Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал болж байна
Монголын Залуучуудын Холбооны V Их хурал 12 жилийн дараа буюу 2015.03.28-ны өдөр болж, залууст чиглэсэн олон талт шийдвэр тогтоолууд гаргасан юм. Үүний нэг нь “Үндэсний Залуучуудын Зөвлөл”-ийг байгуулах шийдвэр байсан бөгөөд тус шийдвэрийн дагуу Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурал энэ оны 4-р сарын 28-нд болсон юм. Монголын Залуучуудын Холбооны дүрэмд заасны дагуу энэ сарын 29-нд буюу өнөөдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Энэхүү хурлаар ХАР\ЦАГААН ЖАГСААЛТ, Аравтын систем, бүтцийн бүх шатны салбар нэгж дэргэдэх байгууллагуудын санал санаачлага, МЗХ-ны байнгын хороодоос санал болгож буй цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Түүнчлэн залуус болон нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлаар Удирдах хороо болон байнгын хороодоос оруулсан тогтоолын төслийг танилцуулж, олонхийн саналаар баталлаа. Тодруулбал, Өршөөлийн хуулиар суллагдсан залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөө аж ахуйн салбарт мал маллаж ажиллах, малчин болох сонирхолтой залуусыг малчин айл өрхүүдэд өвөлжилтийн үе, хаврын мал төллөлтийн үеэр ажиллуулах “Илгээлтийн эзэн-2” хөтөлбөр, “Соёлын довтолгоо-2″ хөтөлбөр, нүүрс хөтөлбөрийг гэр хорооллын ард иргэдэд хүртээмжтэй, ил тод түгээж хэрэгжүүлэх “Шилэн нүүрс” хөтөлбөр, “ПАРКАА АВАРЪЯ” хөдөлгөөний тухай зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндсөн олон тогтоолууд батлагдаад байна.
URL: