Сая төгрөгөө авч, үрэх боломж олгооч
Автобусанд яваа хоёр эмээ Эх орны хишиг, хувиа авахаар дугаарлаж зогсоо хүмүүсийг хараад уулга алдаж байна.
Тэгснээ “Ахмадуудад сая төгрөгийг нь бэлнээр өгөхөөр болсон ухааны юм УИХ-ын гишүүд хэлэлцэж байна билээ” гэж яриагаа эхлүүлэхэд ойр тойрных нь босоо, суугаа зорчигчид тэдний ярилцахыг чих тавин сонсоцгоолоо.
Эмээ үргэлжлүүлэн, “Энэ оюутнуудад хоёр жил мөнгийг нь сургалтын төлбөр болгож өгөөд хүүхдүүдийн амьдралд овоо нэмэр болж байна” хэмээхэд тэдний яриа эл хүрээнээс нэгэнт халив. Хажууд явсан нэгэн залуу “Оюутан биш өрөө хөлсөлж, өрөнд баригддаг мань мэтийн хүмүүс тэр сая төгрөгийх нь барааг харах болов уу” гэж үнэн голоосоо хэлээд чимээгүй боллоо.
Ингэж явтал энэ сая төгрөгийг хэрхэн өгөх гээд байгаа нь үнэндээ сонирхолтой санагдаад явчихлаа шүү. Тиймээс энэ талаар мэддэг хэн нэгэнтэй уулзах зав өөртөө гаргахаар шийдэв. Зурагтаар харж байхад үлдсэн сая төгрөгийг ямар ч байсан өгөх юм шиг сонсогдсон. Дээр нь тэр мөнгийг өгчихвөл эдийн засаг эрсдэлтэй болно ч гэх шиг юм ярьж байсныг гэнэт саналаа.
ХЭНЭЭС БОЛЖ БИ ТЭНЭГ ХАРАГДААД БАЙНА АА
Эрхэм түшээдийн дундаас өнгөрсөн сонгуулийн үеэр “Сая төгрөг өгөх ямар ч боломжгүй” гэж нэг нь яриад, тэгснээ “Энэ бол бүрэн боломжтой” хэмээн бас өөр нэг нь сурталдсан нь бий. Өнөөх боломжтой болон боломжгүй хэмээн уймран ярьсан хоёр яриаг нийлүүлэн тавьсан бичлэг өнөөдрийг хүртэл www.Youtube.com сайтад байж л байгаа.
Энэ ч яахав улс төрчдийн юу гэх нь жирийн иргэн надад үнэндээ хамаагүй. Харин нэгэнт л өгөхөөр болсон тэрхүү бэлэн мөнгө ч юм уу, бэлэн бус нь ч юм уу тэр зүйл нь л чухал. Иргэд тэр мөнгийг хэрхэн авах талаар юу ч бодохгүй “Өгөх байлгүй дээ” хэмээгээд хүлээж байгаа нь сонин.
Яадаг юм, болж өгвөл хэсэг бүлгээрээ нийлж байгаад “Мөнгөө авъя аа” гээд аль нэг хариуцсан газарт нь очиход. Ингэж бодсоор би харъяа дүүргийнхээ буюу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнтэй уулзав.
Мэргэжилтэн н.Балдан-Очир, “Нийт мөнгөнийхөө 500 мянган төгрөгийг цувуулж өгсөөр энэ он дуусахад зогсоох юм. Харин таны асуугаад байгаа сая төгрөгийг хэзээ, яаж өгөхийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Засгийн газрын зүгээс “Ингэж өгнө өө” гээд шийдвэрлэвэл бид ажил, үүргийнхээ хүрээнд иргэдэд олгохоор ажиллах байх. Шат шатандаа хэрхэн шийдвэрлэж байгаагаас шалтгаалж би ажиллана. Бас мэдээлэл өгнө” гэж хэлж байна.
Тэрбээр намайг оюутан гэж бодсон бололтой. “Чиний хувьд одоо сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авч байна уу” гэж асууж байна. “Би оюутан биш” гэж хэлснээр бидний яриа өндөрлөв. Үнэндээ надад асуух юм олон байсан ч мань хүн компьютер лүүгээ хараад миний асуултыг сонсоогүй мэт сууж байв.
Ингээд дараа нь төв талбайн дэргэдэх өндөр хар байшингийн үүдэнд очив. Улмаар нийслэлийн Халамж үйлчилгээний газарт орж ирэв. Мөн 903 тоотод мэргэжилтнүүд нь суудгийг мэдэв. Гэсэн ч энэ газрын дарга болон орлогч дарга нь иргэдийг хүлээж авдаг эсэхийг нь мэдсэнгүй.
Оффист нь олон хүн сууж байсан тул хаалгатай хамгийн ойр суух нэгнээс сая төгрөгийнхөө талаар сураглалаа.
Хариуд нь, “Тэр мөнгийг хэрхэн олгох талаар яг чамтай адилхан ойлголттой байгаа” гэж байна. Би ч дуугүй байсангүй. “Оюутнуудад мөнгийг нь төлбөр хэлбэрээр олгож байгаа. Ахмадуудад бэлнээр нь өгөх боломжтой гэж нэр бүхий гишүүд үзэж байгаа гэсэн. Харин бусад хүмүүсийн хувьд энэ мөнгийг хэрхэн авах юм бол. Танайх энэ талаар ямар нэгэн чиглэл авсан уу” хэмээлээ.
Түрүүхэн надтай ярьж байсан хүний цаана суух нэгэн эмэгтэй, “Засгийн газар энэ асуудлыг шийдээгүй байгаа шүү дээ” гэхэд өрөөний цаахнаас хэн нэгэн “Ойлгомжгүй, тэнэг юм ярьдаг хүүхэд вэ” гэж байна. Бас л бидний яриа өндөрлөхөд хүрлээ.
Ингэхэд намайг тэнэг юм яриулж, тэнэг харагдуулах шалтгаан нь юу вэ. Надтай адил сая төгрөгөө авах хүсэлтэй залуус бас миний эгнээнд шилжиж байгаа юм байх даа.
ЗАСГИЙН ГАЗАР БИДНИЙ ТОЛГОЙНЫ ӨВЧИН ҮҮ, ТЭДНИЙХ БИД ҮҮ
Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй элдэв зовлон тоочиж “Ямар ч байсан сая төгрөг өгнө” гэж дүлэгнээд байгаагаас болж би зарим хүнд ойлгомжгүй санагджээ. Хэзээнээс хажуугаар нь өнгөрч, ямар учиртайг нь мэдэх тэрхүү газар руу явахдаа ийн дүгнэсэн юм.
Байшингийн хананд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын иргэдийг хүлээн авах байр” гэж бичжээ. Иргэд үүгээр орж Төрийн ордон руу орох нэвтрэх үнэмлэх авдаг юм. Харамсалтай нь энэ газар “Цайны цаг Мягмар, Лхагва гарагт 13-14 цаг” гэж бичсэн атлаа хаалга нь цоожтой байв.
Өдрийн 13.30 цагийн үед очоод хорь гаруй минут хүлээгээд ч хэн нэгэн хаалгаа нээсэнгүй. Урамгүйхэн зам хөндлөн гарч Төрийн ордон руу зүглэлээ. Орж гарч яваа хар машинуудад хүндэтгэл үзүүлэн, ёслох тусгай албаныхан намайг угтав.
Намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч юм уу, УИХ-ын, төсвийн эсвэл эдийн засгийн байнгийн хорооны хэн нэгэн албан тушаалтантай уулзмаар байгааг тэд сонсохыг ч хүссэнгүй. Анхнаасаа л тэд миний хэрэг зоригийг бус өмссөн өмд руу хараад байсныг сая анзаарав.
“Ийм өмдтэй дотогш оруулдаггүй юм даа” гэж байна. Миний ойлгосноор тэдний ажил хүмүүсийн учир байдлыг сонсож, шалгаж Төрийн ордон руу нэвтрүүлэх бус өмдний материал шинжих бололтой. Ингэснээр сая төгрөгөө авах учраа ололгүй тэндээс холдов. Гэтэл гэнэтхэн нэг онигоо санаанд орж ирэв.
Нэгэн хүү ааваасаа “Аав аа. Энэ Төрийн ордны гадаа яагаад цагдаа зогсоод байдаг юм бэ” гэж асууж гэнэ. Хариуд нь аав нь “Хулгайч, дээрэмчин, луйварчдыг нэвтрүүлэхгүй гэж ингэдэг юм аа. Миний хүү” гэтэл хүү нь “Гадагш нь уу, дотогшоо юу” гэж асуусан гэдэг.
Т.Есөн-Эрдэнэ
URL: