УИХ-ын гишүүний туслах ял сонслоо

УИХ-ын гишүүн А.Телейханы туслах асан Ш.Айдос, түүний хамсаатан М.Алтанхуяг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж 2-2.5 жилийн хорих ял оноожээ.

Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь шүүхээр хэлэлцэж байсан ч торгууль оногдуулж байсан юм. Тиймээс уг шийдвэрийг хяналтын прокурор нь эсэргүүцснээр хэргийг дахин шүүхээр хэлэлцсэн юм.

Шүүгдэгч Ш.Айдос нь М.Алтанхуяг, Х.Тамир нартай хуйвалдаж Ерөнхийлөгч, УИХ-ын даргын нэрийг барьж “Эм Си Эс”, “Жаст” зэрэг компаниас дөрвөн сая төгрөгийг хууран мэхэлж авсан.

Түүнчлэн “Шинэ Монголын хөгжлийн төлөө” төрийн бус байгуулж, Баян-Өлгий аймгийн иргэдийг БНСУ-д ажилд зуучилна гэж залилсан гэмт хэрэг үйлдсэн юм. Ш.Айдост өмнө нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2, 233.1 буюу бусдаас их хэмжээний мөнгө залилсан, тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэсэн зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулж байв.

Харин М.Алтанхуяг, Х.Тамир нарт торгуулийн ял оноож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 600 гаруй мянга орчим төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

С.Сэмбэрүү


URL:

Сэтгэгдэл бичих