Мөнгө цагаан, боловсрол ногоон
-Боловсролын бизнест хандив өргөсөөр байх уу-
Орчин цагт хамгийн ашигтай бизнесийн нэгд боловсролын салбар орох болжээ. Мэдээлэл технологийн эрин үед оюун ухааныг дээдэлсэн нийгмийн жинхэнэ гишүүн болохын тулд эн тэргүүнд боломжийн боловсрол эзэмших хэрэгтэй. үүний тулд мэдээж ямар нэгэн их, дээд сургууль заавал төгссөн байна.
Дөрвөн жил ном үзээд ч мэргэжлээрээ ажиллах боломж тэр бүр олддоггүй болохоор дээд боловсрол өнөөдөр суурь боловсролын хэмжээнд хүртэл олныг хамрах болсон гэхэд хилсдэхгүй. Та бакалаврын дипломтой байж гэмээнэ дэлгүүрийн худалдагч, гайгүйхэн газрын цэвэрлэгч болно гэдгийг өдөр тутмын ажлын зарын тавигдах шаардлага гэрчилнэ.
Өөрөөр хэлбэл, Монголд дээд боловсрол үнэгүйдэж, тэр хэрээр дээд боловсрол эзэмшсэн дипломны голууд борооны дараахь мөөг шиг үржин олширсон гэж хэлж болно. Дээд боловсрол хүн бүрийн эзэмших ёстой суурь боловсролтой дүйцэхүйц хавтгайрсан гажуудал цаащдаа хэдий хугацаагаар үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй.
Энгийн тооцоо бодоход цэцэрлэгээс эхлэн хүмүүжсэн хүн нийт 16 жилийг суурь боловсрол эзэмшихэд зарцуулж байна. Мэдээж энэ бага хугацаа биш. үүнийг анзаарсан сийрэг толгойтнууд боловсролын салбарт хүчээ сорьж, багагүй ашиг олдог болсоор мөн л олон жилийг үдлээ. Тиймдээ ч манай улс хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд тэргүүлэхүйц олон тооны их, дээд сургуультай болсон биз.
Сүүлийн жилүүдэд төрөөс боловсролын салбарт чамгүй анхаарч, оюутан залуусыг сурах нөхцөл боломжоор ханган, сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлж, cap бүр цалин олгохоор болсон. Ингэж нэг талаас төр тусалж, дэмжиж байгаа ч нөгөө талаас оюутан, эцэг, эхчүүдэд шинэ шинэ дарамт учирсаар байна. Нэгэнт сургалтын төлбөрийн тодорхой хувийг төр гаргаж байгаа учраас эцэг, эхчүүдэд ирэх ачаалал харьцангуй хөнгөрсөн.
Гэтэл төрийн болон хувийн сургуулиуд суралцагчдынхаа нуруун дээр хөнгөхөн ачаа байлгахыг хүсэхгүй байна. Их, дээд сургуулиуд элдэв шалтаг тоочин, яаж ийгээд төлбөрөө нэмж орхих аж.
Дээр нь их дээд сургуулиас эхлээд бүр цэцэрлэг, яслийн ангид хүртэл эцэг, эхчүүд хандив нэртэй хахууль өгдөг жишиг нэгэнт тогтоод удаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох нэр хүндтэй, сайн гэгдэх сургуульд оруулахын тулд танил талаа царайчилж, хөрөнгө мөнгөө зориулахыг буруутгах аргагүй.
Хахууль энэ тэр өгөхгүй л бол тэр сургуулийн багтаамж, багш, боловсон хүчний хүрэлцээ асуудал болон хувирна. Харин хандив өгсөн тохиолдолд үүд хаалгаа цэлийтэл нээгээд урьж залаад л явчихна. Гэхдээ яаж мөнгөө төлөөд ч тэр хэрээр чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа тухай дээр нэгэнт өгүүлсэн билээ. үүнийг өөрөөр “мөнгө цагаан, боловсрол ногоон” хэмээн зүйрлэж ч болмоор.
Их дээд сургуулийн хандивын анги хэдэн саяар үнэлэгдэх бол цэцэрлэг, яслийн ангийнх аль хэдийнэ хэдэн зуун мянгаар тоологдоод эхэлсэн байна. Уг нь БСШУЯ-наас хандивыг хазаарлах тогтоол шийдвэр гаргасан л байдаг юм билээ.
Харамсалтай нь төр, засгийн шийдвэр амьдралд хэрэгждэггүйн том жишээ болоод л үлдэж байна. Улсын их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнаар анкет бөглүүлэхдээ “Та төлбөрөө ямар хэлбэрээр хийсэн бэ” гэж асуудаг юм байна. Доор нь “төрийн сан, хандивын, хувиараа” гэсэн сонгох хариултуудтай. Эндээс л хууль, журмыг илэрхий зөрчдөг үзэгдэл ил тод харагдана.
Ер нь манай аль ч байгууллага хэрэг зөрчил гарсны дараа л асуудлыг шийддэг номтой. Байгууллагын харуул хамгаалагчаас эхлээд үндсэн хуулийн харуулын үүрэгтэй Цэц хүртэл хэн нэгэн “хууль болохгүй байна, түүнийг шалгаад өгөөч” гэж “гуйхгүй” л бол хууль бус үйлдлийн дэргэдүүр инээмсэглэн алхсаар өнгөрнө.
Яагаад тухайн хууль хэлэлцүүлгийн шатандаа явахад нь үндсэн хуульд харшлах эсэхийг нь хяначихаж болдоггүй хэрэг вэ. Хэрэв гомдол гарахгүй л бол хандивын анги нээсэн тухай МХЕГ-ынхан шалгахгүй гэсэн үг. Аргагүй шүү дээ.
Мөнгө төлөн байж гайгүй сургуульд орчихоод “Энэ сургууль намайг хандиваар авсан гэж хэн мэдүүлэх билээ. Мэдээж үндсэн хууль бол том асуудал. Нэгэнт том асуудал багаас эхэлдэг болохоор боловсролын салбарын бизнес иргэдийн дунд ихээхэн төвөг удаж байгаа юм.
МУИС, ШУТИС, ЭМШУИС зэрэг улсын сургуульд өрсөлдөөд орж чадаагүй оюутан элсүүлэхэд дунджаар гурван сая орчим төгрөг байдаг юм байна. Энд тухайн сургуульд элсэх ёстой босго оноондоо хүрсэн эсэх хамаагүй, мөнгөө л төлчих гэж тайвшруулдаг юм байх.
Цаад зуучлагч нь бур “Элсэлтийн шалгалтаа муу өгсөн гэхээр тааруухан сурлагатай байлгүй. Их сургууль төгсөхөд гайгүй дүн тавиулж чадна” гэх утгатай үг хэлж, тухайн оюутанд дөрвөн жилийн баталгаа өгөх дайны юм болдог гэнэ. Тэгэхээр сургуульд зуучлагч, бүртгэгч, багшлагч, батлах олгогч гээд бүгд хандив авдаг болж таараад байгаа юм.
Энэ салбар үнэхээр олон хүнийг хоолтой нь залгуулдаг том бизнес ажээ. Нөгөө талаар хандивын анги оюутнуудыг халтуурдан сурахад уриалан дууддаг гэсэн үг.
Манай улс гаднын орнуудтай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд байгуулан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, ирээдүй хойчийнхоо мэдлэг боловсролд анхаарч ирсэн. Харин гаднын сургуулийн хуваарь, тэтгэлгийг хүлээн авсан мэргэжилтнүүд нь ах дүү, хамаатан садан, дотнын нөхдөдөө өгөх эсвэл ахиухан үнээр зарчихдаг гэж дуулдсан.
Олны үгээр бол Хятадын Засгийн газрын тэтгэлгээр өмнөд хөршид магистрын зэрэг эзмшихээр суралцахын тулд долоон сая төгрөг хэрэгтэй гэнэ. Эндээс мөн л сурлагаараа өрсөлдөж байгаа оюутнууд хохирч үлдэнэ.
Байдал ийм л байна. Гэхдээ уудам эх оронд минь юм бүхэн болохгүй, бүтэхгүй байгаа юм биш л дээ. Улс мөнгөтэй болж, их бүтээн байгуулалтууд өрнөж байна. Энд найзын минь хэлсэн үг санаанд орлоо.
“Хаа сайгүй авлигачдыг устгана гэж ярих юм, арай намайг биш биз дээ” гэж тэр хэлсэн. Тэр энгийн л залуу. Гурван жилийн өмнө их сургуулиа төгсөж, одоо хувийн байгууллагад ажилладаг. Гэргий нь төрийн байгууллагад ажилтай. Энэ хос бяцхан охиноо цэцэрлэгт бүртгүүлчихсэн гэж байгаа.
Хөдөөнөөс шилжиж ирсэн шинэхэн гэр бүл өнөөдрийг хүрэхдээ хэн хэнд хэчнээн төгрөгийн хандив өргөсөн бол. Цаашдаа тэдэнд охиноо чанартай сургуульд оруулах, их сургууль төгcгөх, чадвал гадаадад боловсрол эзэмшүүлэх гээд олон “хандив” өргөх хэрэг гарч магадгүй л юм.
М.Хангал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: