Эрхэм гишүүдийн эрүүгийн хэргийг эргэн сөхөе

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж хэрэг нь өршөөгдсөн болон  хэрэгсэхгүй болсон эрхэм гишүүдийн хэргийг эргэн нэхье.

Л.Гүндалай гэм буруугийн эсрэг маргахгүй

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан АТГ-аас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар  мөрдөн байцаалт явуулж байсан билээ. Тус хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газар өнгөрөгч 2010 оны гуравдугаар сард 4/5, 2/14 тоот тогтоолоор түтгэлзүүлсэн тухай  мэдээлэл тухайн үедээ цацагдаж байсан юм. Гэвч тэрбээр   Улсын Ерөнхий прокурорт хандан  “Гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү “ гэсэн хүсэлт тавьсан байсан.  Энэхүү хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокуророос  өнгөрөгч 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан тоот хүргүүлж хэргийг сэргээн шалгаж өөрийх нь хүсэлтээр албан тушаалын хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Түүний холбогдсон хэргийг нэхэн сануулбал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаж шалгуулсан. Түүнчлэн  Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр  хэрэгт ч шалгуулж байв. Харин төрийн өмчийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үйлдлийг нь бүрэн эрхийг дуустал түдгэлзүүлсэн аж. Тэгэхээр  ирэх онд эрхэм гишүүний УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноор  хэргийг сэргээн шалгаж эхэлнэ.

Х.Наранхүү  өршөөгдөнө

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Түүний гэм буруутай нь хяналтын шатанд тогтоогдсон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм байна. Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүү төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм.
Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. АТГ-ын албаны хүнээс  тухайн үед энэ талаар тодруулахад “УИХ-ын гишүүн Х.Наранхүүг шалгаж байгаа нь үнэн. Түүнийг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр сэжигтнээр татагдсан нь үнэн. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ч хамтдаа шалгагдаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Ш.Сайхансамбуу авлига өгснөө хүлээн зөвшөөрсөн ч хуулийн байгууллагынхан нотлоогүй

Нэгэн хэсэг сонин хэвлэлээр шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон юм. Албаны эх сурвалжийн өгч буй  мэдээллээр “УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу бусдад авлига өгсөн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэх тайлбар хийсэн билээ.
Түүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2 дахь хэсэгт зааснаар “ Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгөхийг завдсан” гэсэн үндэслэлээр хэрэгт татан шалгасан юм. Тэрбээр  нэгэн өдөр тутмын сонинд “Авлига өгсөн улстөрчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна” гэх утга бүхий ярилцлагыг өгсөн нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүргэсэн юм. Өмнө нь эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу энэ тухай ярихдаа  “Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг. Тийм болохоор л би өөрийгөө авлигачдын дунд сууж байна гэж ярьсан. Түүнээс биш авлига өгч, авсан юм байхгүй” гэж мэлзсэн.  Юутай ч сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн эрхэм гишүүний үйлдлийг хуулийн байгууллагынхан нотлож чадаагүй.

Д.Дондог эрүүгийн цагдаагийнхантай нийлж газар наймаалсан уу

УИХ-ын гишүүн Д.Дондогийн газрын наймаатай холбоотой хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  шалгаж байгаа.  Тус алба нь зөвхөн хуульч, прокурор, цагдаагийн ажилтантай холбоотой гомдол мэдээлэл, гэмт хэргийг шалгах үүрэгтэй байгууллага мөртлөө яагаад  УИХ-ын гишүүнийг шалгах болов гэсэн асуултыг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар болон нийслэлийн Прокурорын газрын холбогдох албан тушаалтнуудаас  өнөөдөр асуусан боловч тоймтой хариулт өгөх хүн байсангүй.
Харин зарим нэг хүний хэлэхээр эрхэм гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны  хэрэгт  Эрүүгийн цагдаагийн газрын хоёр ч офицер холбогдон  хамтдаа шалгуулж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн  гэж зарим хүмүүс үзэж байгаа.
Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас  түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад  гурван удаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм.
УЕПГ-аас илгээсэн гурав дахь удаагийн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг тул байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн энэхүү заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын их хуралд албан бичиг хүргүүллээ” гэж ээ.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих