АТГ Шадар сайдын томилгоог эсэргүүцэж ЗГХЭГ-т албан бичиг хүргүүллээ
Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон генерал П.Даш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллагдсан. Харин түүнийг Шадар сайд Ц.Оюунбаатар Шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөрөө томилоод байгаа юм. Уг томилгоо нь төрийн хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь АТГ-аас “Генерал П.Дашийг томилж, болохгүй ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын албан бичгийг үл тоон ийнхүү хууль бус томилгоо хийсэн билээ.
Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулахад “Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн.
П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байна.
Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүллээ” гэх тайлбарыг өглөө.
Харин Шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөр томилогдсон П.Даш “Энэ асуудлыг Шадар сайдаас лавла” гэсэн тайлбарыг өгсөн бол Шадар сайд Ц.Оюунбаатар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаад байгаа юм.
Б.Чимэг
URL: