Г.Занданшатар сайд Финландын Ерөнхийлөгчийг таксигаар тосчээ
Бүгд найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен, түүний нөхөр Пентти Араяарви нар Монголд албан ёсны айлчлал хийхээр өчигдөр өглөө Буянт ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан.
Зочдыг угтах ёслол онгоцны буудлын хүндэт зочны танхимд болжээ. Финландын Төрийн тэргүүнийг манай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс нисэх онгоцны буудалд тоссон байна.
Хачирхалтай нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хөлөглөсөн машин Буянт ухаа орох замдаа саатаж эрхэм сайд замаасаа такси барьж зочдоо тосчээ. Хатагтай Тарьяа Халоненыг угтахаар товлосон цаг дөхсөн тул сайд Г.Занданшатар бухимдаж ийнхүү замаасаа такси барьсан аж.
Сайд нисэхээс хотын төв рүү буцахдаа айлчлалын протоколын машинд суусан байна. Төрийн томоохон айлчлалд Гадаад харилцааны сайд нь таксигаар амжиж очоогүй бол юу болох байсан бэ.
Финландын зочид эрхэм сайдад юу гэж хэлэх байсан бол. Хэрэв сайдыг угтах ёслолоос хоцроосон бол хэнд ямар хариуцлага тооцох байсан бэ.
Н.Заяа
URL: