А.Цэгмэд: Зураг авах бүрт Монгол хүн болсноороо бахархах сэтгэл төрсөн

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан туслах дүр бүтээсэн, Монголын кино урлагийн шигтгээ болсон ахмад жүжигчдийн нэг А.Цэгмэд гуайг ярилцлагын зочноор урилаа. Монголын жүжигчдийг дэлхийд таниулах АНУ-ын“Netflix” компанийн “Марко Поло” кинонд дүр бүтээгээд ирсэн түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүлснээ хүргэе.

 

-Сайн явж ирэв үү. Ярилцлагын эхэнд таны “Марко Поло” киноны шалгаруулалтад хэрхэн оролцсон талаар асууя гэж бодлоо.

 

-Дэлхийн хэмжээний кинонд Монголоос анх удаа ахмад жүжигчдийн төлөөлөл болон олны хэсэгт дүр бүтээгээд ирсэндээ баяртай байна. Юуны өмнө намайг дэлхийн хэмжээний кинонд дүр бүтээхэд тусалж дэмжсэн хүмүүс, “Марко Поло” киноны Монгол дахь студийн хамт олон, продюсер М.Оргил, сайхан монгол төрхөөрөө ки-ноны шалгаруулалтад тэнцэж над тай хамт явсан жүжигчдэдээ баяр ласнаа хэлье. “Марко Поло” кинонд тоглох хүмүүсийг Улсын драмын эрдмийн театр, Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд мэргэжлийн жүжигчид шалгаруулсан. Тухайн үед Сорхугтани хатан, Жахахамбу зэрэг дүрд тоглох монгол жүжигчдийг шалгаруулж байсан юм. Гэтэл “Марко Поло” киноны зохиолч зохиолтойгоо дахин танилцаад эдгээр дүр шаардлагагүй, Марко Полотой уялдаа холбоо багатай хэмээн болиулсан. Тэгээд уг дүрүүдийн нэгэнд Хонконгийн90 настай алдартай жүжигчнийг тоглуулахаар болсон. Тэр үед би энэ киноны шалгаруулалт болсныг мэдээгүй. Ээж маань хүндээр өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан учраас киноны шалгаруулалтад ч оролцож чадаагүй. Намайг эмнэлэгт ээжийгээ сахиж байхад Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Н.Отгонтогос утасдаад “Марко Поло” киноны олон түмний хэсэгт тоглох уу” гэж асуусан. Олны хэсэгт тоглох хүн монгол төрхтэй, 45-аас дээш настай байх ёстой гээд заачихсан юм билээ. Тэгээд нэг өдөр “Марко Поло” киноны Монгол дахь студиэс утсаар ярьж шалгаруулалтад оролцох санал тавьсан боловч тухайн үед ээж маань эмнэлэгт бие нь тааруухан байсан учир очих боломжгүйгээ хэлсэн. Гэтэл нөгөө хүн имэйл хаягаар өмнө нь тоглосон хоёр киноны зураг явуулахыг хүссэн. Ингээд би“Ану хатан”, “Нарны хэнгэрэг” гэсэн кинонд тоглосон зургаа явуулсан. Түүнээс хойш сар болоход надад ямар ч хариу ирээгүй болохоор“Марко Поло” кинонд тэнцээгүй гэж бодсон. Тэгсэн “Аcademy awards” наадам болохын өмнөхөн “Марко Поло” кинонд тоглох болсныг дуулгаж надад давхар баяр тохиолдсон юм.

 

-Кино урлагийн “Аcademy awards” наадмын үеэр танд “Марко Поло” кинонд тоглох болсныг анх дуулгасан. Тэр үед та ямар дүр бүтээхээ хараахан мэдээгүй байв уу?

 

-Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал авна гэж бодоогүй байсан учраас сандарсандаа “Марко Поло” кинонд тоглох болсноо зарлачихсан. Наадмын маргааш продюсер М.Оргил надруу утсаар яриад “Та сэтгүүлчид “Марко Поло” киноны ямар дүрд тоглох юм бэ гэхэд “Мэдэхгүй. Ямар ч байсан шалгаруулалтад тэнцсэн” гэсэн. Та тийм тодорхой бус хариулж болохгүй. Та “Марко Поло” киноны олон түмний хэсэгт тоглоно” гэсэн юм.

 

-“Марко Поло” киноны уран бүтээлчид олон сайхан газраар явж зураг авалт хийсэн гэсэн. Хамгийн түрүүнд хаана очсон бэ?

 

-Анх Унгарын Будапештэд очсон. Биднийг Унгарт амьдардаг унаган унгар хэлтэй, бас англиар ярьдаг Цацрал гэдэг орчуулагч мөн өөр нэгэн хүний хамт тосч авсан. Надтай хөдөөнөөс мянгат малчин Батдорж, Баян-Өлгий аймагт багшилдаг Баянмөнх, Эрдэнэт хотоос ирсэн оёдолчин Алтанцэцэг мөн Улаанбаатараас Энхчимэг, Төмөрбаатар, Оюунчимэг, Оргилуун, Батбаяр зэрэг есөн хүн явсан. Ер нь гадаадад байгаа европжсон монголчуудаас тэд маш өөр харагдаж байсан. Ямар сайндаа заримыг нь дахин дахин олны хэсэгт тоглуулах вэ дээ. “Марко Поло” киноны зураг авалтыг Будапештээс 80,100, 120 км-ийн зайтай гурван газарт хийсэн. Хэдийгээр хотоос зайтай газар ч гэсэн бүх зүйлийг урьдчилаад бэлтгэсэн байв. Бид манай Тэрэлжтэй төстэй асга хадтай ууланд зураг авалтад оролцсон. Тиймээс зураг авах газарт очихдоо хотуудтай нь танилцаж, Унгарын байгалийг үзэж явлаа. Бид бямба, ням гаригт амардаг. Тэр үедээ орчин тойрныхоо аж байдлыг сонирхож, Австри руу явж, Сиси хатны ордныг үзсэн. Гэхдээ кинонд тоглохоос өмнө гэрээ байгуулсан учраас “Марко Поло” киноны зураг авалтын үеэр авахуулсан зураг болон киноны үйл явдлын талаар ярих боломжгүй байна.

 

-Монгол ахуй гардаг хэсэгт манай уран бүтээлчид тоглосон юм байна?

 

-Хэдийгээр бид тодорхой оноож өгсөн нэртэй дүр бүтээгээгүй ч монгол ёс заншил, ахуй гардаг хэсэгт тоглосон. Тухайлбал, айраг бүлэх, мал хариулах, уламжлалт хөгжмийн зэмсэг тоглох зэрэг хэсэгт ихэвчлэн дүр бүтээсэн. Нэг зураг авах үед“Хубилай хааны мэлмий бат оршиг. Хурай, хурай” гэж хэлдэг. Гэтэл тэр үгийг гадаадын зарим жүжигчин хэлж чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байлаа. Тийм хэсэгт нь ихэвчлэн монголчууд тоглосон.

 

-Мэргэжлийн жүжигчин гэд гээ кино найруулагчдаа та ниулъя гэсэн бодол зураг авалтын явцад төрсөн үү?

 

-Ээжийн маань надад хийж өгсөн хулсан хуурыг тоглож мэргэжлийн жүжигчин, орчноо хэрхэн мэдэрч, амьдруулахыг киноны зураг авалтын үеэр харуулахыг хүссэн боловч санаснаар болоогүй. Кино зураг авалтын дараа хулсан хуураа алга болгочихсон. Гэхдээ яг тийм хуур хүнээр урлуулж заавал ч үгүй ямар нэгэн уран бүтээлд тоглоно гэж бодож байгаа.

 

-Тантай УДЭТ-ын жүжигчин Цэрэнболд хамт яваагүй юм уу?

 

-Өмнө нь хэлсэнчлэн кино зохиолд өөрчлөлт орсон учир энэ удаад яваагүй байх. Харин энэ сарын 28-нд продюсер М.Оргил, жүжигчин Ц.Цэрэнболд, арван настай хүү гурав Малайз руу явах гэж байна. Хэдийгээр киноны зохиол өөрчлөгдсөн ч зохиолч Ц.Цэрэнболдод өөр дүр өгсөн. Харин ямар дүр бүтээхийг нь нууцалъя.

 

-Та тэдэнтэй хамт Малайз руу явахгүй юм уу?

 

-Явахгүй. Энэ удаагийн кино зураг авалтад олны хэсэгтэй зураг бага байгаа гэсэн.

 

 

-“Марко Поло” кинонд тоглох үеэр өөр уран бүтээлд тоглох санал ирсэн үү?

 

-Словакт 10 хоног зураг авалт-тай байх хугацаанд би ямар нэгэн байдлаар хүмүүстэй холбоо барих боломжгүй байлаа. Тэр үед Азийн кино холбооноос надад имэйл ирснийг мэдэлгүй явсаар хугацаа нь өнгөрсөн. Дахиж ирэх эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч дүр бүтээхэд бэлэн, өөрийгөө бэлтгээд байж байя л даа.

 

-Унгар хүүхэд хөх толботой төрдөг, бас зарим үг нь монгол хэлтэй адилхан дуудлагатай гэж сонссон. Зураг авах үеэр танд тийм зүйл ажиглагдаж байв уу?

 

-Тэдний хүн гэдэг үг нь монгол үгтэй төстэй. Би Унгарт очоод “Та сайн байна уу, баяртай” гэж хэрхэн хэлдгийг нь сурсан. Унгарчууд ярих-даа дуудлага нь их зөөлөн аялгуулан хэлдэг юм билээ.

 

-Зураг авах талбайд хэдүүлээ ажиллаж байв?

 

-Тэнд биднээс гадна дэлхийн олон орноос ирсэн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Ер нь нэг өдрийн зураг авахуулахын тулд кино зураг авалтын талбайд 600 хүн ажилладаг байсан. Зохион байгуулалт сайн байсан учир санаа зовох зүйл гараагүй.

 

-Энэ удаагийн аяллаас танд юу үлдэв. Дурсгалтай зүйл тохолдсон уу?

 

-“Марко Поло” кинонд тоглоод надад өөрчлөгдсөн зүйл олон байна. Олон шинэ зүйлийн талаар таньж мэдлээ. Хонконгийн90 настай жү-жигчин кинонд тоглож байхдаа хэлсэн хоёрхон үгнээс би маш их эрч хүч, урам авлаа. Кино зураг авалтын үеэр тэр хүнээс зураг авахуулах эсэхийг асуухад намайг уриалгахан хүлээн авч, тоож зураг авахуулсан. Өөрийгөө Монголоос ирсэн 70 нас хүрч байгаа гэж танилцуулахад тэр өөрийгөө 90 настай гэдгийг хэлэхийг нь сонсоод би их урам авсан. Тэр хүний хэлсэн үгнээс нас бол зөвхөн тоо гэдгийг ойлгосон.

 

-Зураг авалтын үед Унгарын цаг агаарын байдал ямар байв?

 

-Зарим үед нэмэх 41 хэм хүртэл их халсан. Ямар сайндаа бид хувцасныхаа ханцуйд мөс хийж сэрүүцэж байхав. Бидний хацрыг ув улаанаар будчихна. Бид час улаан хацартай, өтгөн хар хөмсөгтэй, урт гэзэгтэй харагдах ёстой. Гэтэл их халахаар хөлс урсаад болдоггүй байв. Тийм халуун болохоор ахмад хүмүүсийг“Даралт чинь ихдэж байна уу” гэж байнга асууна. Эмч хүртэл бэлэн байдаг. Монгол хүн нэрэлхүү зантай. Халуунаас болоод толгой багахан өвдөх зэргийг тоодоггүй байсан.

 

-Ер нь ажиглаж байхад гадаадын уран бүтээлчид Монголынхоос хэр ялгаатай байна?

 

-Ур чадварынх нь хувьд онцын ялгарах зүйлгүй юм шиг санагдсан. Харин уран бүтээлд зарцуулж байгаа хөрөнгө, техник төхөөрөмжийн хувьд ялгаа бол бий. Тэгэхээр бид дэлхийн кино урлагийн хөгжлөөс хоцроод буй зүйл байхгүй. Харин ч монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл зураг авах бүрт төрж байсан шүү.

 

-Зураг авалтын үеэр таны төрсөн өдөр болсон. Хэрхэн тэмдэглэсэн бэ?

 

-Унгарт надад тус болж байсан Үзэмээ, Сараа, Гэрэлээ гээд гурван найз маань байсан. Бас Унгарт сурдаг Өүлэн гээд орчуулагч охин байлаа. Тэд миний төрсөн өд рөөр 150 хуушуур хийгээд авчир сан. Монголоос явсан уран бүтээлч-дийн хээ хүрээнд төрсөн өдрөө тэм-дэглэсэн.

 

-Таныг Унгарт байх үеэр “Тайга” кино нээлтээ хийсэн. Кинонд та нэгэн удганы дүр бүтээсэн. Хэдийгээр киноны гол дүр биш ч үндсэн санааг нь тээгээд яваад байгаа юм шиг санагдсан?

 

-Хэдийгээр би“Тайга” киноны нээлтэд оролцож чадаагүй ч Унгараас бичлэг явуулсан. Техни кийн шалтгаанаас болоод тэр бичлэгийг гаргаж чадаагүй гэсэн. “Тайга” киноны зураг авалт эхлэхээс өмнө зохиолыг нь уншиж байхад миний бүтээсэн дүр цөөхөн гардаг мөртлөө киноны яг үндсэн шугам нь байна гэж ойлгосон. Энэ дүрээр би“Нас ахисан хүмүүсийн үгийг сонсч бай, уламжлалаа чандлан сахиж бай, тэгэхгүй бол уул ус, лус савдаг хүртэл хилэгнэнэ” гэсэн гурван үнд сэн санааг гаргахыг хүссэн. Үүний үндсэн дээр би дүрээ бодож боловсруулсан юм.

 

-Удахгүй Ахмадын баяр болно. Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчид баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

 

-Баяртай мэдээ сонсгох уу. Намайг “Марко Поло” кинонд тоглох үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагначихаж. Одоохондоо би шагналаа аваагүй л явна. Урлагийн ажилтны холбоо шагналыг яамнаас аваад надад Ахмадын баяраар албан ёсоор гардуулж өгнө гэсэн. Тэгэхээр энэ жилийн Ахмадын баяр миний хувьд их онцлогтой болох нь ээ. Ер нь бол Ахмадын баяр их сайхан. Удаан уулзаагүй нөхөдтэйгөө уулзаж, дурсамжаар аялуулах боломж бүрдүүлж өгдөг.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих