Эх нялхсын дулааны шугам дээр барилга барихыг завджээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /хуучнаар Эх нялхас/-ийн дулаан, цэвэр усны шугам дээр барилгын ажил эхлүүлэхийг завдсан тохиолдол гарчээ. Эх нялхсын эмнэлгийн есөн барилга, дээр нь Монголын үндэсний их сургууль зэрэг олон обьект дулаан, цэвэр усаар хангагддаг төв сүлжээ Баянгол болон Эх нялхсын эмнэлгийн дунд байрладаг юм байна. Уг байршил дээр Баянгол эмнэлэг өргөтгөл хийхээр газар шорооны ажил эхлүүлэхээр аж ахуйн хэлтсийн даргаар ахлуулсан хэсэг хүн энэ сарын 19-нд хүнд оврын автомашинтай орж өрөмдлөг хийхээр дайрчээ. Гэвч энэ талбайн газар доогуур дулааны төв сүлжээтэйгээс гадна Эх нялхасын эзэмшлийн талбай болохыг эмч ажилтнууд хэлж байна.

Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар сур­гууль, цэцэрлэг, эмнэл­гийн орчимд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж буй билээ. Эх нялхсын ажилтнууд энэ захирамжийг үндэслэн барилгын ажлыг зогсоохыг Баянгол эмнэлгээс шаарджээ. Энэ тухай ЭХЭМҮТ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра ярихдаа “Тэр өдөр амралтын өдөр байсан. Баянгол эмнэлгийнхэн манай эмнэлгийн гол хаалгаар хүнд даацын автомашин оруулж өрөмдлөг хийж, хайрга асгахыг завдсан. Түүнийг нь манай харуулууд эсэргүүцэж зогсоосон. Баянгол эмнэлэг манай байгууллагын эзэмшлийн газарт халдсан тохиолдол зөвхөн энэ биш. Өнгөрсөн 2013 оны тавдугаар сард ч ийм үйлдэл гаргаж, эмнэлгийн хашаа, хайсыг эвдэж байсан. Бас л амралтын өдөр. Ер нь амралтын өдрөөр тус эмнэлгийнхэн манай эзэмшлийн талбайд халдаад байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Цэвэр ус, дулаан хангамжийн төв сүлжээ, гол магистраль төвлөрсөн хэсэг дээр барилга бариулах битгий хэл бид дээгүүр нь автомашин явуулахаас ч эмээдэг. Хэрэв тэр үед өрөмдлөг хийгээд газар доорх шугам сүлжээг гэмтээсэн бол дулаан, усны хангамж тасрах эрсдэл үүсэх байсан” гэлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эзэмшлийн 87542 ам метр талбайтай. Эмнэлгийн захиргаа талбайнхаа хэмжээгээр улирал бүр газрын татварт 1.4 сая гаруй төгрөг төлдөг юм байна. Уг талбайд дулааны шугам сүлжээний төв бас ордог байна. Есөн обьектод нь 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жилд 11 мянга гаруй нярайг эх барьж, 175 мянган эх, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг. 39 мянга гаруй хүн хэвтэж эмчлүүлдэг үндэсний эрүүл мэндийн байгууллага. Улсын хэмжээнд эх, нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалж буй тус байгууллагын цэвэр ус, дулааны шугам сүлжээ онцгой обьект учраас эмч ажилтнууд Баянгол эмнэлгийн барилгын ажлыг эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. Эмнэлгийн газар доорх шугам, сүлжээг 1988 онд до­лоон обьекттой байх үеийн байгууламж гэнэ. ЭХЭМҮТ-ийн эзэмш­лийн талбай, шугам сүлжээний төв дээр ба­рилга барих бол­сон шалтгааныг тод­руу­лахаар Баянгол эм­нэл­гийн менежер Б.Лувсан­цэрэнтэй уулзсан юм. Тэрээр “Эмнэлгийн удирдлагууд гадаад явсан. Мэдээ­лэл өгөх боломжгүй” гэв.

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: irgen Огноо: 30 September 2015

ene odoo bolimoor yma

Сэтгэгдэл бичих