Сонгуулийн өмнө ч улстөр сонирхолтой болдог доо
Сонгууль дөхөөд ирэхээр нам гэлтгүй, хувь хүний ааш араншин ч төсөөлөмгүй байдлаар илрэх нь бий. Ирэх сонгууль хүртэл жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ бол мэдээж, улстөрийн амьдралын хувьд халуухан бас халгаатай өдрүүд байх биз.
Иймэрхүү шинж тэмдгүүд эхнээсээ мэдрэгдэж эхлээд байна. Үлдэж байгаа энэ хугацаанд сонгогчдынхоо сэтгэлд яаж хоногшиж, хайрын симфони хэрхэн эгшиглүүлэх вэ гэсэн эрэл хайгуул эдүгээ ид эхэлж байна. Одоогийн 76-гийн хувьд таалагдах, тахимаа өгөхгүй байх арга мэхээ эртээс базааж байгаагийн нэг нь Сонгуулийн хууль. Үүн дээр ямаанд зориулсан мөнгө, элдэв халамжийн хуулиуд бас нэмэгдэх байх.
Тостой тогоонд хошуу холбосон эрх баригч хоёр намын хувьд энэ бүхэн нь хамтын автортай ажил бөгөөд гавьяа гай хоёр нь яг тэнцүүхэн ногдох учиртай. Хэдийгээр эерэг сөрөг гэлтгүй элгээрээ тэврэлдээд байгаа ч АН-ын хэсэг залуучууд эвслийн Засгийн газрын тэргүүн С.Батболдыг өөчилж гоочлох нь ихдэж, өвөр түрийнд байгааг нь олон нийтэд дэлгэж эхэллээ. Бүр давраад энэ асуудлаараа хуулийн байгууллагад хандаад байна. За тэд ч яахав, угаасаа хүний хүү хүрэн бөөртэй гээд тоохгүй орхичихож бас болно.
Гэтэл даарин дээр давс нэмэх гэж байгаа юм шиг МАН-аас Их хуралд суугаа хэдэн гишүүд нь Ардчилсан намын зарим нөхөдтэй нийлээд Засгийн газраа нээнтэглэж эхэллээ. Энэ намрын улстөр ингэж эхэлж байгаа нь Засгийн газрын хувьд хатуу сорилт тулгарахын цондон байж мэдмээр.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын 19 гишүүн Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчлөхийг шаардаж Ерөнхий сайдад албан шаардлага өргөн барих гэж байгаа тухай хэвлэлээр мэдээлээд байгаа.
С.Баярын байгуулсан хуудуутай гэрээний балгийг С.Батболд ийн хүртэх нь тодорхой боллоо. Нэр бүхий 19 гишүүн Засгийн газар хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно хэмээжээ. Хатуу хариуцлага гэдэг нь ойлгомжтой. Тэр нь хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн дохио байхаас гарцаагүй.
Асуудлын гол нь гишүүд намын харьяалалгүй асуудалд хандсан нь янз янзын таамаглалыг төрүүлж байгаа юм. Үнэхээр эх орны эрх ашгийн төлөө эрхэм гишүүд ийн манай танай нам гэлгүй асуудлыг хамтран тавьж байгаад нь олон хүн сэтгэл ханамжтай байна. Эд нар чинь одоо л нэг зөв алхах гээд байна гэсэн санаа бодол иргэдийн зүгээс цухалзаж байгааг дурдах нь зөв байх. Үүний нөгөө талд энэ бол зүгээр л сонгууль угтсан улстөр гэж хэлэх хүн ч цөөнгүй байна. МАН-ынхан даргаа огцруулах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хамтарсан Засгийн газрыг барьцаалж байна.
С.Батболдыг У.Хүрэлсүхээр солих ээлжит операци явагдаж байгаа нь энэ гэсэн хардлага сэрдлэг ч бас дагалдаж байна. Үнэхээр эх орны эрх ашгаар барьцаалж асуудлыг тавьж байгаа бол аль нь ч байлаа гэсэн цагийн зүү зөв л эргэж байна гэсэн үг. Юутай ч хамтарсан Засгийн газрын барцад, барьцаа аль нь ч бай Оюутолгойн гэрээгээр онилогдож эхэлж байна. Цаг хугацааны хувьд ингэж таарсан нь бас санамсаргүй сонголт биш байх.
МАН-ын доторх үзэл бодлын нэгдэл нягтрал ийн сарниж байх зуур УИХ-ын гишүүн Ч.Улаан бас том гээчийн ярилцлага өгч, тэндээ эдүгээгийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдагаа илэрхийлсэн төдийгүй бүр МАХН-ын гал улаан батлахаа хадгалж яваагаа нуусангүй. Энэ ярилцлага нэг талаараа дээрх 19 гишүүний асаасан галд цучил нэмсэн хэрэг боллоо. МАН-ын доторх урьдын цул бүхэл нэгдэлд ан гарчихав уу, эсвэл энэ нам үнэхээр ардчилагдаж, үзэл бодлын чөлөөт өрсөлдөөн өрнөж байна уу гэсэн эргэлзээ эрхгүй төрмөөр.
Дарга бүхэн таалагдах албагүй ч МАН-ын дотор даргаа дал мөрөөр нь тавих далд мөрөөдлийн манан хөшиглөж байгаа тухай мэдээлэл хөвөрсөөр байгаа. Намрын халуун өдрүүд эхэлж байна. Улстөр ч бас халуухан өрнөх төлөвтэй. Энэ бүхэн сонгуулийн удиртгал эгшиглэж эхэлсний дохио. Сонгуулийн өмнө ч улс төр сонирхолтой болдог доо.
П.Булган
URL: