Улсын начин А.Алтанхуяг: Миний өмнөөс олон хүн баярлахыг хараад хөөрчихсөн
Шинэ цолтон булангийнхаа анхны зочноор Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Нийслэлийн онцгой байдлын газар болон Эфис төвийн бөх, улсын шинэ начин Алтангэрэлийн Алтанхуягийг урьж ярилцав. Өмнө ярилцлага авъя гэхэд “Улсын цол авахаараа өгье” гэж хэлсэн амандаа тэр хүрсэн. Зорилготой байж, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, түүндээ хүрнэ гэдэг үнэхээр бахархалтай.
-Юуны өмнө улсын начин цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-За баярлалаа. Энэ жилийн наадмаар сайхан барилдаж, улсын начин цол авсандаа баяртай байгаа.
-Чамгүй олон жил зүтгэлээ. Бас чамгүй олон жил бөх сонирхогчдыг хүлээлгэн байж начин боллоо. Тэр мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцвал…?
-Тавын даваанд нэлээд хүнд барилдаан хийсэн. Гэхдээ сэтгэл зүйн хувьд тогтвортой. Барилдана л гэж бодоод гарсан. Давчихаад, начин болчихоод сэтгэл төдийлөн их хөдлөөгүй. Улсын начин болчихлоо гэж бодохоос илүү миний өмнөөс олон хүн баярлаж уйлсан гэхийг, баярлалаа гэж хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй хөөрчихсөн.
-Энэ наадмын даваанууд ямаршуухан болов. Хэн, хэнтэй хэрхэн барилдсан тухайгаа эргэн нэг дурсах уу?
-Наадмын даваа болгон хариуцлагатай байдаг. Бөхчүүд ч бэлтгэл маш их хийдэг болсон цаг. Нэгийн даваанаас эхлээд л чанга шүү дээ. Нэг дээр залуу бөхтэй таарч давсан. Хоёрын даваанд Хөвсгөлийн а.а О.Батцэнгэлийг, гуравт Ж.Отгонбаяр начинг, дөрөвт олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаярыг, тавд аварга С.Мөнхбатыг давж начин цолд хүрсэн дээ.
-Хоёрын давааны оноолт цол горилж яваа залуучуудад бас л их эвгүй таардаг шүү дээ?
-Тийм ээ. Хоёрын даваанд цолны төлөө зүтгэж яваа залуучууд ихэвчлэн хоорондоо нугарч таардаг. Бүгд л цолны төлөө барилдаж байгаа болохоор бэлтгэл сайтай байдаг. Батцэнгэл арслангийн хувьд цөөнгүй жил барилдсан туршлагатай арслан.
-Гурвын даваанд…?
-Ж.Отгонбаяр начин авсан. Наадмын өмнө надтай нэг таараад “Жаахан бэртэлтэй байгаа. Би чамайг гурав дээр авч гаргаж өгнө өө” гэж хэлсэн. Тэгээд гурав дээр авч тунаанаас гаргаж өгсөн дөө.
-Түвшинбаяр аваргатай нэлээд бужигнаж барилдсан уу. Аваргаас олон ч угсраа мэх ирэх шиг болсон?
-Бас л их хүнд барилдаан болсон шүү. Гэхдээ тэр барилдааны дараа цочоо арилаад бие хүндрээд бүр уужирчихсан. Энэ нь дараагийн даваанд тайван, итгэлтэй барилдахад сайнаар нөлөөлсөн.
-Та яг ямар мэхээр давсан бэ?
-Түвшинбаяр аварга өөрөө их спортоор хичээллэдэг болохоор золгооноос өмнө барилдаанаа шийднэ гэж гарсан байх. Би бол “Дутуу мэх хийж болохгүй, хэрвээ дутуу мэх хийвэл өөрөө хариу мэхэнд орно. Тиймээс өөрийнхөө барьцанд хүрч мэхээ хийж барилдъя” гэж төлөвлөөд гарсан. Аварга баруун тонгороод, зүүн талдаа бусгах мэх хийсэн. Тэр үед голлож дайраад давсан даа. Барилдааны эгзэг таарсан хэрэг.
-Ер нь дөрөв дээр харцагууд хавьцаа таарах байх гэсэн таамаг байв уу?
-Тиймэрхүү таамаг байсан. Гэхдээ арай дээгүүр таарах байх гэсэн бодолтой байсан. Гурвын даваанд давчихаад Түвшинбаяр аварга бид хоёр зэрэг туг тойрч таарсан. Тэр үед бид хоёр таарчих юм биш байгаа гэсэн бодол орж ирсэн шүү.
-Тав дээр С.Мөнхбат аварга А.Алтанхуягийг амаллаа гэхэд олон хүн халаглаж, дуу алдаж байсан. Дөрөв дэх удаагаа тавын даваанд гарч ирсэн таныг залуу аварга амалсан гэж дуулах хэнд ч дуу алдахаар, харуусахаар байсан болов уу. Таны хувьд тэр амлалтыг сонсоод юу бодогдож байв?
-Урьд нь гурван ч удаа улсын наадамд дөрөв давчихсан байсан. Хэт хичээснээс, биеэ барьж барилдаан сайн гарахгүй, бас хэтэрхий шатаж барилдсанаас болж алдаа гарган унасан талууд бий. Тиймээс тайван байж өөрийнхөө барилдааныг л гаргах ёстой гэсэн бодолтой наадамд зодоглосон. Ерөнхийдөө тийм дээгүүр авахгүй байх гэсэн бодолтой, асарт сууж байтал Мөнхбат аварга амаллаа гэж зарласан. Тэгэхээр ерөөсөө л барилдах юм байна гээд нэг бодлын сэтгэл шуударсан л даа.
-Нөгөө талаар өмнөх жилүүдийг бодвол сэтгэл зүйгээ сайн бэлджээ гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сэтгэл зүйгээ гайгүй бэлдсээн. Мөн биеэ ч сайн бэлдэе гэж хичээсэн.
-Тав эхлэхийн өмнө наадам хэсэг зуур завсарладаг. Тэр үеэр бас их л зүйл болдог шиг байгаа юм. Таныг дөрөв давчихсан болохоор нутгийнхан, найз нөхөд гээд таны өмнөөс олон хүн нэгийг бодсон нь гарцаагүй. Хэн нэгнээр авахуулъя, энэ тэр гэсэн яриа хөөрөө гарч байв уу?
-Яригдалгүй яахав. Намайг цол аваасай гэж боддог, дэмждэг, хүлээдэг хүмүүс ч тэр би өөрөө ч тэр ямар нэгэн аргаар энэ давааг давчих юмсан л гэж бодож байгаа юм. Тиймэрхүү өнгө аястай үйл явдал өрнөж байсныг одоо нуугаад яахав.
-Үзэгчдээс дутахгүй бөхчүүд таныг цол аваасай гэж их хүсдэг юм билээ. Ялангуяа үеийнхэн тань тэр минь цолонд хүрчихээсэй гээд л…?
-Тийм шүү. Бөхчүүд маань хэдийгээр талбай дээр гараад өрсөлдөгч байдаг боловч олон жил бөхийн дэвжээнд барилдаж ноцолдож яваа бусдынхаа жаргал, зовлонг маш сайн ойлгодог. Тэр утгаараа цол авчихаасай гэж сэтгэл санааны дэм өгч, үнэтэй зөвлөгөө сургамж харамгүй хэлэх нь маш сайхан санагддаг. Хүн чинь урмаар тэтгэгдэгддэг гэдэг шүү дээ.
-С.Мөнхбат аваргатай нэлээд удаан барилдсан. Барилдаан удааширч байгаа нь мэдрэгдсэн үү, хүмүүс бол их л өндөлзсөн дөө?
-Яг барилдаж байгаа үед бол хамаг анхаарлаа төвлөрүүлээд улайрчихсан, цаг хугацаа хэрхэн өрнөж байгааг анзаардаггүй л дээ. Уг нь хамгийн түрүүнд гарсан. Давчихаад ирэхэд талбай дээр ганцхан хос бөх үлдсэн байсан. Тэгэхээр удаан л барилдсан хэрэг.
-Та барьц сонгож алдаад дараа нь аварга барьц сонгосон. Тэр үед юу бодогдсон бол…?
-Барьц авахад их төвөгтэй байсан л даа. Аварга өөрөө нуруу тийм ч өндөргүй, харин цээж өргөнтэй, зодог нь өргөн. Барингуут л барьц задарчих гээд… Барихад төвөгтэй олигтой барьц өгөхгүй байсан болохоор “Ер нь алдаж болох юм байна. Өрсөж мэхээ хийе” гэж л бодогдсон. Гэвч өрсөж мэх хийж чадалгүй барьцаа алдчихсан. Би ер нь ихэвчлэн барьц сонгоонд хүрэлгүй, хурдандуу барилдчихдаг талтай. Нөгөө талаар барьц сонгуулсан ч үлдчихдэг барилдааны онцлогтой.
-Аварга таныг шахаж татан өргөж байснаа өөрөө хөл алдаад уначихав уу гэмээр унасан. Яг тэр үед “Бөхийн дэвжээ ивээх хүнээ ивээдэг юм байна, цол авах ёстой хүн ямар ч хүнд байдлаас цол авчихдаг л юм байна… гэж хамгийн эхэнд бодогдсон шүү. Үнэхээр олон хүнийг уулга алдуулсан, баярлуулсан, уйлуулсан гоё агшин байлаа. Энэ наадмын оргил хэсгүүдийн нэг ч гэж хэлж болохоор…?
-Олон түмэнд намайг давчихаасай, цол авчихаасай гэсэн хүсэл, мөрөөдөл дэмжлэг дүүрэн байсан юм билээ. Тэр бүхэн мэдээж нөлөөлсөн байж таарна. Нөгөө талаасаа хүн харахад хэдийгээр мэх хийгээгүй байхад уначихаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч барилдаж байгаа бөхчүүдийн хувьд хөдөлгөөн болгон мэдрэмж болчихсон байдаг. Олон жилийн туршлага байна. Мэдрэмж өөрөө мэх болно. Сүүлд бичлэг харахад миний зүгээс багахан мордоо маягийн юм ороод аварга унасан байна лээ.
-Яг тэр агшинд юу бодогдсон бол…?
-Давчихлаа л гэж бодсон доо.
-Таныг улсын цолны босго ямар өндөр, ямар хатуу гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн бөх гэж онцолж болох юм?
-Тийм ээ. Үнэхээр яс махандаа тултал мэдэрсэн гэж хэлж болно оо.
-Зургаагийн даваанд залуу арслантай барилдсан. Цол авчихсан гээд тайвширсан уу, хичээж барилдаж чадсан уу?
-Зургаагийн даваанд барилдана л гэсэн бодолтой, сэтгэл зүйгээ хөөргөчихөлгүй, тогтоогоод л гарсан. Барилдааны төгсгөлд өөрөөсөө арал жин их хүнийг давуулж гуядах гэж бариад алдаа гаргасан.
-Таныг тав давахад их олон хүн уйлсан гэж дуулсан. Танд харин нулимс хэр ойрхон байв?
-Хүн хүний сэтгэл зүйн онцлог өөр л дөө. Уначихаад уйлаагүй хүн чинь давчихаад юу гэж уйлахав.
-Таныг энэ жил наадмын бэлтгэл дээр өглөө бүр шар дээлээ өмсөөд уулын орой дээр гарч залбираад суучихдаг байсан гэж нэг сонин дээр бичсэн харагдана лээ?
-Тийм үү? Тэр худлаа шүү /инээв/.
-Бэлтгэл ер нь ямархуу болсон бэ. Бугын САА-д өмнө гарч байв уу?
-Манайхан өмнө Буга руу нэгдсэн журмаар төвлөрч гарч байгаагүй л дээ. Би 2005 онд нэг гараад наадмын өмнө бэртчихсэн удаатай. Энэ жил бас жаахан хожуу 6 сарын 15-16 хүрч гарсан шүү. Улсын начин Х.Амараа ах маань ирж хамт гараач гэсний дагуу Өмнөговь, Баянхонгорын бөхчүүдтэй хамт Бугын САА-д бэлтгэлээ базаалаа. Ерөнхийдөө бэлтгэл маань өдрөөс өдөрт засраад аятайхан болоод байсан.
-Ер нь бөх болгон л сайн барилдана, цол авна гэж наадамд очдог байх. Наадмын өглөө би цол авчих байх гэсэн итгэл хэр их байв?
-Үнэндээ жил болгон л тэр бодлыг тээж наадамд очдог. Энэ жил цол бодохоосоо илүү өөрөөсөө гарах барилдаанаа л тултал нь гаргая гэсэн бодолтой ирсэн. Тиймээс өөртөө итгэлтэй байсаан.
-Наадмын дэвжээн дээр таны дээлийн захыг хэн мушгисан бэ?
-Манай дүү аймгийн начин Энхбат гэж залуу бий. Тэр маань хоёрын даваанд Пүрэвсайхан харцагад уначихаад, гурваас миний дээлийг захыг мушгисан.
-Энэ жилийн 7 шинэ начингийн 6 нь улаан хүрэн дээлтэй байсан нь бас содон харагдсан. Таны хувьд улаан дээлээ шинээр хийлгэв үү, өнгөний сонголтонд учир утга байв уу гээд л сонирховол…?
-Наадмын өмнө хүмүүс дээлээ бэлдсэн үү, ямар өнгө сонгосон бэ гэх зэргээр нэлээд сонирхож асуудаг л даа. Миний хувьд өмнө өмсч байсан дээлээ л өмссөн.
-Таны ээж улсын арслан бөхийн охин. Хүүгээ улсын цол авахад хамгийн ихээр баярласан болов уу. Хэзээ нь ээжтэйгээ баяраа хуваалцав?
-Наадмын өдөр тавын даваанаас хойш таних танихгүй зөндөө хүн залгасаар байгаад утас маань цэнэггүй болчихсон. Ээж рүү минь бас тэр өдөр маш их хүн залгаж баяр хүргэсэн гэнэ лээ. Наадмын маргааш өглөө хоёулаа чөлөө гарч холбогдсон доо.
-Бас таныг яах аргагүй өөрийнхөө чадлаараа, хөдөлмөрөөрөө цол авлаа гээд хүмүүс их л үнэлж байгаа бололтой?
-Өмнө цөөнгүй жил барилдаж, улсын цолны босгонд тулаад ирчихсэн байсан минь олон түмэнд тодорхой хэмжээний хүлээлт, итгэл төрүүлчихсэн байсан болов уу. Тэр тусмаа дөрвийн даваанд олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Монгол түмний бахархалт хүү, миний ч гэсэн хүндэлж явдаг сайхан бөх Түвшинбаяр аваргыг, тавд энэ цагийн идэр залуу аварга хоёрыг өвдөг шороодуулан улсын цолд хүрсэн болохоор би өөрийгөө бас их хувьтай хүн юм гэж бодож яваа.
-Наадмын оройноос л хүлээн авалтууд эхэлсэн сураг дуулдсан. Мөн ч олон хүн баяр хүргэсэн байх даа?
-Тэгсэн шүү. Наадмын орой хамт бэлтгэлд гарсан начин Амраа ах, нутгийн бөхчүүд, ойр байдаг ах дүү нар, нутгийнхан, найз нөхөд гээд олон хүн миний харъяалагддаг Эфис төвийн ресторанд цугларч баярыг маань хуваалцсан.
-Тэр олон хүний баярласан, талархсан сэтгэлийг мэдрэх сайхан биз?
-Тийм ээ. Тавын даваанд гарахад минь таньдаг, таньдаггүй олон хүн намайг дэмжиж, мэддэг маань мэгзэмээ уншиж, олон ээж цай сүүнийхээ дээжийг өргөсөн тухай сонсох сайхан байлгүй яахав. Тэр олны сайхан сэтгэл, итгэл, дэмээр сайхан цолд хүрсэндээ баяртай байна.
-Уяачдын наадам дээр начин цолныхоо тэмдэгийг зүүж очсон байсан. Ерөнхийдөө зэхчихсэн байж дээ гэж бодогдсон?
-Хүнийхийг зүүчихгүй юу /инээв/. Залаагаа бол харин өглөө нь хийлгэсэн.
-Өмнө нэг хэсэг хугацаанд арслан цолныхоо тэмдгийг зүүхгүй яваад байгаа харагдсан. Тэр ямар учиртай вэ?
-Уг нь шууд л улсын цолны тэмдэг зүүнэ гэж боддог байлаа. Тэгсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүд дотор бараг ганцаараа тэмдэггүй үлдчихээд… Тэгээд л тэмдэгээ зүүсэн дээ.
-Жилийн турш барилдаануудад хэр оролцов?
-Урьд жилүүдийг бодвол арай цөөвтөр оролцсон. Жилийнхээ өнгийг үздэг цагаан сарын барилдаанд гурав давж, Эрхэмбаяр аваргад унасан. Дөрөвхөн аймгийн цолтон гурав давсны нэг нь байсандаа сэтгэл өег байв. Аймаг цэргийн цолтнуудын барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн.
-Цол авч чадахгүй үлдэх юм биш байгаа… гэж бодох, шантрах үе байв уу?
-Тиймэрхүү бодол орж ирсэн үе бий, бий. Гэхдээ бүр шантраад бэлтгэл сургуулиа орхиод байсан зүйл бол байхгүй. Хөдөлмөрлөсөөр байгаад л цолонд хүрлээ гэж бодож байгаа. Түүхт 90 жилийн ойн наадмаар гурвын даваанд намайг алдарт аварга Х.Баянмөнх амлан тунаанаас гаргаж өгсөн. Дундговь аймгийн 70 жилийн ойд улсын начин Ц.Улаанхүү ах маань мөн гурвын даваанд авч тахим буулган зодог тайлж байлаа. Энэ бол намайг сайн барилдаж том цол авна гэж итгэж найдаж байна гэж бодсон. Аймгийнхаа ойн наадамд түрүүлэхэд маань нутгийн ах Наранхүү гишүүн Ланд-200 машинаар байлсан. Мөн Эфис төв болон Инэл компаниас хоёр өөрөө байраар урамшуулсан. Энэ сайхан хүмүүсийн урмыг, итгэлийг хугалахгүй юм шүү гэж хичээсэн.
-Бөхийн спортоор барилдаад яг хэдэн жил болж байна вэ?
-Одоо чинь бараг 14 жил болж байгаа юм уу даа.
-Наадмын дараа шууд л нутаг явсан уу?
-Тэгсэн.
-Нутаг орныхон тань жигтэйхэн баяртай угтаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Манай сумаас Даш маань бас улсын начин цол хүртсэн. Мөн Миярагчаа гавьяат тамирчин болсон. Тэгээд бид гуравт зориулан нутаг орныхон маань сайхан наадам зохион байгуулсан даа. Сумынхаа наадмыг хийгээгүй байсан болохоор хамтатгаад өргөн дэлгэр наадсан.
-Сумынхаа бөхийн түүхэнд хэдэн жилийн дараа цол авсан бөхчүүд болов та хоёр?
-2007 онд Чинзориг начин болсон. Тэгэхээр 8 жилийн дараа юм байна.
-Наадмаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат гээд өвөөгийнхөө нутгийг хамт зарлуулж байв уу даа?
-Тэгсэн. Өвөө минь. Хуучин засаг захиргааны өөрчлөлтөөр Төв аймгийн Дэлгэрхаан сумаар харьяалагдсан юм билээ. Манайх Эрдэнэдалай сумын айл. Би өөрөө Дэлгэрхаан суманд унаж, Эрдэнэдалай суманд өсч торнисон хүн л дээ. Тэгээд л тэр нутгийнхаа нэрийг хамт зарлуулсан. Барилдаж эхлэх үед Дэлгэрхаанаар зарлуулах бас хэцүү. Арслангийн удам гэдгээр Төв аймгийн том цолтой бөхчүүдээс жаахан зөрөөд Дундговиор овоглон барилдсан. Тэгээд энэ жилийн наадамд төрсөн нутгаа давхар дуудуулж цолонд хүрлээ.
-Бөхийн мундаг удамтай гэдгийг тань хүмүүс андахгүй. Бат-Очир арсланг нэлээд хожуу улсад түрүүлсэн гэх яриа бий. Ер нь өвөөгийнхөө талаар сайхан хуучлах уу?
-Өвөө минь 1932 оны улсын их баяр наадамд түрүүлсэн улсын арслан П.Бат-Очир гэж хүн байлаа. Гучин гурван насандаа төрийн наадамд 10 давж түрүүлсэн юм билээ. Өвөө маань лам байсан юм билээ. Тэр цаг үе нь хэлмэгдүүлэлтийн үе байсан болохоор түрүүлснийхээ дараа жил ирж барилдахад нь лам хүн учраас барилдааныг нь будлиулж хохироосон юм билээ. Энэ будлианд маршал оролцсон гэх яриа бий. Үүнээс болоод ид үедээ дахин барилдаж чадаагүй гэдэг. Харин сүүлд 1946 онд урилгаар ирж зодоглосон байдаг. Тэрийг зарим хүмүүс 37-тойдоо, 40 гарсан хойноо түрүүлсэн гэх зэргээр ярих нь бий.
Мөн аав минь Дундговь аймгийн баяр наадамд үзүүрлэж, Төв аймагт түрүүлсэн бөх хүн байсан. Ерөнхийдөө бөхийн гэр бүлд төрж өссөн хүн дээ, би.
-Бөх өвөөтэй, аавтай таныг багад энэ хүү бөх болно л гэдэг байв уу?
-Мэдээж хүмүүс багад минь бөх болно гээд онгироочихсон. Гэвч ар гэр хүн бүл муутай байсан болохоор нэлээд хожуу хотруу орж ирэн бөхөөр хичээллэсэн. Эхний жилүүдэд тодорхой зорилго муутай, ажил төрөл хийгээд цаг хугацаа алдсан тал бий. 2006 оноос л ерөнхийдөө жигдэрч бэлтгэл хийж эхэлсэн дээ.
-Том цолтой бөхийн удам юм чинь би том цол авах ёстой гэж бодогдох уу?
-Бодно оо.
-Аавтайгаа хамт наадамд явдаг байв уу. Барилдааны арга мэх хэр зааж өгөх вэ?
-Аав маань нэг их барилдаан, мэх заагаад байхгүй ч намайг барилдуулах их дуртай байсан.
-Таныг бөх рүү орох үед аав тань барилдахаа больсон байсан уу?
-Тийм. Барилдахаа больсон байсан. Би аавыгаа барилдахыг ер нь цөөхөн харсан л даа.
-Өвөөгийнхөө тухайд олон сайхныг дуулж сонсож байсан байлгүй?
-Тийм ээ. Ерөнхийдөө нутгийн олны дотор манай өвөөгийн тухай олон сайхан хууч, аман яриа байдаг л даа. Мөн цөөвтөр гэрэл зураг бий. Өвөө маань бараг 2 метр шахуу өндөртэй, сайхан бие бялдартай, энгүй хүчтэн байсан гэдэг юм. Нас ахисан хойноо нүүр нь жаахан овортой болохоос бие хаа нь хариагүй, сайхнаараа байсан гэж мэдэх хүмүүс нь хуучилдаг юм. Барилдахаас гадна дуучин, уран дархан, номтой лам байсан гэдэг.Хүч чадлынх нь талаар домог болж яригддаг олон сайхан хууч бий.
-Зарим нэгээс нь сонирхуулвал…?
-Олонд хүрээгүй боловч жин тээж яваад мөрий тавьж тэмээ өргөсөн, худагт унасан бүдүүн үхэр татаж гаргасан гэх зэргээр хууч яриа олон бий. Нэгэн цаг үеийн бяртай, чадалтай, бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн сайхан хүчтэнүүдийн нэг байжээ, өвөө минь.
-Өмсгөл ч юм уу, бөхийн холбогдолтой эд зүйлээс нь хадгалагдаж үлдсэн зүйл байдаг уу?
-Нэг зодог, түрийний боолт зэрэг нь манай ах дүүсийнд хадгалагдаж байгаа.
-Төрсөн газрынхаа онцлог, дүр төрхийн талаар сайхан хууч дэлгэнэ байгаа?
-Манай сум бол Өвөрхангай, Дундговь, Төв гээд гурван аймгийн зах, тал хээр хосолсон сайхан нутаг бий. Өөрийн гэсэн онцлогтой энэ нутагт төрж өссөнөөрөө үргэлж бахархаж явдаг.
-Дуу хууртай, айрагтай нутгийн хүүхэд байна. Дуулах, дэмбээдэхээс гадна айраг мундаг уух уу?
-Дуу хууранд ч маруухан шүү. Харин айрганд дуртай. Гэхдээ одоо урьдных шигээ сайн ууж чадахаа байсан байна лээ.
-Бэлтгэл жигдэрсэн үед айраг уухыг хорьдог тал бий юу?
-Бэлтгэлтэй үед ч нэг их уухгүй. Ер нь айргийг сайхан эсгээд боловсруулаад уух сайхан.
-Та өөрөө гардаж эсгэх үү?
-Аа, ерөнхийдөө оролцоно.
-Гэртээ очихоороо мал ахуйн ажилд хэр оролцох вэ?
-Боломжоороо оролцоно шүү.
-Багадаа хэр их эмнэг догшинтой ноцолддог байв?
-Зөвхөн багадаа гэлгүй одоо ч гэсэн эмнэг догшинтой ноцолдох дуртай. Ер нь эмнэг хангал таарвал халгаад байхгүй бариад л авна шүү.
-За цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Олон жил наадамчин олноо баярлуулж яваарай.
-За баярлалаа. Энэ боломжийг ашиглаад Онцгой байдлын хамт олон, Эфис төвийн захирал Цэцэгсүрэн, Мөнхбат ах, нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Х.Наранхүү болон нутгийн зон олон, багш нартаа, сэтгэлээрээ дэмжиж тусалж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж явдгаа уламжилан эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Танай сонины хамт олонд ч ажлын амжилт хүсье.
Ярилцсан С.Бадамгарав
URL: