Төр толгойлсон бүсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Финлянд улсын Ерөнхийлөгч Таръяа Халонен манай улсад айлчлалаа хийхээр өчигдөр ирлээ.

Түүний айлчлалын албан ёсны аргахэмжээ өнөөдөр эхлэх бөгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт Сүхбаатарын талбайд угтан авна. Тэрээр өнөөдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны уулзалт болон хэлэлцээ хийх юм.

Мөн Монгол Финляндын бизнес эрхлэгчдийн форумын нээлтийн ажиллагаанд оролцох аж. Хатагтай Таръя Халоненд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл болон Засгийн газрын тэргүүн С.Батболд нар бараалхах бол Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайд Т.Ганди хүндэтгэн хамт зоог барих аж.

Финляндын Ерөн-хийлөгч Таръя Халонен бол улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч. 1943 онд төрсөн тэрээр Финляндын нийслэлд өсөж, хотынхоо их сургуульд хууль эрх зүйн мэргэжлээр төгссөн нэгэн юм.

Сургуулиа төгссөнөөс хойш тэрээр улсынхаа оюутнуудын үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, үйлдвэрчний эвлэлд хуулийн зөвлөх, парламентын гишүүн, Нийгэм эрүүл мэнд болон хууль зүй, гадаад хэрэг гээд хэд хэдэн яамны сайдын албыг хашиж байсан. Харин 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулснаас хойш өдгөөг хүртэл 11 жил Финляндыг удирдаж байна. Гэхдээ тус улсын засаглал нь парламентын боловч Ерөнхийлөгчийн хагас засаглалтай.

Зургаан жил тутамд Ерөнхийлөгчийн шууд сонгууль болдог бөгөөд хатагтай Таръя Халонен хоёр дахиа ялалт байгуулсан. Түүний гэр бүлийн тухайд бол нөхөр, охин хоёртойгоо амьдардаг.

Энд сонирхуулж хэлэхэд Финлянд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо маш өндөр. Тус улсын Ерөнхийлөгчөөс гадна Засгийн газрын тэргүүн нь Мари Кивиниеми гэдэг эмэгтэй хүн байдаг. Түүнээс гадна Засгийн газрын танхимын нийт 20 сайдаас 12 нь, парламентын нийт суудлын 40 хувь нь эмэгтэй юм.

Т.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих