Шударга биш шүүгчидтэй хариуцлага тооцохгүйгээр шүүхийн шинэчлэлийг хийж чадах уу Ерөнхийлөгч өө!

Мөнгөтэй хүн хөгжим захиалдаг гэдэг.Гэхдээ мөнгөтэй хүнд ч захиалагддаггүй хөгжим гэж бий. Энэ бол шүүх. Харин

Монголд байдал эсрэгээрээ. Мөнгөтэй, хөрөнгөтэй л бол Монголын шүүхэд ч захиалга өгч болно.Мөнгөтэй хүний өмнө цагаан тугаа өргөн бууж өгч байгаа шүүгчид цаагуур чинь зөндөөн байна, ерөнхийлөгч өө.

Ганцхан жишээ дурьдая.

Манай нэгэн арилжааны банкнаас Говь-Урал нэртэй компани 2 сая орчим доллар зээлжээ. Зээлийнхээ барьцаанд хөдөө орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө энэ тэр гээд өчнөөн л юм тавьсан юм байх. Гэхдээ тэдгээр хэрэгтэй хэрэггүй хөрөнгөнөөс илүүтэй жин дарах ганц барьцаа байсан учраас банк тэдэнд зээл өгчээ.

Энэ нь Таван толгой ХК-ийн 11660 ширхэг хувьцаа байлаа. Ажнай Д.Бат-Эрдэнийн  гэж ард түмэн нэрлэдэг орон нутгийн өмчит жижиг таван толгой компани шүү дээ. Зээл авсан компанийг  Ажнай Бат-Эрдэний Таван толгой транс ХХК  монгол, орос хоёр иргэнтэй хамтран байгуулжээ.

Мэдээж хамтрагчид зээл авахдаа бүгд л оролцож, гарын үсгээ зурцгаасан байна. Харин зээл төлөх үед нөгөө Таван толгой транс сураггүй болсон байж. Учрыг хөөвөл тэд Говь-Уралд оруулсан хөрөнгөө аваад, компаниас гарсан гэж тайлбарлажээ.Тавин хувийг нь эзэмшинэ гэж хамтарсан компани байгуулчихаад, бас манайх нүүрсээ өгөөд, нөгөө компани  ачиж тээвэрлээд, үйл ажиллагаа нь жигдхэн явах учраас зээл төлөхөд ямар ч асуудалгүй гэж банкийг итгүүлж,их хэмжээний зээл авчихсан хэрнээ “ Өө, бид компаниас гарлаа” гээд гараад явчих нь бизнесийн ёс жудгийн хувьд ч тэр, хууль журмын хувьд ч тэр дэндүү цагаандаа гарсан хэрэг гэлтэй.

Болж өнгөрсөн бүхнийг эргүүлээд тунгаавал энэ бүхэн санаандгүй үйлдэл биш, Ажнайгийн эртнээс төлөвлөсөн ээлжит луйвар байлаа.

Ард нь таван толгой транс бий хэмээн итгүүлж арилжааны банкнаас их хэмжээний зээл авах, тэр зээлийнх нь барьцаанд хамтрагчийнхаа Таван толгойн хувьцааг тавиулчихаад дараа нь нөгөө компанидаа нүүрс өгөх нь битгий хэл хөрөнгөө аваад салчихаар Говь-Урал ХХК дампуурахдаа тулжээ. Итгэж зээл өгсөн банк ч бас хэцүүхэн байдалд оржээ. Ажнайд энэ л хэрэгтэй байлаа.

Цаг нь болохоор тэр хөдөлж, зээлээ төлөх гэж аргаа бараад байсан хувьцааны эзэн, зээлдэгчтэй  сэм тохироо хийсэн байна. Тэд иргэн Романовскийн өмнөөс 800 мянган долларыг банкинд төлж, улмаар хувьцааг нь худалдаж авах хууль бус гэрээ хийсэн ч банкиндаа мэдэгдэлгүй сэм дарчихсан байна. Банкныхан зээлээ нэхээд ирэх үед Говь Уралын дансанд 800 мянган доллар ороод ирж. Хуулийн дагуу өртэй компанийн дансан дахь мөнгийг банк ямар  зориулалттайг нь үл харгалзан хурааж авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу 800 мянган долларыг дансанд нь үлдээсэн ч Таван толгой транс компани прокурорын тусламжтайгаар энэ мөнгөө буцаагаад авсан байна.

Нийслэлийн прокурор Мижиддорж таван толгйо трансын шилжүүлсэн 800 мянган долларын авчихаад, барьцааг нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг банкинд тавьж, бүр эцэст нь банкны ажилтануудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.

Шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авсан гэсэн үндэслэлээр. Банкны ажилтанууд тэр мөнгийг хувьдаа аваагүй, бас барьцааг дур мэдэн  авч үлдээгүй. Барьцааг шүүхийн шийдвэрээр битүүмжилж, бас шүүхийн шийдвэрээр худалдах эрхи нь банкинд нээгджээ. Гэвч прокурор банкны ажилтануудад  нөгөө 800 мянган долларыг банк буцаагаад таван толгой трансын дансанд шилжүүлэхээс өөр аргагүй болсон байна.

Зээлдэгч нь ч “ мөнгийг нь буцаагаад өгчих, би хувьцаагаараа зээлээ төлье” гэсэн хүсэлт гаргажээ. Банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлснийх нь төлөө ажилтануудап нь хэрэг тулгадаг жишиг дэлхийд ч байхгүй.

Ямартаа л Нийслэлийн прокурор Мижиддоржийн энэ хууль бус үйлдлийг мэдсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурор Д.Дорлигжавт  бичиг илгээж, энэ заваан зүйлийнхээ учрыг олохыг шаардаж байхав дээ.

Компанийн тавин хувийг эзэмшинэ гэдэг нь тухайн компанийг хараат охин компаниа болгож байгаа хэрэг. Энэ агуулгаар нь харвал Говь-Урал бол Таван толгой трансын охин компани гэж тооцогдоно. Хамтарч байгуулсан охин  компанийхаа  зээлийг Таван толгой транс төлөлцөх үүрэгтэй ч хээвнэг бултсаныг дээр өгүүлсэн.  Гэтэл Говь Урал зээлээ төлж чадахаа байгаад, барьцаа хөрөнгөөрөө төлөх дээрээ тулаад иртэл өнөөх алга болсон Таван толгой транс амилаад ирж.

Өмнө нь прокурорын хамгаалалттай байсан Таван толгой транс ХХК-ийн захирал Д.Дагвадорж энэ удаад бүр шүүхийнхэний хамгаалттайгаар улаан гэрлээр дайраад ороод ирсэн байна.

Говь урал компани зээлээ төлж чадахгүйд хүрсэн учир барьцаа хөрөнгөөрөө зээлээ төлье гэдэг хүсэлтээ гаргаж, шүүх ч банк, зээлдэгч хоёрын эвлэрлийн гэрээг баталжээ.Шүүхээр баталсан  эвлэрлийн гэрээнд хуулиараа давж заалдах энэ тэр гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй байна. Говь-Уралынхан ч нэгэнт зээл авсан нь үнэн, төлж чадахаа байсан нь бас үнэн болохоор Таван толгойн хувьцаагаа зараад зээлээ төлж, илүү гарсан мөнгөөр  нь бизнесээ үргэлжлүүлэхээр тохирчээ. Гэтэл дундуур нь Таван толгой транс давхиж орж ирээд, бид хувьцааг нь авах эрхтэй гэсэн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээр гаргуулж чадсан байна.

Хувьцааны эзэн нь ч,зээл авсан эзэн нь ч   ОХУ-ын иргэн Романовский бөгөөд тэрээр зээлээ төлөхийн тулд хувьцааг нь худалдаж аваад, банкинд 800 мянган доллар төлөх гэрээг Таван толгой транс компанмитай хийсэн ч дараа нь  энэ наймаанаасаа татгалзажээ. Таван толгойн хувьцааг янз бүрийн аргаар цуглуулсаар, том хувьцаа эзэмшигч болж чадсан Ажнай Д.Бат-Эрдэнэд энэ нь таалагдсангүй. Хийсэн гэрээгээ хэрэгжүүл гэсэн шахалтыг Таван толгой транс ХХК-ийн зүгээс  иргэн Романовскийд үзүүлж, улмаар түүнийх болох ёстой хувьцааг барьцаалчихаад байгаа арилжааны банкийг шүүхэд өгчээ.

Шүүх анхнаасаа энэ нэхэмжлэлийг хүлээж авах хууль зүйн үндэсгүй байсан ч мөнгөтэй хүн захиалж байгаа захиалгыг биелүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүх, шүүгч Даваасүрэн машид идэвхи гаргасан гэнэ.

Монголд өнөөдөр хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмээр хувьцаа, үнэт цаасыг зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг.Түүнээс биш хоёр хүн хоорондоо гэрээ хийгээд, ханцуй дотроо наймаалцчихдаггүй. Үүнийг мэдэлгүй Таван толгой транстай гэрээ хийснээ ОХУ-ын иргэн Романовский ойлгож, хууль зөрчсөн гэрээ хийсэн учраас түүнээсээ татгалзан, Таван толгой транст өгөлгүйгээр хувьцаагаа худалдаад өрөө төлчихье гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Дээр нь энэ гэрээ хууль бус хэлцэл байна гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо албан бичигтээ дурьджээ. Гэвч шүүх төрийн байгууллагын дүгнэлтийг ч, хувьцаа эзэмшигч иргэний хүсэлтийг ч нохой хуцсаны чинээ тоож үзсэнгүй.

Таван толгой транс ХХК-д хувьцааг өг гэсэн шийдвэрийг их л олон үндэслэл дурьдан гаргасан байна.Тэр хувьцаа нь шүүхийн шийдвэрээр барьцаалагдаж, битүүмжлэгдсэн, бас шүүхийн шийдвэрээр арилжааны банкны зээлийг төлөх хөрөнгө болсон гэдгийг ч бас зориудаар мартжээ. Хувьцааг хөрөнгийн биржээр арилжихаас  эхлээд Монгол улсын хүчин төгөлдөр хууль журмуудыг ч эс хайхрав. Мэдлэг дутсандаа шүүгч ийм шийдвэр гаргав уу эсвэл ийм шийдвэр гаргахын тулд хуулийг яаж тайлбарлаж эргүүлж болох гарцыг хайв уу.Үйл явдлын тайлбарыг сонссон ихэнхи хуульчид дараагийнх нь байх хэмээн хардаж байгаа нь үнэнд нийцнэ.

Өөрөөр хэлбэл “та нар Ажнай Бат-Эрдэнэд хувьцаагаа зарья гэж ярьж байсан байна. Амласнаа биелүүл” гэсэнтэй агаар нэг шийдвэрийг шүүх гаргасан бололтой.Уг нь мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаад, өмч хөрөнгөө шилжүүлчихээгүй л бол тохирсон наймаа буцах тохиолдол хаана ч  байж  байдаг зүйл шүү дээ. Аль эсвэл Ажнай Бат-Эрдэнэтэй наймаа хийхээр завдсан л бол бандан тас байдаг юм уу?  Таван толгой транс компанийн талд шийдвэр гаргах гэж улайран зүтгэхдээ шүүгчид өмнө нь гарсан шүүхийнхээ шийдвэрийг ч, банк, таван толгой хоёрын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүйг ч үл харгалзан арилжааны банкийг хариуцагчаар татан хурал хийж, түүгээр ч үл барам барьцаанд байгаа хувьцаагаа суллаж өг хэмээн мундагджээ.

Ном журмаараа явдаг газар бол ийм шийдвэр гаргахаар хуралдах нь байтугай “танайх банктай маргалдах эрх зүйн үндэс алга. Хэрвээ гомдолтой байгаа бол гэрээ хийсэн иргэнтэйгээ заргалд аа” гээд  өргөдлийг нь буцаагаад явуулах байж гэдгийг олон хуульчид хэлж байгаагаас үзвэл Монголын шүүх мөнгөтэй нэгэнд бол захиалгаар ч үйлчилдэг гэдэг нь харагдаад байна.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхэд шиэнчлэл хийх том зорилт тавьж, ард түмэн ч дэмжсэн. Гэхдээ Даваасүрэн шиг  шүүгчидтэйгээр, Мижиддорж шиг прокурортойгоор  шүүх хуулийн байгууллагын  шинэчлэлийг хийж чадах уу ерөнхийлөгч өө.

Мөнгө харахаараа хуулиа мартчихдаг прокурор, шүүгчид төрийн тэргүүний сэдсэн шүүхийн шинэчлэлд хамгийн том саад болж мэднэ. Өнөөдөр Монголчууд шүүхээ улс төрөөс, эрх мэдэлтэнүүдээс хараат биш байлгах гэж янз бүрээр л хичээж ирсэн.Гэвч шүүхийг хянадаг тогтолцоог харамсалтай нь мартсан байна. Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төсөлд шүүхийн хяналтын тогтолцоог маш зөв буюу гадна байхаар тусгасан. Ингэж байж шүүх хяналттай болж чадна.  Хэрвээ өнөөдрийнх шиг шударга биш шүүгчидтэй, дээр нь шүүх нь ямар ч хяналтгүй, дархан эрхтэй, түүнийгээ далимдуулан мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь тааруулан шийдвэр гаргаж суугаа цагт шүүхийн шинэчлэлийн тухай мянга яриад хадны цуурай л болж хувирах нь дамжиггүй.

Тийм болохоор УИХ шүүхийн шинэчлэлийн багц хуулиудыг яаралтай хэлэлцэн гаргах цаг болсон байна.

Их эзэн Чингис хаан шүдний махаар хоол хийж, шүлсээр унд хийж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсаар эх орноо, эд баялагтай нь бидэнд өвлүүлсэн. Гэтэл өнөөдөр төрийн нэрээр түмнийг луйвардагсдын эрх мэдэл хэрээс хэтэрчээ. Гадаадад усан онгоц худалдаж авсан,800 мянган доллараар тусгай автомашин захиалж хийлгүүлсэн гээд  Ажнай Д.Бат-Эрдэнийн ямаршуухан тансаг амьдарч байгаа тухай үлгэр домог шиг яриа бишгүй л нэг сонсогддог. Тэр тэрбумаар наадам хийж, сая сая долларыг говийн салхинд  хоёрхон хоногт цацчихдаг түүнд Монголын шүүгчдийг худалдаж авах амархан байж мэднэ. Гэвч мөнгөтэй бүхэн хөгжим захиалдаг хорвоо бас биш шүү дээ.

Монголд шударга шүүх байгаа эсэхийг ард түмэн энэ хэргээр жишээлэн харах боломж бас бий.




URL:

Сэтгэгдэл бичих