ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис танаа
2015-09-14 Сүхбаатар аймаг
Эрдэнэцагаан сум
Мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаярын
хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах тухай
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 онд явагдсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид олонхийн саналаар Д.Нандинцэцэг намайг ИТХ-ын даргаар сонгосон юм.
Намайг сумын ИТХ-ын даргаар сонгогдсоноос эхлэн Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь хууль бусаар сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, хууль зөрчин Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга Д.Нандинцэцэг миний ажлыг булаан авч түүний оронд хууль бусаар ИТХ-ын даргаар Ц.Амгаланбаатарыг томилсон.
Би энэ тухай шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн 3 шатны шүүх хянан үзэж намайг үндэслэлгүйгээр хууль зөрчин халсаныг болон Ц.Амгаланбаатарыг хууль бусаар томилсон шийдвэрийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаснаар би ажлаа авсан.
Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар тогтоолоор намайг ажлаасаа үндэслэлгүй халагдсаныг тогтоосон эцсийн шийдвэр гарсан учир 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өмнө эрхэлж байсан ажил болох Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээн авч ажилдаа орсон.
Ийнхүү шүүхийн эцсийн шийдвэрээр ажлаа хүлээн аваад ажиллаж байтал 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн Цагдаагийн албаны машинаар мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Дамдинсүрэнгийн Сэргэлэнбаяр, У.Болдхүү /аймгийн хууль зүйн хэлтсийн дарга/, Ц.Амгаланбаатар /хууль бусаар ИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан/ нар миний ажлыг дахин хууль зөрчин хүчээр булааж авах зорилго, төлөвлөгөөний дагуу суманд ирсэн.
Маргааш нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр ИТХ-ын даргын өрөөнд орж ирэн “ИТХ-ын тамгыг шинжилгээний албанд хүргүүлж, ажиллагаа хийлгэнэ” хэмээн худлаа ярьж тамга хурааж авсан.
Хошууч Д.Сэргэлэнбаяр нь тамга тэмдэг хурааж авах, шинжилгээнд явуулах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр, тогтоол, бичиг баримт үзүүлээгүйн дээр тамгыг ямар үндэслэлээр шинжилгээнд явуулах болсон тухайгаа хэлж, танилцуулаагүй тамга хураан авч, тамга хураасан ямар нэгэн тэмдэглэл хөтлөөгүй билээ.
Ийнхүү Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр цагдаагийн албаны нэр хүнд, албан тушаал, цолоо ашиглан сүрдүүлж худал хэлэн, хууль бусаар тамга тэмдэг хурааж авсан.
Хошууч Д.Сэргэлэнбаярыг гарснаас хойш 2 цагийн дараа үгсэн тохиролцсоноор У.Болдхүү, Ц.Амгаланбаатар, Р.Саранцэцэг /Эрдэнэцагаан сумын Ардчилсан намын дэд дарга/, Э.Жаргалбаяр /Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч/, н.Мөнхбат /Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч/ нарын нэр бүхий 5 хүн миний албан өрөөнд сумын цагдаагийн тасгийн албан хаагчдын хамт орж ирэн ИТХ-ын даргын сейфыг өөрсдийн авчирсан түлхүүрээр онгойлгон дотор нь байсан хурлын болон бусад бүхий л материалыг авч, мөн өрөөний цоожийг эвдэлж оронд нь шинэ цоож суулган сумын ИТХ-ын даргын ажлыг хууль бусаар цагдаагийн алба хаагчдаар сүрдүүлэн булааж авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдсэн. /Хууль зүйн ямар ч үндэслэл, шийдвэргүйгээр/
Сейфний түлхүүрийг Ц.Амгаланбаатар надад ажлаа хүлээлгэн өгөхдөө нууцаар хувилан өөртөө үлдээсэн байдаг.
Аймгийн хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү энэ үеэр намайг элдэв үгээр харааж, заналхийлж байсанд би гомдолтой байгаа ба магадгүй энэ зохион байгуулалттай, улайрсан үйлдлийн улмаас амь нас, эрүүл мэнд минь хохирох гэдэгт санаа зовних боллоо.
Мөн дээрхи нэр бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй гэмт үйлдэл ИТХ-ын даргын өрөөнд явагдаж байхад Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр цагдаагийн албаны машинаар сумын захиргааны байрыг тойрч гадна хяналт тавьж, сумын цагдаагийн тасгийн цагдаагийн албан хаагчдаар сумын захиргааны хаалгыг хамгаалалтад авахуулж хүн нэвтрүүлэхгүй байлган, тэдний гэмт үйлдлийг дэмжиж байсан нь “цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах” үндсэн чиг үүргээ умартаж тухайн гэмт үйлдлийг хийхэд дэмжиж оролцсоныг нотолдог.
Иймд Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаярын цагдаагийн албаны машинаар У.Болдхүү, Ц.Амгаланбаатар нарыг тус суманд авчирсан, ИТХ-ын тамгыг хууль бусаар худал хэлэн хурааж авсан, тухайн гэмт үйлдэл сумын ИТХ-ын даргын өрөөнд явагдаж байхад яагаад гадна хяналт тавьж, цагдаагийн хамгаалалтанд авсаныг тогтоох буюу энэ гэмт үйлдлийг дэмжиж, хамтран оролцсон байдлыг тогтоох, Мөрдөн байцаагч Цагдаагийн хошуучийн хувьд харъяалан оролцох хэрэг мөн эсэх зэрэг 4 зөрчлийн асуудлыг зохих хууль журмын хүрээнд бүрэлдэхүүнтэй дотоод хяналт шалгалт хийж тогтоон, хариуцлага тооцож өгөхийг хүсье.
Үүний өмнө 2013 онд мөн сумын ИТХ-ын дарга миний ажлыг хууль бусаар авахад төрийн Цагдаагийн нэрийг барьж ийм хууль бус ажиллагаа явуулахад хамсан оролцсон тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга Цагдаагийн хошууч Б.Ганхуягт холбогдох гомдлыг би Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдын нэр хүргүүлж байсны дагуу ЦЕГ-аас ажлын хэсэг очиж шалган түүний ажлын байрыг сольж байсан.
Гэтэл энэ байдал зогсох битгий хэл улам зохион байгуулалтанд орон гаарч, илт түрэмгийлсэн шинжтэй болж, үүнд Цагдаагийн офицер хүн идэвхийлэн оролцож, сумын цагдаагийн тасгийн хүчийг ашиглаж байгаад би маш их гомдолтой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Нутгийн өрөө удирдах байгууллагын үйл ажилагааны зарчмыг тунхагласан ба үүнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд тодорхой дэлгэрүүлж хуульчилсан байдаг.
ИТХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах процессд төрийн цагдаа оролцох ямарч хууль зүйн үндэслэл байдаггүй.
Үүнийг зүйрлэвэл Нийслэлийн ИТХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудалд цагдаагийн албан хаагч оролцож, дээрэлхэн тамга тэмдгийг нь хүчээр булаан авч байгаатай адил билээ.
Хэрэв Нийслэлд дээрх шиг балмад гэмт үйлдэл гарвал хэн хүнгүй жигшин зэвүүцэх нь лавтай гэж би бодож байна.
Тиймээс Цагдагийн албан хагчийн өргөсөн тангараг, ёс зүй, холбогдох хуулийг зөрчин орон нутгийн улс төрчдийн халаасанд багтаж, шударгаар ажиллаж байгаа мянга, мянган цагдаагийн албан хаагчдын нэр төрийг гутааж байгаа Цагдаагийн хошууч, мөрдөн байгцаагч Дамдинсүрэнгийн Сэргэлэнбаярын дээрх хууль бус үйлдлийг Цагдаагийн Ерөнхий газраас ажлын хэсэг гарган шалгуулж өгөхийг Таниас хичээнгүйлэн дахин хүсье.
Би өөрөө хоёр хүүхдийн эх, багш мэргэжилтэй жирийн эмэгтэй.
Энэ хооронд миний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирвал Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр, Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү нар хариуцах болохыг мэдэгдэж байна.
Энэ тухай гомдлыг би Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар мөн гаргах болно.
Гомдол гаргасан:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга Д.Нандинцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Та нар наад албан тушаалын төлөөх “жонхуу”-гаа өөрсдөө шийдээч! Төрийн албан хаагчдыг хөлдөө чирээд. Хүний ажил ч хийлгэхгүй ийш тийш баримтгүй өргөдөл, гомдол, матаас чулуудаад…