргагүй болжээ. Учир нь Б.Жаргалсайхан дарга өмнө нь хоцорч ирчихээд нэвтрүүлэгт оруулах боломжгүй гэж хэлсэн  сэтгүүлчид халдаж байсан удаатай болохоор түүнийг аргагүйн эрхэд АТХН-ын дарга Л.Гүндалайгаас тодруулга авах эфирийн цагт хамтад нь оруулжээ.  Ингээд л бидний ойрд үзээгүй “амплагет, реалити шоу” болжээ.

Тэдний “шоу” сошиал орчинд шуугиан тарьж байсан. Үзсэн хүмүүс “арайч дээ, ийм хүмүүсээр бид удирдуулна гэж үү, өмнө нь яаж ийм хүмүүсийг сонгож байсан юм бол, Гүндалай эрүүл үү” гэж халаглах.

Үнэндээ Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар бол бидний нийгмийн толь, Монголчууд бидний өнгөрсөн 25 жилийн түүхэн замналын илэрхийлэл. Ямар ард түмэн байна, тийм төр  засаг байдаг гэдэг.  Ийм л хүмүүсээр өнгөрсөн 25 жилд удирдуулж ирсэн болохоор улс орны хөгжийн тухай ярих хэрэггүй биз. Өнөөгийн засаг төр барьж байгаа эрх мэдэлтнүүдийн хувьд ч гэсэн Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёроос нэг их ялгарахааргүй  төрх, арай сайжруулсан хувилбарууд.

Тэдэнд ард түмнээ бодно гэдэг ойлголт байхгүй. Гагцхүү хувийн амбици, эрх ашгаа л юун түрүүнд чухалд тавьдаг гэдгийг дээрх телевизийн үзүүлбэр “гэрчиллээ”.

Хэрвээ Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар тус тусдаа  нэвтрүүлэгт орсон бол ард түмний төлөө, иргэдийн амьдралыг сайхан болгохын төлөө гээд л  “матрын нулим унагах” шахаад ярих байсан биз. Харин тэд хамтдаа нэвтрүүлэгт орсноор  үнэн төрх нь илчлэгдлээ. Бусдаас өөрийгөө  хувь илүү мэдлэгтэй, бас ухаантай, бүр царайлаг гэж боддог  улс төрчдийн “дарагдсан его” Гүндалайгаар дамжин олон нийтэд харагдаж байгаа энэ юм.

Гүндалай  2000, 2004, 2008 онуудад 3 удаа удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нэгэн. Хэрвээ бид Гүндалайг тэнэг мунхагаар дуудахдаа хүрвэл түүнийг  3 удаа  сонгон 12 жил УИХ-д суухад хүргэсэн сонгогчид хэн байж таарах вэ?

Товчхондоо бол Гүндалай, Жаргалсайхан нар манай нийгмийн сэтгэхүйн бодит тусгал. Бид ингэж сэтгэдэг, ингэж боддог, ингэж ойлгодог  гэдгийг тэдний үйлдлүүд бидэнд эргүүлэн харуулж байна. Тиймээс бид тэднийг мулгуу тэнэгээр хараан зүхэхээсээ  өмнө өөрөө өөрсөдөө эргэж дүгнэлт хийх цаг болсон мэт.

Ц.Мөнх


URL:

Нэр: Зочин Огноо: 1 October 2015

Элий балай хүмүүс юм биш үү? Гүнбалай бол бүр элий. Тэр өдөр согтуу байсан байх аа, Гүнбалай

Сэтгэгдэл бичих