“Эрдэнэт” үйлдвэрийн оюуны өмчийн бодлогыг хэлэлцлээ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг компанийн оюуны өмчийн бодлого, түүний дагалдах журмуудыг боловсруулснаа өнөөдөр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ. Энэ нь сүүлийн шатны хэлэлцүүлэг болж байгаа юм. Удахгүй оюуны өмчийн бодлого, журам компанийн хэмжээнд хэрэгжиж эхлэх аж. Хэлэлцүүлэгт оролцсон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр, Монгол улсын тэргүүлэх үйлдвэрийн хувьд “Эрдэнэт” оюуны өмчийн бодлогоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх журам, баримт бичгийг боловсруулсан нь улсдаа анхдагч болж байгааг онцолсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн Инновацийн төвөөс Засвар механикийн заводын булинга шахах шахуурга грат-1400, Баяжуулах фабрикийн засварын ажлыг хөнгөвчлөх механик түлхүүр, Авто тээврийн байгууллагын БелАЗ-75132, хүнд даацийн өөрөө буулгагчийн ажлын болон зогсоолын тормосны наклад гэсэн гурван бүтээлийг оюуны өмчид бүртгүүлэхээр хүргүүлжээ. Эдгээр нь компанийн хувьд оюуны өмчийн патенттай анхны бүтээгдэхүүн болох юм. Инженерүүдийн хийсэн бүтээлийг оюуны өмчөөр хамгаалснаар, “Эрдэнэт”-ийн шошготой импорт орлох бүтээгдэхүүнийг ижил төстэй үйлдвэрүүдэд худалдаалах боломж нээгдэнэ.
У.Цэрэнбат
URL: