ХҮҮХДЭД ТОХИРСОН ХООЛ, ХҮНСИЙГ БАТЛАГДСАН ЦЭСЭЭР ӨГӨХ ЁСТОЙ
Манай улс “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэвч энэхүү хөтөлбөрийг тойрсон асуудал олонтаа гарах нь бий. Тэгвэл ЕБС-д хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөр, сургуулийн орчинд тавигдах стандарт, шаардлагын талаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Өсвөр үеийн хүүхдийн эрүүл ахуй хариуцсан эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Ц. Отгонболдоос тодрууллаа.-Бага сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд багагүй асуудал гардаг. Ер нь “Үдийн цай” хөтөлбөрт тавигдах стандарт гэж байдаг уу?
-2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж эхэлсэн. Эхэн үедээ асуудал дагуулдаг байсан нь үнэн. Гэхдээ одоо зохих төвшинд хүрсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийсэн. Зарим сургуулиуд чанарын шаардлага, илчлэг хангаагүй, төрөл бүрийн ундаа, шүүс, хяналтаар ороогүй хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг хангасан тохиолдол байсан. Тухайн үед “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуудиудад ямар аж ахуйн нэгж ажиллах вэ гэдгийг тодорхой тусгасан гурвалсан гэрээг байгуулж, энэ гэрээг сургуулиудын захирлуудад урьдчилж танилцуулах ажлыг хийсэн. Энэ ажил нэлээд үр дүнгээ өгсөн.
…”Үдийн цай” хөтөлбөрийн журамд хяналтын зөвлөл гэж бий. Хяналтын зөвлөлд сургуулийн эмч, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн удирдлагууд багтдаг. Улмаар тус зөвлөл хоол үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгждээ шалгалт хийх ёстой…
-Гурвалсан гэрээний талаар тодруулаач?
-Нийслэлийн өмчийн харилцааны газартай тухайн сургуулийн удирдлага болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулах ёстой. Ингэснээр сургууль өөрөө “Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавих чиг үүрэгтэй болж байгаа юм. Гурван талын хамтарсан гэрээ байгуулснаар үдийн цайндаа ямар нэг өвчин эмгэг үүсгэхгүй, хүүхдэд өгөх норм илчлэгтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг өгөхөд гурван талаас үүрэгтэй оролцож байгаа юм. “Үдийн цай”-нд хүүхдэд тохирсон хоол, хүнсийг батлагдсан цэсээр өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
-Саяхан Дундговь аймгийн Малчин сургуулийн сурагчид “Үдийн цай”-ндаа хордсон тохиолдол гарсан. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш есөн жил болж байгаа ч, хоолонд хордсон асуудлууд гарсаар байна. Энэ юутай холбоотой юм бэ?
-“Үдийн цай” хөтөлбөрийн журамд хяналтын зөвлөл гэж бий. Хяналтын зөвлөлд сургуулийн эмч, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн удирдлагууд багтдаг. Улмаар тус зөвлөл хоол үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгждээ шалгалт хийх ёстой. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжоогүйгээс үүдэлтэйгээр хүүхэд хоолонд хордох асуудлууд гарч байгаа юм.
-Сургалтын орчин бас учир дутагдалтай байгаа шүү дээ. Гэтэл сургалтын орчны стандарт гэж байх ёстой шүү дээ?
-Хүүхдийн сургалтын орчин нь Ерөнхий боловсролын сургууль. Манай улсын гурван сая иргэний 30 хувийг 6-17 насны сургуулийн хүүхдүүд эзэлж байна. Тиймээс ерөнхий боловсролын сургууль дээр зайлшгүй шаардлага, хяналт тавих ёстой байдаг. Мэдээж анги, танхимын агааржуулалтын асуудал хамгийн чухал. Манай сургууль, цэцэрлэгийн хувьд дийлэнх нь норм дүрмийнхээ дагуу баригдсан хуучны сургуулиуд байдаг.
1970, 1980 оны үед эдгээр сургуулиуд баригдаж байхад хүн амын маань өсөлт ямар байсан билээ. Тэр үед 8-16 насны хүүхдүүд сурдаг байсан. Сургуульд сурах хүүхдүүдийн тоо ямар хэмжээнд байсан нь ч ойлгомжтой. Харин одоо сурагчдын тоо маш их болсон. Зургаан настнуудыг ЕБС-д хамруулж, сургалтын тогтолцоог 12 жил болгосонтой холбоотойгоор сурагчдын тоо өссөн. Гэвч анги танхим нь 1970-1980 оны төлөвлөлттэй хэвээр байдаг. Хүүхдүүд нэг газар хэт олноороо төвлөрөхөөр агаарын бохирдол үүснэ, чийглэг алдагдах асуудлууд гардаг. Энэ бол улс орны нийгмийн хэмжээний томоохон асуудал. Гэхдээ сүүлийн үед улсын хэмжээнд олон сургууль, цэцэрлэг шинээр баригдаж байгаа нь сайшаалтай.
-Тэгвэл агааржуулалтыг ямар байдлаар хийх ёстой юм бэ. Үүнд хэн хяналт тавих вэ?
-Гаднах агаарын хэм -20 градусаас доош байгаа үед нэг удаадаа агааржуулалтыг 2-3 минут, дулаан цаг агаартай үед 15 минут хийж гүйцэтгэх ёстой. Ерөнхийдөө сурагчдыг хичээлдээ ирэхээс 30 минутын өмнө агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг хийсэн байх ёстой. Агааржуулалтыг хийх явцад өрөөний агаарын хэм 12-14 градусаас буурах ёсгүй. Үүнд сургуулийн эмч нар хяналт тавьж ажиллах учиртай.
Монголын мэдээ
URL: