Ж.Мөнхбат: Хууль бус үйлдлийг өөгшүүлсээр байвал ерөнхий сайдтай хариуцлага ярина
Дархан-Уул аймгийн хэсэг нөхөр хууль бусаар хуралдан, Засаг даргаа огцруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүгээр ч зогсохгүй гурвуулаа сууж байгаад нэгнээ Засаг даргаар өргөмжлөөд зогсоогүй, Ерөнхий сайдад шинэ хүнээ өргөн мэдүүлсэн бөгөөд Засгийн газрын тэргүүн цаад учрыг эс ухан батламжлаад байгаа юм.
Тиймээс болсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдүүлэхээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Мөн тус аймгийн ИТХ-ын гишүүд хуралд байлцсан юм.
Уг мэдээллийн эхэнд МАН-ын генсек хэлэхдээ Засгийн газар хууль ёсны зүйлийг батламжилдаггүй атлаа хууль зөрчиж, шүүхийн процесс үргэлжилж байхад Ерөнхий сайд дундуур нь хууль зөрчиж захирамж гаргаж байгаа нь хууль дээдлэх, биелүүлэх үндсэн үүргээсээ ухарсан үйлдэл болж байна гэдгийг тодотгосон.
Тиймээс хууль бус Засаг даргыг батламжилсан хууль бус асуудлаа засч залруул гэдгийг шаардсан. Тодруулбал, Ерөнхий сайд гаргасан захирамжаа цуцалдаггүй юм гэхэд түдгэл
зүүлэх ёстой гэдгийг тэрбээр хэлсэн. Ингээд МАН-ын зүгээс хууль бус үйлдлээ залруулах шаардлагыг албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Харин энэ мэтээр гаргасан хууль бус үйлдлүүдээ засч залруулахгүй бол цаашид Ерөнхий сайдтай хариуцлагын асуудал ярих улс төрийн нөхцөл байдал үүсч байгааг ч тодотгосон.
Асуудал хэрхэн өрнөснийг сануулахад, Дархан-Уул аймгийн ИТХ 11 тэргүүлэгчтэй бөгөөд өнгөрсөн сарын 31- нд дөрвөн тэргүүлэгч хууль бус хуралдааныг зарлаж ирц хүрсэнд тооцон улмаар хууль бус 45-49 тоот тогтоолыг гаргасан байдаг.
Ингэснээр энэ сарын 15-ны өдөр аймгийн ИТХ- ын ээлжит бус хуралдааныг мөн хууль бусаар зарлаж хуралдуулсан. Энэ хуралдаанд МАН-аас нэр дэвшиж иргэд сонгогчдын итгэл найдварыг авч байсан найман төлөөлөгч АН-тай эвсэн хуйвалдсанаар аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын даргыг огцруулан өөрсдийн тохироо хийсэн ёсоор А.Энхболд, П.Эрдэнэбат нарыг сонгосон байдаг.
Харин дээрх хурлыг удирдан оролцсон Г.Батбаяр болон Н.Лхагвасүрэн, Б.Мөнхбат, Ч.Баярцэцэг, Б.Батжаргал, Л.Амгалан, Д.Дэлгэрбаяр, О.Баттулга нарыг аймгийн Хяналтын хороо, Хяналтын Ерөнхий хороонд шалгуулахаар өгөөд байгаа аж.
Мөн хууль бусаар хурал хуралдуулж аймгийн Засаг дарга гэсэн нэр зүүж байгаа А.Энхболд гэгч нь МАН-аас хөөгдсөн нэгэн гэдгийг мэдээллийн үеэр тодотгосон. Ингээд уг асуудалтай холбоотойгоор МАН-ын генсек болон Дархан-Уул аймгийг удирдаж байсан Засаг дарга нарын байр суурийг хүргэе
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.МӨНХБАТ: ХУУЛЬ БУС ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ӨГСӨН
-Дархан-Уул аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж Засаг дарга болон ИТХ-ын даргаа огцруулсан. Юуны өмнө нэг зүйлийг тодруулах нь зүйтэй. 2015 оны наймдугаар сарын 31 болон есдүгээр сарын 15-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус гэдгийг албан ёсоор хэлье.
Улмаар Дархан-Уул аймагт засаглалын хямрал үүсгээд байгаа үед хууль бус хуралдааныг өөгшүүлэн дэмжсэн үйлдлийг Ерөнхийсайд Ч.Сайханбилэг гаргасан. Энэ хүч түрэмгийлсэн, хууль бус хуралдааны шийдвэр гаргасан этгээдүүдийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Шүүхээс наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус 45-49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн.
Гэтэл шүүхийн үйл ажиллагаа дуусаагүй байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчөөд есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан. Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан
С.НАСАНБАТ: ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ НАДТАЙ УУЛЗАЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАН
-2012 оны сонгуулиас хойш орон нутгийн эрх ашгийг хүч түрэмгийлэн авах явдал байнга тохиолдож ирсэн. Сүүлийн үед манай аймагт засгийн эрхийг хууль бусаар булааж авах гэсэн АН-ын үйлдэл хэрээс хэтэрч байна.
Аливаа асуудлыг хүч түрэн, шахалт үзүүлж, хүний нэр төрийг гутаан доромжлон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа худал гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл, ярилцлагуудыг байнга явуулж төр засгийн ажлыг нураах, цаашлаад Дархан-Уул аймгийн иргэд сонгогчдын өгсөн санал, сонгогчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.
Аймгийн Засаг даргыг шинээр сонгосон бүх үйл явц, хуралдаан хууль бус гэдгийг албан ёсоор мэдэгдье. Харамсалтай нь энэ хууль бус үйлдлийг Засгийн газар нь дэмжин батламжилж байгаа нь хүч түрсэн л арга хэмжээ. Манай аймагт үүссэн асуудалтай холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг гарч ажилласан ч тухайлбал, надтай нэг ч удаа уулзсангүй.
Уг нь надтай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа улс чинь Засаг даргаар ажиллаж байсан хүнээс ямар нэгэн мэдээлэл авмаар юм. Тэгээд ч намайг буцаад ажилдаа очих шүүхийн шийдвэр гарсан.
Одоо Ерөнхий сайд өөрийн гаргасан захирамжаа шүүхийн шийдвэрт үндэслээд хүчингүй болгох нь аль ч шатны гүйцэтгэх засаглалын болон тэргүүнд нь байдаг эрх үүрэг. Үүнийхээ дагуу л гаргасан захирамжаа гаргах боломж бий. Товчхондоо, Ерөнхий сайдын ажил л үлдсэн.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: