Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Tөрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Өнөөдөр манай улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэгт нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэлийн төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцэх болно.
Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өөрийн өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаанд дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай. Ийм үндэслэл шаардлагыг зохицуулах төрийн өмчийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдах бөгөөд УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газар, Засгийн газрын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрчлөн байгуулах, хувьчлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.
Эхний хагас жилд 230 гаруй мянган иргэн санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргажээ
2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Энэ оны эхний хагас жилд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтанд нийт 231 мянган иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 218000 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгчээ.
Энэ хугацаанд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээс чөлөөлөх, орон сууцны 8 хувийн зээл авах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн урьдчилгаа хувийг бууруулах зэрэг хүсэлт илүүтэй иржээ.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлээс чөлөөлөх асуудлаар л гэхэд 10 мянга орчим өндөр настан өргөдлөө бичгээр гаргаж ирүүлсэн байна.
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орууллаа
“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ дахь заалт нэмлээ.
Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.
БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.
Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 55 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Гацууртын алтны ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж гаргасан санал дүгнэлтийн талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулга хийлээ.
Ноён уул орчмын болон Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Бороогийн суурин нь эртний барилга байгууламжийн туурь бүхий суурингийн үлдэгдэл юм. Энэ сууринг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулсан байна.
Бороогийн суурин нь Гацууртын ордоос 40 км, уг ордоос Бороогийн баяжуулах үйлдвэр хүртэл тавьсан автозамаас 2 орчим км зайтай оршиж байгаа тул замын тоосыг эс тооцвол Гацууртын ордын уул уурхайн ашиглалтын болон хүдэр тээвэрлэх үйл ажиллагааны улмаас уг дурсгалд сөрөг нөлөө ажиглагдахгүй байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарчээ.
Товч мэдээ
· Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хэлэлцээний явц, үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцуулсантай холбогдуулан хөрөнгө оруулагч талаас тавьж байгаа санал, нөхцөлийг тухай бүр танилцуулан уг хэлэлцээг ойрын хугацаанд дуусгах чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд Ажлын хэсэгт даалгалаа.
· Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд, Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай, Бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаар тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Хилийн боомтуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зарим боомтуудын сантехникийн засвар үйлчилгээ, уурын зуухны тогоог шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
· Энэ оны аравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Монгол Канадын дугуй ширээний VI уулзалтад оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Манай төлөөлөгчдийг Уул уурхайн сайд Р.Жигжид ахална.
· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Брюссель хотноо энэ оны аравдугаар сарын 6-7-нд болох Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XVI хуралдаанд оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
· Уул уурхайн сайд Р.Жигжидийн энэ сарын 15-18-нд Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад, 21-23-нд Колумбын Бүгд Найрамдах Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
· Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
· Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын энэ сарын 16-18-нд Шэнси мужийн Сиань хотноо болсон ШХАБ-ын Худалдаа, эдийн засгийн сайдын түвшний 14 дэх удаагийн уулзалт, Бээжин хотноо болсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч сайдын ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орны төлөөлөгчдийг хүлээн авах уулзалтад тус тус оролцож, ӨМӨЗО-ны Улаан хад хотноо Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн цогцолбортой танилцсан дүнг сайшаав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: