Маргаантайг нь яах вэ, баараггүйг нь зөв бичье
Заримдаа хэн нэгний өмнөөс ичихэд хүрэх юм. Урьд нь хүүхдүүдтэйгээ зурагт үзэж суухад үнсэлдсэн тэврэлдсэн юм гарахаар тэднээс ичиж сувгаа сольдог байлаа. Гэтэл одоо бүр өөр зүйлд санааширч, сэтгэл шимшрэх боллоо.
Тэр нь сонин хэвлэлийн хуудас, телевизорын дэлгэц, ер нь гудамж талбайд хаа сайгүй тааралдах алдаатай бичсэн үгсийг хараад заримдаа бүр ичих шиг болох юм. Саяхан нэг телевизээр “Айрагтай яриа” булангийн дор сонирхолтой ярилцлага боллоо. Булангийнхаа нэрийг дүрсээр үзүүлэхэд “Айригтай яриа” гэсэн бичээс тодорлоо. Дунд ангид сурдаг хүү маань “Айригтай байх даа яах вэ” гэхэд нүүр улайх шиг.
Мөн нийслэлийн төв талбайд оюутны тангаргийн баяр болж, Ерөнхий сайд, БШУ-ны сайд, их дээд сургуулийн удирдах ажилтнууд индэрт гарч оюутнуудад баяр хүргэж, үг хэлцгээв. Тэдний өмнө хойно буй самбар, плакат дээр “Тангарагийн” гэж бичсэнийг хараад оюутан залуусынхаа өмнөөс сэтгэл эмзэглэв. Уншигч, үзэгчийн нүдний өмнө энэ мэт үгсийг буруу зөрүү бичээд байхаар бүр ижил дасал болчихдог бололтой. Тэр бүр дүрэмд захирагддаггүй, янз бүрээр бичдэг 700-гаад үгсийг Төрийн хэлний зөвлөлөөс журамлаж хэвшүүлж буй. Гэтэл “айраг” “айриг”-ийн, “тангаргийн” “тангарагийн”- гэх үгсийг зөв бичиж чадахгүй болтлоо доройтсоныг бодохоор ичих ч багадна.
“Худал юмыг мянга хэлбэл үнэн болдог гэдэг шиг зарим үгийг буруу бичсээр бүр хэвшиж алдаа мадаггүй зөв бичсэн мэтээр ойлгох болжээ. Хоёр, гурав, дөрөв, тав бүгд тооны нэр. Эдгээр тооны нэрсийг үйл үг болгож хувиргах “л” дагаврыг залгахдаа эгшгийг хойно нь жийрэглэх дүрмээр бичих ёстой. Гэтэл гурвалсан, дөрвөлсөн гэж буруу бичээд байх юм. Зүй нь гуравласан, дөрөвлөсөн, тавласан гэж бичих ёстой.
Маргаантай бичдэг үгсийг яах вэ, больё гэхэд хэн ч маргахгүй дүрэм журамтай үгсээ зөв бичээд сурчихвал хүүхэд, оюутан залууст зөв үлгэр дуурайл болохсон.
Н.Бөхдамбий
URL: